Шинэ хүн

IMG_3520

Барилга бүтээн байгуулалтын салбарт аль хэдийнээ “акул” болчихсон Нэмэхээ инженерийг “Шинэ хүн” хэмээн тодотговол ойр тойрныхонд нь төдийгүй эчнээ таних хүмүүст ч сонин санагдах байх. Яагаад гэвэл тэрбээр энэ салбарт 30 гаруй жилийн амьдрал бүтээлээ зориулж яваа “хуучин хүн”. Гэвч бид олны танил хүн хийгээд нийгмийн аливаа үзэгдлийг зөвхөн нэг өнцгөөс харах албагүй билээ. Тиймийн тул эрхэм инженер, “Заг” группийн Ерөнхий захирал Баяртогтохын Нэмэхбаатарыг “Шинэ хүн” хэмээн шинээр тодорхойлох шалтгаан байна.

20c8fab4-ee53-47b3-bb6d-6261ac16a6ac

Хөглөгөр их Алтайн Хасагт хайрхан, Жаргалан хэмээх ханагар уулсын хормойг  түшиж хөлд орсон хүү сургуульд орсон цагаасаа л шинийг эрэлхийлж, шинэлэг бүхэнд тэмүүлэгч нэгэн байсныг ахмад багш нар нь дурсан ярьдаг. Ер хар багын л техник сэтгэлгээтэй хүүхэд байжээ. Тиймээс ч 18-хан настайгаасаа “Монросцветмет” хэмээх том айлын өндөр босгоор алхан орж, жирийн ажилчнаас Ахлах машинч хүртэл ахиж дэвшиж явсан. Таван жил тасралтгүй ажилласны дараа Политехникийн дээд сургуульд суралцан үргэлж шинийг сэдэгч байх замналтай инженер хэмээх энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн. Төгсүүтээ “Улаанбаатар хотын Барилга засварын нэгдсэн трест”-д мэргэжлээрээ ажиллав. Мөн л таван жилийн хугацаанд Ерөнхий инженер болтлоо дэвшсэн гэж байгаа. Нэмэхээ гэдэг хүн дандаа хасах оноогүй явж ирсэн нь танил тал, татаа түлхээ гээч зүйлтэй огт хамаагүй. Тэр үргэлж шинийг хийж, шинийг нэвтрүүлж байсан учраас л дандаа нэмэх оноо авч байсан хэрэг.

Ингээд улс оронд нийгмийн шилжилт явагдахад шинэ цаг үеэтэйгээ хөл нийлэн шинэ бизнесийн гараагаа эхлүүлсэн. Улмаар удирдахуйн ухаанд суралцсан. Шинэ хамт олноо бүрдүүлж, шинэ шинэ ажлууд руу ханцуй шамлан орлоо. Монголын ууган хувийн хэвшлүүдийн нэг нь түүний үүсгэн байгуулсан “Заг” групп. “Заг” группийн үйл ажиллагаа, амжилт бүтээл, нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмрийн тухай энд бичвэл угаас барагдахгүй. Энэ том айлын тухай байтугай зөвхөн үүсгэн байгуулагчийнх нь хувийн онцлогийн тухай, тэр дундаа “шинэ хүн” гэдэг талаас нь бичихэд л чамгүй урт түүх хөврөнө. Түүний үргэлж шинэлэг байх имиж үнэхээр бүдгэрсэн удаагүй. Өөрөөр хэлбэл, хуучирдаггүй хүн юм.

Барилгын салбарт 30 гаруй жил зүтгэхдээ цаг ямагт шинэ техник, технологи нэвтрүүлсээр ирсэн, Төр, нийгэм шинэ тогтолцоонд шилжээд удаагүй байхад буюу 90-ээд оны эхээр Монгол ажилчдаа анх удаа БНСУ, Япон зэрэг оронд үйлдвэрлэлийн дадалга хийлгэж, мэргэшүүлэх төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн гээд түүний санаж сэдэж бодит ажил хэрэг болгосон шинэлэг ажлууд ар араасаа хөвөрсөөр л байна.

Нэмэхээ инженерийн нутаг нэгтэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хангалт үйлчилгээний хэлтсийн дарга Б.Зоригт нэгэнтээ “Манай нутгаас шинэ цагийн анхны саятан н.Баяс­галан, “Барс” группийн захи­рал Ц.Амарбаатар, “Заг” груп­пийн захирал Б.Нэмэхбаатар, “Уни­вер­­сал” компанийн захи­рал Б.Пү­рэв, “Мон кабель” компанийн захирал Д.Эрдэ­нэ­­билэг зэрэг бизнесийн олон зүтгэлт­эн төрөн гарсан. Чухам энэ л эрхэм хүмүүс минь Монголынхоо баялгийг үр­жүүлсээр улс орноо ардчилсан шинэ нийгэм, зах зээлийн гараанд гаргаж өгсөн гавьяатнууд шүү” хэмээн бичсэн байдаг.

Харин орчин цагт түүний шинэлэг чанарыг зарим найз нь нөхөрсөг хошин хэрнээ үнэний хувьтай үгээр тодорхойлдог болсон байна. Нэмэхээ инженер хурдан моринд үнэхээр хорхойтой нэгэн аж. Гэхдээ шинэ цагийн баячууд шиг өвөл зунгүй уралдаан зохион байгуулаад, хэдэн морио жийпээр хөөгөөд, энд тэндхийн уяа хэсээд, бооцоо тавиад явдаг хүн биш. Зүгээр л сайхан сайхан хурдан буянуудын уран зураг, сийлбэр цуглуулан гэр, албан тасалгаандаа залж, харж биширч, түүнээсээ кайф авдаг гэнэ. Энэ нь цаг наргүй их үйлсийн төлөө зүтгэж яваа хүний ажил төрөлд ч тустай, аливаа хэл аманд ч өртөхгүй байх онцлогтой бас л шинэлэг хобби гэлтэй.

Нэмэхээ инженер угийн л тийм юм болгон руу үсчээд байдаггүй гүдэс хүн юм билээ. Онцын шаардлагагүй бол бусадтай олон үг ярилцаад байхгүй. Тэгэсгээд л дуугаа хураачихна. Харин ажил хэрэг, шинэ санаачилгын сэдэв хөндвөл ам нь халаад ирнэ. Тэр өөрийн хүрч чадсан өнөөгийн амжилтаа “Мэдлэгт суурилсан шинэ бүтээмж” гэсэн маш товч тодорхой хэрнээ өргөн агуулгатай ойлголтоор тодорхойлдог. Шинийг эрэлхийлж, шинэ зүйлд суралцаж гэмээнэ амжилтад хүрч болдгийг өөрийн замналаар нэгэнт харуулж чадсан болохоор тэр 2004 онд Техник технологийн коллежийг хувьчилж авчээ. Энэ шийдвэр нь монгол хүний мэдлэгт суурилсан бүтээмжийг нэмэгдүүлэх, чадамжтай мэргэжилтнүүдийг бэлтгэх замаар улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах нөгөө л эрхэм зорилгынх нь нэг хэсэг юм.

Аргагүй л мэдлэг, боловсролыг дээдэлдэг хүн учраас өөрийнхөө үргэлжлэл болсон дөрвөн хүүгээ дөрвүүлэнг нь гадаадад боловсрол эзэмшүүлсэн. Аавынхаа арга барилыг өвлөсөн хөвгүүд нь түүний шинэлэг сэтгэлгээний бамбарыг улам тод дүрэлзүүлж яваа. Тэр нутаг усныхандаа тун ч элэгтэй нэгэн. Өдий олон жил бүтээн байгуулж явахдаа нутаг орныхоо олон ч хүнд тус дэм болж, ажил амьдралтай залгуулжээ. Ингэхдээ хүнийг зүгээр л цалинтай болгоод орхих бус мэдлэгтэй, чадвартай болгох нь чухал гэдэг зарчмаа яс баримтална. Яагаад гэвэл тэр өөрөө ажлын талбар дээр л суралцаж, амжилтад хүрсэн хүн болохоор тэгдэг байх. Нэмэхээ инженерийнхээ гараар орж л инженер шиг инженер болсон залуус “Заг”-т цөөнгүй.

“Хөгжил гэж юу болохыг ойлгосон хүн л жинхэнэ бизнес хийдэг” гэж нэг үг байдаг. Түүн лүгээ Нэмэхээ инженерийн бизнес зах зээлийн хөгжлийн зарчимтай гайхалтай уялдана. Үнэ хийгээд чанарын харьцааг сайжруулахын тулд барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэж, өртөг багатай хэрнээ өндөр чанартай орчин үеийн технологиудыг нэвтрүүлж, өөр шигээ шинэ зүйлд дурлагч, бүтээн байгуулагчдыг сурган дадлагажуулсаар явна.

Өдгөө нийслэлийн хүн ардыг утааны гамшгаас аврах, хотоо хот шиг хот болгон өөрчлөх том бүтээн байгуулалт ид өрнөж байна. Энэ том ажилд нөгөө л “шинэ хүн” маань түүчээлэн оролцож яваа. Ингэхдээ тэр зүгээр л “Том ажил хийе, том мөнгө олъё” гэж өнгөц хараагүй. Харин “Дэлхийн шинэ хандлагыг дагая, дээвэр дээрээ ногоон байгууламжтай барилга барья, хүнд ээлтэй орчин бүрдүүлье, хөгжлийн шинэ замаар явъя…” хэмээж буй билээ. Тэр хэзээд “шинэ хүн”-ээрээ үлдэнэ. Шинэ хүний шинэ замналууд үргэлжилсээр…

Хариулт үлдээх

Your email address will not be published.