Малчны гэрээс дэлхийн дэвжээнд

20844

Узбекистан улсын Ташкент хотноо монгол, хятад, казахстан тэргүүтэй Азийн 15 орны олон зуун тамирчин цуглаж, тивийн даамын аварга шалгаруулах тэмцээнд оюун ухаан, эрдэм чадлаа сорьж байв. Энэ бол 2015 оны дөрөвдүгээр 25-наас тавдугаар сарын 06-нд болсон үйл явдал. Энэ жил  “Ази тивийн даамын аварга”-ын тэмцээнд “Турк даам” гэсэн нэгэн шинэ төрөл оруулжээ. Энэ төрлийг урьд нь тив, дэлхийн аваргын тэмцээнд албан ёсоор оруулж байгаагүй ч дундад азийн орны тамирчид бүрэн судалчихсан, байнгын бэлтгэлтэй байдаг ажээ. Харин манай тамирчдын хувьд огт тоглож байгаагүй.

Ингээд тэмцээн албан ёсоор эхлэхэд ердөө хоёрхон өдрийн дотор уг төрлөөр тоглож сураад өрсөлдсөн Монголын өсвөрийн тамирчин Биндэръяагийн Билгүүндарь бусад орны өрсөлдөгчийг төвөггүй ялж, аваргын болзол хангах нь тэр. Энэ ховорхон амжилтыг багш нар нь бахархаж талархан хүлээж авсан бол өрсөлдөгч орнуудын тамирчид болон дасгалжуулагчид гайхаж тээнэгэлзсэн аястай үлджээ. Тухайлбал, Латви улсын домогт тамирчин Зоя Голубева “Даамын спортоор насаараа хичээллэхдээ ийм гайхалтай амжилт гаргаж байсан тохиолдлыг харж байсангүй. Монгол хүүхдүүд үнэхээр онцгой юм” хэмээн толгой сэгсэрч байсныг Б.Билгүүндарийн багш Г.Сүхбат бахдалтайгаар дурссан юм.

Энэ бол Б.Билгүүндарийн хувьд санамсаргүй амжилт биш. Хар багаасаа шатар, даам тоглож, эцэг эх, багш нарынхаа үнэтэй сургаалийг ягштал мөрдөж, тэсвэр тэвчээртэй суралцаж, өөрийгөө хөгжүүлж, өрөөлийг хүндэлж сурсных нь шагнал. Басхүү монгол хүний аливаа нөхцөлд дасан зохицох чадвар, сийрэг ухааны илрэл.

Өдгөө дөнгөж 13-хан настай Б.Билгүүндарь охин өөртөө ахдам олон том амжилтын эзэн. Тэрээр даамын спортоор сум, аймгаасаа эхлээд улсын аварга болж, Азийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Мөн Баянхонгор аймгийн Шатрын дөрвөн удаагийн мөнгөн медаль, спортын III зэрэгтэй. Дээр нь зураг зурах авьяастай гээд дурдаад байвал олон талын чадвар бий.

Даамын спортоор дэлхийд нэрээ дуурсгасан их амжилтын эзэн Монголд олон ч Б.Билгүүндарь охины хувьд бусдаас ялгарах өвөрцөм онцлогтой. Тэрээр 2013 онд насныхаа ангилалд Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх авсан ч санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан явж чадаагүй юм. Энэ жил бас л Азийн аваргын тэмцээнд явах эрх автал 10 орчим сая төгрөг хэрэгтэй болж, алтан боломжоо алдах шахав. Харин мэдээллийн технологийн хөгжлийн ачаар сайн санаат хүмүүс түүнд туслахыг хүссэн мэдээллийг нийгмийн цахим сүлжээнд байршуулснаар богино хугацаанд зардлын асуудлаа төвөггүй шийдэж, тэмцээндээ оролцсоноор дээрх бахдам амжилтыг гаргаад ирсэн билээ.

“Ерийн малчны хотноос ертөнцийн дэвжээнд өрсөлдөх гэж буй монгол охиндоо тусалцгаая” гэсэн постыг фэйсбүүкт олон мянган хүн бие биедээ дамжуулж, дэлхийн өнцөг булан бүрээс амжилт хүссэн захидал түүнд илгээж сэтгэлийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Түүнийг Азийн аваргын алтан медаль энгэртээ гялалзуулаад ирэх үед нь уулзахад “Намайг тэмцээнд явахад маш олон хүн дэмжиж “Заавал аварга болоорой” гэж захисан. Би тэр олон хүний итгэлийг даахын тулд маш их хичээсэн” хэмээн хэрсүү нь аргагүй ярьж байлаа. Бусад орны тамирчид тоглолтын төрлөө бүрэн судалчихсан, аль улсын тамирчинтай ямар тактикаар тоглох вэ гэдгээ боловсруулж суухад манай бяцхан тамирчин өөрт тусалсан хүмүүсийн ачийг хэрхэн хариулах вэ хэмээн санаа нь зовж, сэтгэлдээ шатаж, өмнөө байгаа “өрөг”-ийг дөнгөж сурч байсан гээд бодохоор өрөвдмөөр бас бахархмаар…

Б.Билгүүндарийн багш Даамын спортын дэд мастер, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан Г.Сүхбат “Хэдэн шавь бидний зовлон жаргал нэг. Оюуны спортод улсаас дэмжлэг гээд байх зүйл ер нь байхгүй. Шавь нарынхаа хүсэл эрмэлзлийг унтраахгүйн тулд санхүүгийн ямар ч асуудлыг яаж ийгээд давдаг. Улс бүсийн тэмцээн ч яамай. Олон улсын тэмцээнд бол цалингийн зээл аваад л явж байна. Шавь нарын маань эцэг эх ч ялгаагүй. Гэхдээ яах вэ. Миний шавь нар чадвартай. Ямар ч тэмцээнд медаль алддаггүй нь урам зоригийг минь үргэлж бадраадаг” гээд нүүр дүүрэн инээмсэглэл тодруулна. Сайхан сэтгэлтэй сайн багшийнхаа буянаар олон сайн шавь нь өндөр амжилт гаргаж, түүнийг ийн баярлуулдаг ажээ.

 

Энэ намар Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг Улаан хошуу гэдэг газар Ц.Биндэръяагийнх нутаглаж байхад нь очлоо. Азийн аварга Билгүүндарь маань айргаа бүлж, ааруул хуруудаа хийгээд тун завгүй. Дүү Бундхоролтойгоо ээлжлэн хонинд явна. Орой нь хоол ундаа хийнэ. Хоёр охин амралтын хоёр өдөр аавдаа тусалж хөдөөний цаг наргүй их ажилдаа хэрсүүжиж, ухаажиж яваа нь энэ.

 

Өнгөрсөн хавар болсон Азийн аваргын тэмцээний дараа эдний гэр бүлд тун ч харамсалтай явдал тохиожээ. Цэл залуухан ээж нь аюулт өвчнөөр хорвоог орхисон байна. “Энэ намар улс, бүсийн хэд хэдэн томоохон тэмцээн болсон. Охид маань дургүйлхээд тэмцээнд явсангүй. Нас нь бага болохоор сэтгэл санаа нь хэцүү байгаа байх” гэж аав нь санаа алдан ярилаа. Дэлхийг дэлдийлгэх авьяас чадвартай тамирчин маань их спортоо орхиж байгаа юм биш биз гэтэл ашгүй үгүй гэнэ.

Мал сүрэг хотолж, хөөрүүлсэн сүүнд хуруу зузаан өрөм тогтох үдшээр нарны эрчим хүчээр цэнэглэдэг гэрэлд шагай няслангаа Билгүүдарь бид хоёр түүний ирээдүйн зорилго, замналын талаар нэлээд удаан хөөрөлдсөн юм.

  • Миний дүү хэзээ дахиад даамын тэмцээндээ явах вэ?
  • Надад уг нь Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх нээлттэй байсан. Гэхдээ өмнөх шатны тэмцээнүүдийг алгасч болдоггүй юм. Энэ зун ар гэрийн гачигдлаар зарим тэмцээндээ оролцож чадаагүй болохоор дараа жил заавал нөхөж байж оролцох ёстой. Ирэх жил бэлтгэлээ сайн хийж байгаад бүх тэмцээндээ оролцоно.
  • Чиний ирээдүйн хамгийн том зорилго?
  • Би Дэлхийн аварга болохыг мөрөөддөг. Тэгээд оюуны спортод амжилт гаргаж байгаа хүүхдүүдийг дэмждэг, сургалт явуулдаг том төвийг багш нартайгаа хамтарч байгуулахыг хүсч байна. Ардаа санаа зовох зүйлгүй бол том амжилт гаргаж чадах олон хүүхэд байдаг…

 

Тийм ээ. Түүний энэ гэгээн зорилго биелэх нь дамжиггүй. Агуу юм бүхэн энгийнээс эхэлж, алдар суутан бүр эгэл жирийн амьдралаас их амжилтын оргилд хүрсэн байдаг шүү дээ. Малчны гэр, сумын сургуулиас өдөлсөн өөдрөг хүслийн жигүүр чинь дэлхийн дэвжээнд дүүлэх хүчит далавч болох болтугай.

dd6f7b00a3c4e86eoriginal

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.

нэг хариулт

  • zochin[124.158.109.90]2016.06.22

    gaihamsigtai , hysel chin bieleh bolnoo amjilt