ЭЗЭНГҮЙ ТУУЛ – Цуврал 1

Гэрэл зургийг www.control.mn

Гэрэл зургийг www.control.mn

Зун цаг айлчлаад байж суух аргагүй халж эхэллээ. Амралтын нэгэн өдөр Нямдорж гэр бүлээрээ Туул гол руу очиж сэрүүцэхээр явав. Голын эргээр майхан сав ярайх бөгөөд хоол хош бэлтгэсэн хүмүүс, тоглож наадах хүүхэд залуус хаа сайгүй хөлхөлдөх аж. Машин тэрэг дуртай газраараа сүлжилдэн, зарим нь голын гүехэн хэсгийг туулан давхина. Эрэг дагуу нарийн шороо босч, зүлэг ногоо нь талхлагд улаан шороо эргэлдэх ажээ. Тэд эрэг дагуу зогсчихмоор эвтэйхэн газар хайж  Баянзүрхийн товчооноос Маршалын гүүр хүртэл нэгжлээ. Хаа ч очсон байдал яг л ийм аж.

Өмнө нь энд хүмүүс олноороо ирдэг ч өнөөдрийнх шиг ингэж зах замбараагүй байсан нь үгүй. Ядаж л машинаа голоос зайдуу тавьдаг байсан сан. Гэтэл одоо бол амарч зугаалах тайван газар бус аюул гамшиг нүүрлэсэн мэт ундуй сундуй харагдана. Эзэнгүй айл шиг болсон Туул гол, хариулгагүй мал шиг “бэлчих” энэ олон хүмүүсийн хөдөлгөөн нэг л ёозгүй. Тиймээс хайран сайхан байгаль эхээ хээв нэг сүйтгэж байгаа хүмүүсийн тоог нэгээр ч гэсэн нэмэхгүйн тулд энэ удаа голын эрэгт ойртолгүй буцсан талаараа Нямдорж ярьсан юм.

Үнэхээр Туул гол минь хариуцах эзэнгүй, хамгаалах хүнгүй болжээ.

Уг нь засаг захиргаанаас гол усаа хамгаалах дүрэм журам хангалттай гаргажээ. Жишээ нь, 2012 онд Монгол улсын засгийн газраас 203 дугаар тогтоол батлан, “Хатан Туул хөтөлбөр”-ийг  2012-16 , 2017-20 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ гэж амласан. Мөн төр захиргааны олон байгууллага хамтарч хэрэгжүүлэх үүрэг хүлээжээ.

Энэ хөтөлбөр зорилгоо биелүүлсэн бол Туул голын усны нөөцийг хамгаалаад зогсохгүй нэмэгдүүлсэн, бохирдлыг бууруулсан байх ёстой. Гэтэл байдал эрс эсрэгээрээ л байна.

Гуч шахам заалт бүхий дээрх баримт бичгийг бүхэлд нь ярина гэвэл дуусахааргүй урт жагсаалт болно. Тиймээс дараах ганцхан заалтыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд биелүүлсэн эсэхийг харцгаая.

Дээрх хөтөлбөрийн 4.2.1-т зааснаар “Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, Туул гол болон түүний цутгал голуудын онцгой, энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, бүсийн дэглэм мөрдүүлэх” учиртай.

Дэглэм мөрдүүлнэ гэдэг нь голын эрэг дагуу хамгаалалтын бүс тогтоож, энд машин тэргээр дураараа хөлхөлдөх нь бүү хэл, хог хаях, хаягдлын цэг байршуулж ч болохгүй.

Гэтэл газар дээрээ гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Үүнийг хүн бүр өдөр болгон л харж байгаа. Ялангуяа, нийтийг хамарсан баяр ёслолын үеэр ямар байдалтай болдог билээ дээ.

tuul2

Туулын эрэг 2016.06.01 Гэрэл зургийг www.control.mn.

Харин Туулын эргээр жилийн турш хэчнээн автомашин зугаалж байгааг харъя.

tuul3

Албан бус мэдээгээр Туул голын эрэг дагуу зөвхөн Улаанбаатар хот орчимд л гэхэд долоо хоногт хамгийн багадаа 2400, сард 5200, улиралд 15 мянган автомашин зориулалтын бус орц гарцаар орж, байгаль талхалдаг гэсэн тоо байна.

Тэгвэл зөвхөн нэг автомашинаас байгальд хэдий хэмжээний бохирдуулах бодис гардгийг доорх зургаас харна уу.

tuul4

Энэ олон төрлийн хорт бодисын хэмжээг дээрх автомашины тоонд дүйцүүлээд бодохоор Туул голыг үйлдвэрүүд бус иргэд өөрсдөө төдий хэмжээгээр бохирдуулдаг гэсэн үг. Харамсалтай нь, өнөөдөр автомашины талхлалтын нөлөөг нарийн тооцож гаргасан судалгаа алга. Үүнийг тооцвол хүмүүсийн байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөө бүр тод томруун харагдана.

Байдал ийм байхад төр засаг юу хийж байна вэ?

Дээрх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй БОНХАЖЯ-ы Монгол орны усны сав газрын дарга Х.Түвшинбаяраас асуухад “Манай яамны зүгээс Туул голын сав газрын захиргаанд чиг үүрэг өгч, бодлогоор зохицуулж байгаа” гэсэн ерөнхий хариулт өгч байна.

Яг юуг яаж зохицуулаад байгаа нь тодорхойгүй.

Харин Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн “Онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоож, журам баталсан. Уг журмыг сахиулж ажиллах үүрэг Мэргэжлийн хяналтын газар болон шат шатны засаг дарга нарт бий. Манай байгууллага дэглэм мөрдүүлэх үүрэггүй” гэж булзлаа.

Энэ мэтээр эрх мэдэлтнүүд нэг нэг рүүгээ бухаж, үүргээ өөрөөсөө зайлуулж суух хооронд Хатан Туул хатаж ширгэсээр, өвс ногоо нь  талхлагдаж, өнгө зүсээ алдсаар…

Цаасан дээрх хоосон амлалтыг бодит ажил болгохыг шаардаж, эзэнгүй Туулыг энэрэх хүн олдох эсэхийг бид үргэлжлүүлэн сурвалжилж үр дүнд хүрэхийг зорьж байна.

Үргэлжлэл бий…

Хариулт үлдээх

Your email address will not be published.