ТӨРӨЛ ЖАНРЫН ТӨӨРӨГДӨЛ

callforpapers

1.Судалгааны үндэслэл

“Ирвэс хамгаалах сан”-д биологичоор ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл гэх залуу 2015 оны арваннэгдүгээр сард Хөвсгөл аймгийн нутагт учир битүүлгээр амь насаа алдсан нь нийгмийн анхаарлыг татсан дуулиантай сэдвийн нэг болоод байв. Энэ асуудлаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр” гэсэн хоёр цуврал нэвтрүүлэг бэлтгэж, С1 телевиз болон олон нийтийн цахим сүлжээгээр 2016.01.06, 07-ны өдрүүдэд цацсан юм. Ингэхдээ “Бид ноцтой хэргийн талаар ЭРЭН СУРВАЛЖИЛСАН нэвтрүүлэг бэлтгэлээ” гэж онцолсон. Мөн нэвтрүүлэг гарсны дараа олон нийт болон сэтгүүл зүйн салбарынхан ч “Маш сайн ЭРЭН СУРВАЛЖИЛСАН нэвтрүүлэг болжээ” гэж үнэлж дүгнэсэн билээ.

Тэгвэл сэтгүүл зүй, тэр дундаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжил тийм ч хангалттай бус байгаа энэ цаг үед ийнхүү “сайн” гэх үнэлгээ авсан нэвтрүүлгийг сэтгүүл зүйн мэргэжлийн шаардлагын үүднээс судлан дүгнэж, үнэхээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл мөн эсэхийг шинжлэн тодорхойлох нь салбарын цаашдын хөгжил, энэ чиглэлээр суралцагчид, сэтгүүл зүйн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгт чухал ач холбогдолтой тул сонгон авч шүүмж бичлээ.

2.Арга аргачлал

Уг нэвтрүүлгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл мөн эсэхийг тодорхойлохын тулд ерөнхий бүтэц, гол агуулга, илэрхийлсэн өнцөг, баримтуудын уялдаа холбоо, ашигласан эх сурвалжууд, тэдгээрийн өгсөн мэдээлэл, гарсан үр дүнд дүн шинжилгээ хийж, мэргэжлийн шалгуур шаардлага, онолын зарчим, үзэл баримтлалуудтай харьцуулан нягтлахын зэрэгцээ тухайн нэвтрүүлэгт хариу үйлдэл үзүүлж буй хэрэглэгчид, мэргэжилтнүүдийн тайлбараар өөрийн гаргаж буй дүгнэлтээ баталгаажуулахыг зорив.

Мөн уншигч хэрэглэгчид төдийгүй сэтгүүл зүйн гал тогоонд ажиллаж байгаа мэргэжлийн сэтгүүлчид хүртэл уламжлалт /мэдээллийн/ сэтгүүл зүй хийгээд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хоёроо ялгаж салгахгүй байгааг нотлох үүднээс зарим асуулгын судалгаа хийсэн.

3.Шүүмж

Нэвтрүүлгийн цар хүрээ, олон нийтэд хүрсэн байдал

Хоёр цуврал нэвтрүүлгийг зөвхөн Youtube-д байршуулсан эхээс нь  тус бүр 145 мянган удаа буюу нийт 300 мянган удаа үзэж, 300 гаруй хүн сэтгэгдлээ бичиж үлдээжээ. Харин facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр үзэж, сэтгэгдэл үлдээсэн, цааш түгээсэн тоог тодорхойлох боломжгүй. Ойролцоогоор хоёр долоо хоногийн турш нийгмийн анхаарлын төвд байж чадсан халуун сэдэв болсон.

Нэвтрүүлгийн  ололттой талууд

“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн баг уг хэргийн талаар мэдээлэл олохын тулд олон мянган километр зам туулж, талийгаачийн өмнө нь халдлагад өртөж байсан гэх газрууд болон амь насаа алдсан хэргийн газар очиж, олон арван эх сурвалжтай биечлэн уулзсан нь ихээхэн бүтээлч хандсаныг харуулж байна.

Мөн хэрэг гарсан учир шалтгааныг тайлбарлахыг зорьж, урьд нь бусад хэвлэлээр гарч байгаагүй шинэ баримт, мэдээллүүд /талийгаачийн бичсэн цахим захидал, гар утсан дээрх аудио бичлэг, хэнтэй таарамж муутай байсан гэх мэт/-ийг бичгэн болон олон талын эх сурвалжуудаар дэлгэн харуулсан нь саашаалтай.

Нэвтрүүлгийн дутагдалтай тал буюу сэтгүүл зүйн мэргэжлийн гол зөрчлүүд

Сэтгүүл зүйн бүтээлийн гарчиг нь тухайн бүтээлийнхээ гол санаа, өнцгийг илэрхийлдэг. Гэтэл энэ нэвтрүүлэг “Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр” гэсэн нэр буюу гарчигтай боловч нэвтрүүлгийн турш түүний амь үрэгдсэн нууцыг тайлсан тодорхой баримт, нотолгоо илэрхийлсэнгүй.

Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийн талаар үзэгчдийг төөрөгдүүлэхүйц агуулгатай үг, өгүүлбэр хэлсэн. Тодруулбал, талийгаачийн өмнө нь халдлагад өртөж байсан гэх Өмнөговь аймгийн нутаг Хүрэн даваа гэдэг газарт ажиллахдаа сэтгүүлч нэвтрүүлгийн 1-р хэсгийн 22:52 дахь минутад “Энэ бол талийгаачийн гурав дахь удаагаа халдлагад өртсөн газар. Харин дөрөв дэх удаагийн халдлагаар Хөвсгөлд харамсалтайгаар амиа алдсан” гэж хэлжээ. Мөн 1-р хэсгийн 40:00 дэх минутад ч “Гэмт хэргийг удаа дараа тоохгүй байснаас дөрөв дэх удаагийн халдлага нь түүний амь насыг авч оджээ” гэж хөтлөгч хэлэв. Басхүү нэвтрүүлгийн 2-р хэсгийн 25:55 минутад талийгаачийн гар утсандаа бичиж үлдээсэн яриаг сонсгоод “Энэ бичлэгээр бол тэр хэн нэгэн этгээдүүдэд барьцаалагдаж амь насаа алдсан нь тодорхой байна” гэжээ.

Түүнийг ямар нэгэн халдлагын улмаас амь насаа алдсан эсэхийг хуулийн байгууллага албан ёсоор шалгаж тогтоогоогүй, хөдөлшгүй баримтаар нотлоогүй байхад сэтгүүлч шууд ингэж хэлэх нь ёс зүйн зөрчил болно. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.6-д “Баталгаагүй мэдээллийг таамаг хэмээн тодорхой дурдана” гэж заасан байдаг. Тиймээс сэтгүүлч дээрх үг, өгүүлбэрээ “бусдад барьцаалагдсан, бусдын гарт амиа алдсан байх магадлалтай байна” гэж хэлэх нь зүйтэй байжээ.

Талийгаачийн гар утсанд бичиж үлдээсэн бичлэгийг нэвтрүүлэгтээ ашиглахдаа хөгжим шумаар чимэглэж, сүр оруулсан. Энэ нь үзэгч, сонсогчдод асуудал /баримт/-ыг бодитоор дүгнэх боломжийг сулруулсан.

Хэдийгээр цагдаагийн зарим байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзсан гэх боловч эх сурвалжийн тэнцвэрийг хангаагүй.

Нэвтрүүлэгт ашигласан эх сурвалжуудыг түвшингээр нь ангилж үзвэл мэргэжилтний /хөндлөнгийн шинжээч, эрдэмтэн судлаач, бие даасан ажиглагч/ буюу сэтгүүл зүйд хамгийн гол байр суурь эзлэх эх сурвалж огт байхгүй.

Нийт эх сурвалжийн 90 гаруй хувь нь үр дагавар хүртэгсдийн бүлгийнхэн /Талийгаачийн ар гэрийнхэн, хамт ажиллагсад, ойр дотно байсан орон нутгийн иргэд гэх мэт/, 10 хүрэхгүй хувь нь сонирхлын бүлгийн /цагдаа, багийн засаг дарга гэх мэт/ эх сурвалж байв.

4.Дүгнэлт
а. Сэтгүүл зүйн зарчмын зөрчилтэй бүтээл

Дээрх дутагдалтай тал болон уг асуудалтай холбоотой бусад баримттай уялдуулж дүгнэвэл энэхүү нэвтрүүлгийг сэтгүүл зүйн мэргэжлийн зарчмын алдаатай бүтээл гэж үзэж болохоор байна.

Тухайлбал, нийгэмд шуугиан тарьсан энэхүү нэвтрүүлэг цацагдсанаас долоо хоногийн дараа буюу 2016.01.14-ний өдөр Цагдаагийн ерөнхий газраас уг хэргийн талаар олон нийтэд албан ёсоор мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Улсын мөрдөн байцаах газрын дэд дарга Э.Идэрцог дээрх нэвтрүүлэгт гол баримт болгон ашигласан гар утасны бичлэгийг “Нэг хүний үргэлжилсэн яриа буюу өөрөө өөртэйгээ ярьсан яриа байсан. Мөн талийгаач бага зэргийн согтолттой, гадны нөлөөгөөр биедээ ямар нэгэн шарх, гэмтэл аваагүй, усанд живсний улмаас амь насаа алджээ гэдгийг шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоосон” гэж мэдэгдсэн юм. Албаны мэдээллийг дэлгэрэнгүй унших холбоос http://www.ikon.mn/n/nee .

Өөрөөр хэлбэл, нэвтрүүлгийн гол өнцөг болгон илэрхийлсэн “Бусдад барьцаалагдсан нь тодорхой байна. Бусдын гарт амиа алджээ” гэсэн мэдээллүүдийг албаны эх сурвалж үгүйсгэж байгаа юм.

Тиймээс “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн багийнхан хэргийн бодит үнэнийг олохыг бус нийтэд цацагдаагүй гар утасны бичлэгийг бусдаас урьтан цацаж, дуулиан шуугиан тарихыг чухалчилсан гэж ойлгогдохоор байна. Ийн яарах нь баримтыг нягтлаагүйгээс үүдэх олон эрсдэл дагуулдаг.

б. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж үзэх боломжгүй бүтээл

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын практикт “Ахисан түвшний сэтгүүл зүй” гэж товчоор тодорхойлох нь бий. Тэгвэл дээрх нэвтрүүлэг нь мэдээллийн сэтгүүл зүйн мэргэжлийн шаардлага, ёс зүйн зөрчилтэйгээс гадна “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагын хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагаа, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний эсрэг үйлдлийг илчилж олон түмэнд мэдээлдэг сэтгүүл зүй” гэсэн ерөнхий тодорхойлтод ч нийцэх боломжгүй байна.

Тодруулбал, тухайн нэвтрүүлэгт хэн нэгэн эрх мэдэлтэн юм уу, байгууллагын нуун далдлахыг хүсч буй баримт, мэдээлэл огт байсангүй. Гол баримт болгон ашигласан гар утасны бичлэг нь цагдаагийн байгууллага хуулж аваад ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн буюу нээлттэй баримт байв.

“Энэ нэвтрүүлэг эрэн сурвалжлага мөн үү” гэсэн асуултад хариулсан судлаачдын тайлбар

МУБИС-ийн НХУС-ийн Утга зохиол, сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор /Ph.D/, дэд профессор М.Одмандах:

– Эрэн сурвалжлагын эцсийн үр дүн нь эцсийг нь хүртэл явж, үнэнийг тогтоох явдал. Нийгэмд мэдээллийг ил болгоод хаях биш туйлд нь хүргэж, олон түмний үнэнийг мэдэх эрхэд үйлчлэхийг эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэдэг. Тус бүтээлийг хийхийн тулд сайн явж, мөрдөн хөөх гэж хичээсэн тал ажиглагдсан. Гэхдээ гол санаагаа гарцаагүй нотлох баримт байгаагүй.

“Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ”-ний гишүүн, Сэтгүүлч Ц.Чимэддондог:

-Эрэн сурвалжлага хийхийн тулд сэтгүүлч өөрөө эхлээд маш өргөн хүрээний судалгаа хийсэн байх ёстой. Тэгээд түүнийгээ баталгаажуулахын төлөө эх сурвалжуудтай уулзаж, баримт мэдээллүүдийг нягталж, баталгаажуулдаг. Мөн энэ бүхнээс үр дүн гарч, тавьсан зорилгоо биелүүлж байж эрэн сурвалжлага болно. Гэтэл энэ нэвтрүүлэг талийгаачийн амь үрэгдсэн нууцыг олох зорилгоо биелүүлээгүй байсан. Тиймээс эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл биш.

Эрэн сурвалжлага биш гэж үзэх шалтгаан

Сэтгүүлч “Талийгаачийг амь насаа алдахад хэн нөлөөлөв? Тийм баримтыг хэн нэгэн санаатай устгасан уу? Тийм бол түүнд хэн хэн /компани, хувь хүн, албан тушаалтан/ хамааралтай байв? Тэд хуулийн байгууллагыхантай ямар холбоо сүлбээтэй вэ? Тэд талийгаачийн үхэлд буруутай юу? Буруутайг нь юу нотолж байна?” гэх мэт олон асуултад хариулт, сэжүүр олох ямар нэгэн далд нууц баримтууд олж чадсан бол энэ ЭРЭН СУРВАЛЖЛАХ сэтгүүл зүйн бүтээл болох байв. Харамсалтай нь, тэр талын ямар ч баримт нэвтрүүлэгт байсангүй. Нэвтрүүлгийн дийлэнх агуулга нь өмнө нь хэвлэлүүдээр гарч байсан нээлттэй мэдээллийг олонтаа давтсан. Таамаг, хардлагын шатны мэдээллүүд зонхилж байлаа.

Мөн нутгийн иргэд талийгаачийн үхэлд Тост багийн Засаг даргыг хардаж буйгаа илэрхийлжээ. Энэ дагуу тухайн багийн Засаг дарга Н.Галаахүүгээс байр суурийг нь сонссон байна. Энэ хүн тухайн нэвтрүүлэгт өөрийн биеэр оролцож ярилцлага өгсөн сонирхлын бүлгийн хоёрхон төлөөллийн нэг. Гэвч түүний ярианд талийгаачийн аминд хүрсэн байж болох илэрхийлэл, агуулга огт байсангүй. Өөрөөр хэлбэл энэ бүхэн нэвтрүүлгийн гол өнцгийг баталгаажуулах, учир шалтгааны тайлал болох чухал баримт болж чадахгүй байна. Эрэн сурвалжлагад ашиглах нууц, хаалттай эх сурвалж бус байр сууриа чөлөөтэй илэрхийлж байгаа нээлттэй эх сурвалж болжээ.

Доктор Ч.Базарын “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй: Монгол ба бусад” номын 22-р талд “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн амин сүнс, голт зүрх нь хөдөлшгүй үнэн баримт билээ. Өрнөдийн сэтгүүлчдэд “сонсож дуулсан, зах сэжүүрийг нь гаргасан мэдээллээ баримтжуулж нотлох ёстой. Эс чадвал бичээд ч хэрэггүй” гэсэн үзэл баримтлал нь хэвшил болчихсон байдаг” хэмээн бичсэн байна. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн хувьд талийгаачийн аминд хүрсэн гэж хардаж буй хүнээ гэмт хэрэг хийснийг хөдөлшгүй баримтуудаар нотолж чадсан бол жинхэнэ эрэн сурвалжлага болох байжээ.

Онолын үүднээс авч үзвэл эрэн сурвалжлагын гол зарчим болох “Investigative” буюу шалгах, мөрдөх, судлах гол ажиллагаа ихээхэн дутагджээ. Өөрөөр хэлбэл, зайлшгүй байх ёстой гүнзгийрүүлсэн судалгаа, баримтаа нягтлах ажлыг хийгээгүй гэсэн үг.

Талийгаач залуу олон удаа халдлагад өртөж байсан гэх бөгөөд улмаар амь насаа алдахын өмнө бусдад барьцаалагдсан байж болзошгүй бичлэг хийж үлдээсэн, тэрхүү баримт нь сэтгүүлчийн гарт орсон гэдэг агуулгаараа үзэгч, олон нийтэд хүчтэй сэтгэгдэл төрүүлж, гэмт хэргийн далд учир холбогдлыг ил гаргаж байгаа эрэн сурвалжлага мэт харагдаж байгаа ч хэрэг явдлын дараа гол баримт нь няцаагдсанаар бүх зүйл эсрэгээр эргэж байна.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь хөдөлшгүй баримтуудад тулгуурлахын зэрэгцээ баримт бүр өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий байх ёстой. Гэвч зөвхөн ганц баримт буюу гар утасны бичлэгээр бүхэл бүтэн 90 орчим минутын нэвтрүүлгийнхээ зангилаа, тайлал болгох гэсэн нь учир дутагдалтай байв.

Энэхүү нэвтрүүлэг гарснаар талийгаачийн үхлийн шалтгаан, ами алдсан шалтгаан, нууц тайлагдаагүй бөгөөд уг хэрэг одоо ч хууль хяналтын байгууллагад шалгагдаж дуусаагүй байна.

Олон нийт болон мэргэжлийн хүрээнд ч Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ойлголт төлөвшөөгүй байна

Энэхүү нэвтрүүлэгтэй холбоотойгоор нийгмийн цахим сүлжээнд “Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан маш сайн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл хийжээ” гэсэн олон зуун сэтгэгдэл, байр суурь гарах болсон. Үүний нэг тод жишээ нь энэ.

Picture1

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа “Миний хувьд эрэн сурвалжлах чиглэлийн сэтгүүл зүйн бүтээл ховордсон цагт энэхүү нэвтрүүлэг олон залуу сэтгүүлчдэд үлгэр дуурайл болсон гэж олзуурхав… …Түүний энэхүү нэвтрүүлгийг үзэхэд бахдал дүүрэн байв.

Эх сурвалж зөвхөн албаны хүн байдаггүй, микрофоны өмнө өөрөө ирдэг байх албагүй, сэтгүүлч хүн зөвхөн дамжуулагч бус “олборлогч” байх ёстойн шалгуур болсон эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөлд олон залуус хүч үзээсэй гэсэн хүсэл төрөв…” хэмээн бичжээ.

Мэргэжил нэгтнүүдийн байр суурь

Facebook-т Сэтгүүл зүйн салбарын алдаа оноо, хөгжлийн асуудлаар шүүмж хэлэлцүүлэг идэвхтэй өрнүүлдэг FREELANCE бүлгийн гишүүдийн дунд “Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэсэн талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн тухай Цензургүй сурвалжлага нэвтрүүлэг нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл мөн үү?” гэсэн асуулга явуулахад өдгөө хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байга 25 сэтгүүлч оролцож, 14 нь “МӨН”, 11 нь “БИШ” гэж хариулжээ.

Picture2

Эндээс жирийн уншигч, үзэгчид төдийгүй сэтгүүлчид ч өөрсдөө уламжлалт болон эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлийг ялгаж салгаж чадахгүй байгаа нь харагдаж байна.

5.Ашигласан эх сурвалж

  • “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй: Монгол ба бусад”, Ч.Базар, 2007
  • “Нууц эх сурвалж”, Р.Оюунцэцэг, Д.Мөнхбүрэн, 2008
  • “Сэтгүүлч” сэтгүүл, дугаар 01/18/, 2005
  • “Мэдээллийг нягтлахуй”, Михиал Халлер, 1983
  • “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онол, практик”, М.Зулькафил, 2015
  • Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим http://www.mediacouncil.mn/page/2694.shtml?sel=5001
  • Аман болон бичгийн эх сурвалжууд

 

Шүүмж бичсэн бүтээлийн эхийг үзэх холбоос:

2016.03.14

Хариулт үлдээх

Your email address will not be published.

3 сэтгэгдэл

  • Пү[103.9.91.214]2016.04.11

    Сонирхолтой.

  • bayraa[202.21.106.112]2016.04.11

    Mash sonirholtoi niitlel bna. Ulger jishee bolooroi

  • aa[124.158.88.13]2016.04.18

    sonirholtoi bogood amttai,