Хоёр хээр

2heer

Манайх голдуу хүрэн зээрд зүсмийн адуутай байв. Ганц хөгшин хар морийг эс тооцвол бараг л бараан адуугүй. Зээрд азаргатай, сартай болон халзан, шийр цагаан, цагаан өсгийтэй гэх мэт хүрэн, хондон, цавидар гүүнүүдтэй болохоор унага даага, үрээ байдсын зүс нэгэн хэвийн. Басхүү ах дүүсийн алаг, шарга хэдэн бүгээн морь бий.

Ерээд оны эхээр манайх хоорондоо том багын л ялгаатай болохоос зүсний хувьд ихэр юм шиг адил хоёр хар хээр морьтой болов. Нас нь ч чацуу, хоёулаа хавчиг соёолон. Томыг нь Баянцагааны урд бэлээр нутагладаг Равжирын Бэхбат гэдэг хүнээс хуучин цагийн уран хийцтэй мөнгөн хазаараар сольж авсан юм. Харин багыг нь Тариатын араар нутагтай аавын маань бага дүү Нанжаа эгч бэлэглэсэн түүхтэй. Энэ цагаас эхлэн манай адуунаа хоорондоо жигтэйхэн адил хоёр хар хээр морь өнгө нэмэн гялтганах болсон билээ. Сүрэгтээ дасаагүй хоёр хээр маань их л амь нэгтэй, хоёулхнаа адуу захлан явна. Гэхдээ учиргүй тасраад гүйчихгүй. Айл саахалтынхан ч манай адуунд бүл нэмсэн хоёр хээрийг андахаа болив. “Өнгөлөг сайхан хүлгүүд байна даа. Уяж үзээч…” гэлцэнэ. Хоёр хээр тийм ч хурдан хурц морьд биш л дээ. Жирийн л сайхан унаа юм.

Том хээр нь угийн яс томтой болохоор дэгэн дэгэн гэсэн нэлээд хатуу явдалтай. Эвийг нь олвол дажгүй хатирчихна. Занг нь мэдэхгүй хүн унавал баруун гар даялах төдийд зөв тийшээ огцом булжаад годройтуулчихдаг муу зантай. Унаган махтай, унаар сайн даадаг адууны хүү байлаа. Нуруу л жаахан муу байсан. Урьд нь олиггүй эмээл тохож байгаад өндөр сэрвээнийх нь арыг тун эвгүй болгочихсон юм билээ. Эдэлж байхад номхон хэрнээ адуунд тавиад овоо хэд хоног амраачихвал их сээрэгнэнэ. Баригдахгүй дайрч гарна, барьсны дараа нэг хэсэгтээ л хамар нь тачигнаад сүйд болно. Амархан гундахгүй ч амархан сэргэдэг сэргэлэн морь. Бага хээр бол эсрэгээрээ. Жигтэйхэн зөөлөн явдалтай. Задгай хар алаатай. Бас сайхан хатирчихна. Элдэв муу зангүй номхоноос номхон амьтан. Ширүүн унавал амархан балбачих гээд байдаг, ул муутай. Элс, дэрстэй нам дор газрын унага болоод ч тэр үү гахай нь гүн биш, нэлээд балбагар ултай болохоор хад чулуунд явахдаа тааруухан байсан.

Манайх Цагаан голын амандаа өвөлжиж, хавар нь гол өгсөөд хөндийн дунд хэрд байх Хадат уулзвар дээр буудаг. Зун бол уулынхаа бүр зоон дээр гарчихна. Алтайн нурууны төгсгөл, Говь-Алтайн нурууны эхлэл болсон сүрлэг их уул Баянцагаан хайрханы өврийн хад бартаа ихтэй олон салаа хөндийн нэг нь өгөөж арвин Цагаан гол юм. Зуны цагт үрээ даагаа сургаж, ноцолдсоор морьдоо бараг унахгүй. Харин намар нэлээд аажуу хоёр хээрийгээ бариад авна даа. Том хээр хад асганд ямаа шиг л явна. Цагаан голын хойд, урд энгэрийн эгц огцом асга руу чигээрээ гулгаад л буучихдаг байж билээ. Хэдэн сарлагийн үнээ, тугал хаа хамаагүй хадан дундуур гүйж нийлчих гээд амар заяа үзүүлэхгүй. Тэднийг ганц журманд нь оруулдаг унаа том хээр маань. Одоо бодоход, бид томоожиж гүйцээгүй ойворгон банди нар байсан болохоор унаа малаа хайрлаж, газрын цагаанаар явахыг ч хичээдэггүй байж. Уг нь томчууд энэ тухай улиг болтол захиж, загнадаг байсан нь тодорхой.

Өвөр хаданд урт сайхан намар болно. Уулаад явахдаа том хээр, тал бэлээр бол бага хээрийгээ унана. Хонины бэлчээрт тарвага туулай эргүүлж, хавх сааль зүүнэ. Саахалтын банди нартай дарвиж унаагаа эцтэл уралдана. Гэхдээ хөдөөний хүүхдүүд ажлаа алдахгүй. Өвлийн түлшээ халуун намраар л бэлдэх ёстойг мартахгүй. Ах бид хоёр нар жаргахын алдад хоёр хээр мориндоо дөрөв дөрвөн том шуудай аргал тохчихоод додигор харьдаг байлаа. Унаж эдлэх өөр морьд байдаг ч арай илүү унаар даадаг болохоор хоёр хээрийгээ л намрын хамаг ажлын ард гартал унадагсан. Тэгээд анхны цас унах үеэр адуунд тавиад хавар болтол гар хүрэхгүй.

Өвөл нь унаа малын хэрэг бараг гардаггүй байв. Цас их орлоо ч Цагаан голын хөндийн өтгөн сахлаг өвс дарагдана, барагдана гэж үгүй. Нэг сайхан налаг энгэрт сүргээ тогтоож орхиод өдөржин цасан дээр гулгана. Барааг нь л харж байвал хонио хариулаад байх шаардлагагүй. Тиймээс бид өвөл морь огт унадаггүй байлаа. Харин хавар болж, мал төллөх их ажлын үеэр хоёр хээр л аминд орно. Чөдөрт хол явахгүй, барагтай бол унааршиж зүс алддаггүй болохоор өнөө хоёрыгоо л бариад авна. Ер нь энэ хоёр морь л манай хамгийн хүнд хүчир ажлыг нугалдаг гол унаа байсан. Ид ажлын үеэр унаар үзээгүй бага залуу морь унахаар пянг нь даахгүй хэрнээ чөдөр ногтоо тасдаж, элдэв ааш гаргаад төвөг болно.

Хоёр хээр маань их буянтай мал. Нэгэн намар уулын хярд оторлож байсан сувай малаа хужирлахаар Овооны гол руу буулаа. Ах бид хоёр мөн л хоёр хээртэйгээ явж байсан юм. Айлууд уулын хяраас бууж эхлээгүй байсан болохоор бэл дор газар хүн малын бараагүй нам жим байна. Гэтэл Овооны голын эхэнд нэлээд хөгшин туранхай зээрд морь шаварт шигдээд далд орохоо шахаж. Өөрийн тамир хүрэхгүй, өргөөд гаргах хүн олдохгүй үйлээ үзэж байсан хөөрхий адгуусыг бид хоёр шавраас сугалах гэж бөөн юм боллоо. Нэгэнт өөрсдөө дийлэхгүй болохоор хамаг л жолоо цулбуураа залган цээжээр нь оосорлож байгаад хоёр хээрээрээ зүтгүүлтэл ядах юмгүй суга татаад гаргав. Үрээ даагахан унаж явсан бол дийлэхгүй нь тодорхой. Энэ мэтээр ядарч зовсон амьтанд буянаа хайрласан нь бишгүй олон.

Ерэн оны дундуур манайх нэлээд хол нүүлээ. Хуцын ард шинэ нутагт буутал бод мал тогтохгүй байнга эрэл сурал болж, заримдаа явгарах шахна. Энэ үед мөнөөхөн хоёр хээр л хөл залгуулж байв. Гэтэл нэг өдөр том хээр манай унаган морь болох сартай хүрэн үрээтэй хамт ор сураггүй алга болчихдог юм байна. Манайд ирснээсээ хойш хоёр гурван жил гүйгээгүй юмсан, нутаг сэлгэх далимаар л явчих шиг боллоо гэж бодов. Хуучин эзэнд нь хэл дуулгаж сураг чагнасан ч чимээ гарсангүй. Хол ойрын хүнээс асуусаар л байлаа. Манай нутагт малын хулгай гардаггүй амар тайван байдаг болохоор хэн нэгний буруу гараар оров уу гэж хардах үндэс байсангүй. Тэгээд ч хатах хавраар хүний чөдрийн мориор тогоо тослохгүй нь лавтай. Хүн бүл муутай байсан болохоор алдсан хоёр мориныхоо араас дорвитой хол явж, тухтай хайж чадахгүй л байлаа. Энэ хооронд адууны бараа ч харагдахаа больж, өдөр өдрөөр сураг нь холдсоор. Ганц бага хээрээрээ л хамаг ажлаа амжуулна.

Ингээд бараг сар гаруйн дараа сумын төвд хуучин нутгийн залуутай таартал нэлээд нааштай хэрнээ бүрхэгдүү мэдээ дуулгав. “Том биетэй хар хээр морь, толин сартай хүрэн үрээ хоёр дээд уулын хярд байх нь байсан шүү. Танай морьд биш ч байж магад…” гэлээ. Тамга тэмдгийг нь ойртож хараагүй гэнэ. Уг нь Хуягаа маань худлаа ярьдаггүй, малд гярхай сайн залуу л даа. Гэхдээ тоглоод ч байгаа юм шиг нэг л сонин яриад болдоггүй. Тэгснээ өнөөх чинь өөдөөс хэсэг жуумалзаж байснаа “За хө, чи шууд хяр өөд яв. Өвөр шалбаагтын шандан дээр өчигдөрхөн зогсож байсан. Тэр сартай хүрэн үрээг бол мэдэхгүй. Дурандахад их л том сартай юм билээ. Харин хээр морь нь том хээрээс гарцаагүй. Танайхыг Цагаан голд байхад хээр морийг чинь би зөндөө харж байсан. Сая би холоос харсан ч андуурна гэж байхгүй” гэдэг байна шүү. Баярласан гэж жигтэйхэн. Шөнөдөө давхиж хариад, маргааш нь нар битүү хуучин нутгаа зорилоо. Бага хээр нэлээд унааршсан тул айлынхаа морийг гуйж унаад явлаа.

Замдаа айл амьтнаар орсон ч үгүй шулуухан явсаар Цагаан голын аманд ирж хуучин бууцаа эргэчихээд урд хамар даган хяр өөд зүтгэв. Энэ жил ган болоод ногоо цагаа олигтой гараагүй тул адуу мал урьдын адил аргал хоргол шиг байдгаа больж. Ер нь мал байтугай тарвага туулай ч үзэгдэх янзгүй. Айлуудын эзгүй зуслан дээр шаваатай аргалаас өөр барайж торойх юмгүй нэг л эл хуль оргино. Нар баруунаа таших үед Цагаан голын эхэн дэх Алаг-Өндөр дээр гарч ирэв. Эндээс ойр хавийн олон салаа голын хөндий нэлээд сайн харагдана. Гэвч эрж яваа хоёр морь маань байтугай өөр мал ч үзэгдсэнгүй. Зоо даган урагшласаар нар жаргахын өмнөхөн Өлзийтийн эх рүү өнгийвөл тээр доор харагдах хадан хошууны цаагуур нэг бараан адуу явж орох нь хальт үзэгдэв. Эргэлзсэнгүй. Шулуухан давхиад очтол хоёр морь минь дүрээрээ зогсож байх нь тэр. Бусад газар мал дөнгөж ногоонд цадаж байсан ч манай хоёр бүр үсээ хаячихсан дажгүй тэнхлүүн байна. Оройтсон тул зам товчилж, Өлзийтийн урд хамар даган Залантын замаар буулаа. Хацрын бууцан дээр ирж хоёр морио барьж аваад том хээрийгээ эмээллэж унав. Унаж явсан ахын бор хээр морь хөтлөхөд урамтай явдаг болохоор хүзүүнээс нь хүрэн үрээгээ уяад хөдөллөө. Шөнө нэлээд аажуу гэртээ хүрсэн.

Ингэж л адуу гээч амьтан зөвхөн унасан газар руугаа бус, хэдхэн жил идээшсэн хийгээд огт өөр нутаг руу ч гүйдэг болохыг мэдэж авсан юм. Хэдийгээр сартай хүрэн үрээ Цагаан голын унага боловч бүдүүн морь дагуулаад гүйнэ гэж баймгүй. Гүйлээ гэхэд хээр морь л өөрийн нутаг Жаргалант руу явах ёстой гэж бодож байлаа. Хуучин эзэн нь том хээрийг хүнээс аваагүй, унаган морь болохыг хэлсэн. Гэвч сүүлд бүх учир тайлагдсан юм. Том хээр угаас хаашаа ч хамаагүй явчихдаг сонин зуйгуул зантай нь мэдэгдэв. Дараа нь бас нэг алдахад бүр эсрэг зүгт залгаа сумын айлын адуунд явж байхад нь олж ирсэн билээ.

Ерээд оны сүүлээр манайх дахиад л нүүлээ. Олон жил дараалан ган, зуд болж мал тогтох идэштэй газар ховордсон болохоор айл болгон ийш тийш нүүж байв. Манай шинэ нутаг Таван худагийн тал. Ёстой адууны орон. Манай худ аймгийн алдарт уяач Го.Даариймаа гуайн нутаг. Энд манай сумын хурдан адууны гол цөм бий. Тэдний уяанаас наадамд ирсэн хүлгүүд бараг бүх насанд айраг, түрүү авдаг байсан сан. Энд ирээд адуу ч сайхан тогтож, овоо өсөх маягтай боллоо. Хоёр хээрийн нуруу ч тэнийв. Бусад адуутайгаа ноцолдоод хоёр хээртээ бараг бүтэн жил гар хүрээгүй дээ. Хүнд үед хамаг ачааг үүрсэн болохоор хангалттай хугацааны “ээлжийн амралт” олгож байгаа нь тэр. Зун нь том хээрийг бүр хатирт тойруулах юм болов. Сүйдтэй уясан ч үгүй. Хэд хоног жаахан хөлс гаргаж байгаад наадмаар тойруулгад мордлоо. Эхний хэдэн тойрогт мундаг мундаг морьдтой эн зэрэгцэж байна. Харин сүүл рүүгээ би өөрөө олигтойхон сууж, амыг нь тааруулж чадахгүй явдал алдуулаад байсан болохоор тэгсхийгээд буусан юмдаг.

Бага хээр эгчийн инжинд явж, олон адуутай айлын морь болсон болохоор бараг л дархлагдав. Оноо суутал таргалаад хэр баргийн хүнд дийлдэхгүй омголон амьтан болж өөрчлөгджээ. Би ч том хээрийгээ хайрлаад унахаа байсан болохоор Таван худагийн айлуудын 300-аад адуунаас хамгийн их тарга хүчтэй нь хоёр хээр л байлаа. Хэн ч хаанаас ч хараад чөдрийн морьд гэж хэлэхээргүй өнгө зүс нь сэргэсэн шүү.

Гэтэл хүн малын энэ жаргалтай тэнүүн амьдрал удаан үргэлжилсэнгүй. Ган гачиг, зуд турхан сум гэлтгүй аймгийн хэмжээнд нүүрлэж эхлэх нь тэр. Хөдөө мал маллах амаргүй болсныг ухаарсан аав маань эртнээс малаа цөөлж, хот орон бараадахыг бодож байж. Тэгээд ч ах эгч нар бүгд оюутан болсон тул манайх хот шилжих нь гарцаагүй болсон юм. Ингээд айлын отгон хүү би цөөн хэдэн малтайгаа хүргэн ахынд ганцаараа үлдлээ. 2000 оны эхээр манай нутагт жинхэнэ гамшиг гэгч болов. Өвөл анхны цас орох үеэр л уулын сарлаг бүгд тал руу цуван бууж, гэнэтийн сонин үзэгдэл гарах болсонд хүмүүс “Газар хөдлөх гээд байна уу” гэх мэт таамаг дэвшүүлэн гайхаж байлаа. Гэтэл урьд өмнө хэзээ ч үзээгүй хахир өвөл, хатуу хавар болж, ихэнх айлын хот харлах нь тэр. Ер нь сүүлийн жилүүдэд өвөл харын зуд, зун хатанга хуурай байх болсон. Энэ жилээс цаг бүр хатуу боллоо.

Тэр хаваржин газар тэнгэр нийлсэн улаан шороогоор нүдэж, баргийн айл урт хөлтэй малаа торгоож дийлээгүй. Хэдэн богоо л чүү ай авч үлдсэн юм. Алдарт уяач худынх маань олон эрэгтэй хүүхэдтэй бүлтэй айл байсан ч адуугаа бараг бүгдийг нь алдсан. Саяхан л Таван худагийн талаар дүүрэн багширч байсан олон зуун адуунаас гарын таван хуруунд багтах морь үлдсэн гээд бод доо. Манай 20-иод адуу ч сураггүй алга болсон. Хатуу өвөл, хэцүү хаврыг бишгүй үзэж байсан ч бүх нийтээрээ ийм их хохирол амсаж байсангүй хэмээн их багагүй халаглацгаана. Диваажинтай зүйрлэж болох хөдөөний сайхан амьдрал, өгөөж хишгээ үргэлж хайрласаар ирсэн өгөөмөр тэнүүн нутаг минь ийм богинохон хугацаанд тэр чигээрээ өөрчлөгдөж, ургамал ногоо ховордон зэвхий даагаад ирэхэд хүн бүрийн сэтгэл шимширч байлаа. Олон аймаг сумаас шуурганд уруудсан 2-3 мянган адуу урд хилд тулчихаад байсныг мөнгө чадалтай, сувдаг шунахай этгээдүүд дураараа нядлаад хот руу ачиж байсан тухай яриа сүүлд дуулдсан.

Цаг улам хатуу болоход хоёр хээр маань аргагүй л яс зааж үлдсэн юм. Дахиад л хоёр хээрийн нуруун дээр бүх ачаа ирэв. Байгалийн хатуу араншинд сөгдөж, ядарч зүдэрч явахад хоёр хээр минь л үүрэг хүлээсэн цэрэг шиг зүтгэсэн дээ, хөөрхийс. Үлдсэн цөөн малаа барчихалгүй онд оруулахын тулд урьд урьдынхаас илүү их анхаарал хандуулж, цаг үргэлж хариуцлагатай байх хэрэгтэй. Өдөр болгон л нүүр нүдгүй шороон шуурга тавина. Мотоцикль гэх мэт техник сум суурин зэрэг хол газар явахад л нэмэр болохоос хаврын тамир муутай мал маллахад унааны үүрэг гүйцэтгэхгүй. Зөвхөн хоёр хээр л шуурга сөрсөн билээ. Ингэж байтал нэг шөнө бага хээрийг чөдөртэй нь алдав. Хэчнээн хоног хайгаад олоогүй. Ямар ч ул мөргүй алга болчихсон юм. Бага хээрийг алга болсноос сар орчмын дараа нойтон цас нэвсийтэл орлоо. Гэтэл гай таарч тэр шөнө нь том хээр маань чөдөртэйгээ өндөр ганга руу хальтирч ойчоод нүд аньсан байв. Буянт малаа барж сэтгэл сэмэрсэн ийм хүнд үед муухан хүнээс ч илүү итгэл дааж, ижил дасал болсон хоёр сайхан морио хоёуланг нь алдах ямар хэцүү байсан гээч. Одоо ч хоёр хээрийгээ бодохоор өөрийгөө эрхгүй дотор огшиж, хоолой зангираад ирдэг юм. Хэзээ хойно цаг наашилж, цас ханзарсны дараа урд зүгт нэлээд хол нэгэн эрэгний ёроолд хэвтээгээрээ цас шороонд дарагдсан бага хээрийн сэг олдсон. Хөөрхий минь шөнө нь шуурганд уруудаад эрэгний ёроолд нөмөрлөн хэвтэж байгаад амьдаараа шороонд дарагдсан нь тэр. Манайх гэдэг айл нэг л намар хоёр сайхан хээр морьтой болсон шигээ нэг л хавар ингээд хоёуланг нь харамсалтайгаар алдав. Зуны дэлгэр наадамд олон хүлгийн түрүүнд магнайлан хурдалж яваагүй ч зудтай хатуу цагт эзнийхээ төлөө эцсээ хүртэл зүтгэсэн буянтай хоёр морь минь одоо зүүдэнд л үүрсэн янцгаана.

2013 он.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.

нэг хариулт

  • Тэмүүжин[45.33.121.145]2018.01.14

    Гоё дурсамж бичжээ.