УСАА АШИГЛАЖ, УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ГАРЦ

Hydroelectric-Dam-From-EMSL-on-Flickr-1

Ус түшсэн хөгжил ба улс орнуудын бахархал

Усны нөөцийг үр ашигтай ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бусад салбаруудаа тэтгэх нь дэлхийн улс орнуудын хөгжлийн тэргүүлэх зорилт болсоор ирсэн, болсоор ч байгаа. Гол мөрний усыг янз бүрийн хийцтэй боомтуудаар хааж хиймэл нуурууд үүсгэн хамгийн хямд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, цэвэр усны найдвартай эх үүсвэр бий болгох, хүн амаа баталгаатай хүнс тэжээлээр хангахын тулд усалгаатай тариалан эрхлэх, ус дутагдалтай бүс нутагт шилжүүлэх, эко аялал жуулчлал хөгжүүлэх гэх мэт маш олон зориулалтаар ашиглаж байна. Усан цогцолборуудын хүчээр хуурай цөл газрыг ч гайхамшиг болгон хувиргаж байгаа техник технологийн үр дүнг бид өнөөдөр хаанаас л бол хаанаас бэлхэн харж болно.

photo1

БНХАУ өмнөд хэсгийн ус ихтэй бүс нутгаас хойд хэсгийн ус багатай газар нутагт зүүн, дунд, баруун гэсэн гурван том шугамаар Хөх мөрнөөс Шар мөрнийг гатлуулан усыг хэдэн мянган км зайд шилжүүлэн ашиглаж байна.

Япон, БНСУ зэрэг улсыг далай тэнгисийн орон учраас усны асуудалгүй гэсэн ерөнхий ойлголт бий. Гэвч үнэндээ газар нутгаараа манай орноос 4-5 дахин бага, хүн амаараа 20-50 дахин их бөгөөд  Сэлэнгэ, Орхон, Эг, Хэрлэн, Туул, Ховд голуудтай эн зэрэгцэх томоохон гол цөөн учраас цэвэр усны нөөц ихээхэн асуудал дагуулдаг. Тиймээс мянга мянгаар тоологдох усны боомтыг бүтээн босгож, үр шимийг нь хүртэж байгаа юм.

photo2

1992-1994 онд ердөө хоёрхон жилийн дотор барьж байгуулсан БНХАУ-ын “Гурван хавцал” хэмээх энэхүү усан цогцолбор нь өнөөдөр дэлхийн №1-т бичигдэж байна.

БНСУ-ын төр засгийнхан “Бидний бүтээн байгуулсан усан цогцолборууд бол манай улсын хөгжлийн гурван гол стратегийн нэг” хэмээн бахархан ярьдаг. Мөн ОХУ Ангар мөрөн дээр Братск, Иркутск, Усть-Илимск, Богучанскийн гэсэн дөрвөн том УЦС барьж, ашиглаж байна. Энэхүү УЦС-уудын үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүч нь жилд 24.8 сая тонн нүүрс, 60.7 сая тонн хүчилтөрөгч шатаах байсныг хэмнэж, агаарт болон байгальд хаягдах их хэмжээний хорт бодисоос урьдчилан сэргийлж чаджээ. Ийм ч учраас дэлхийн улсууд тогтвортой, үр ашигтай хөгжлийн төлөө усан боомтуудыг уралдан барьсаар, ус дагаж хөгжин цэцэглэсээр байна. “Томоохон боомтуудын олон улсын комисс”-ын тооллогоор сүүлийн 45 жилийн дотор 48 мянга орчим боомтыг дэлхийн өнцөг булан бүрт барьж байгуулжээ. Усан цогцолбор байгуулж ашиглах нь байгалийн нөөцийг шавхах бус нөхөн сэргээж, хамгаалж байдгаараа технологийн болон хөгжлийн стратегийн сонгомол хувилбар гэдгийг харуулж байгаа юм.

Энэ мэтээр усны барилга байгууламжийн үр өгөөжийн бодит жишээг дурдаад байвал барагдахгүй. Товчхондоо, дэлхий нийтэд нэгэнт танигдаж, судлагдчихсан, ямар нэгэн эргэлзээ дагуулахгүй технологийн хөгжил гэсэн үг.

photo3

ОХУ, Ангар мөрөн дээр барьсан Усть-Илимск УЦС.

Хөгжилд хөндөлсөх монгол “ухаан”

Хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал болох уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, цөлжилтийг сааруулах үзэл баримтлалтай яв цав нийцэж буй усны барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүчний технологиос манай улс уг нь тийм ч хол хаягдчихсан юм биш. Хаа байсан 50, 60-аад оноос энэ чиглэлийн томоохон судалгаануудыг гадаад дотоодын хамтарсан экспедицүүд хийж ирсэн. Төр засгаас ч ач холбогдолтой шийдвэрүүдийг гаргаж байжээ. Харин бодит ажил хэрэг болгосон нь хуруу дарам цөөн. Өнөөгийн технологийн хөгжлийн эринд бид бүх тооцоо судалгаа нь гарчихсан төслийг ямар ч үндэслэлгүйгээр эсэргүүцэн зогсоож байна.

“Хэрлэн-Тооно усан цогцолбор” төслийн тодоос тод жишээг харж болно. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны 6-р сарын 10-ны өдрийн 127 тоот тогтоолыг үндэслэн “Хэрлэн голын сав нутгийн усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах ерөнхий схем”-ыг 1977-1980 онд боловсруулсан байдаг.

photo4

Хэрлэн голын усыг нэгдмэлээр ашиглах тухай анхны баримт бичиг.

Энэ үеэс эхлэн Хэрлэн голын усны нөөцийг тооцох, бүс нутаг хооронд дамжуулан ашиглах талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн байгуулагуудын олон арван дүгнэлт гарсан.

Өнөөгийн “Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ”-ээр тооцоход зөвхөн хуримтлуулсан усаа уул уурхайн бүс нутагт нийлүүлэх замаар орон нутгийн төсөвт жилдээ 180 тэрбум төгрөгийн орлого оруулах энэ төсөл одоогоос 10-аад жилийн өмнө бүрэн хэрэгжих боломжтой байв. Төслийн бусад ач холбогдол тооцоо судалгааг бичвэл олон зуун хуудас баримт болно. Харин ямар өчүүхэн шалтгаанаар зогссоныг эргэн саная.

Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ төслийг эсэргүүцэн “Хэрлэн мөрөн хэрчигдэх ёсгүй” гэсэн нийтлэл бичиж, нутаг усаа дээдэлдэг малчин иргэд төслийн ач холбогдол, технологийн нарийн горимыг анхааралгүй сэтгэлийн хөөрлөөр шууд түүнийг дэмжсэн. Жирийн иргэд төдийгүй томоохон сонин хэвлэлийн тоймчид хүртэл өөрийн говь нутгийнхны усгүйн зовлонг үл хайхран Өвөрмонголын Далай нуур ширгэчих вий хэмээн уулга алдан бичицгээж байлаа. Энэ мэт жишээг эндээс http://news.gogo.mn/r/6699 дэлгэрүүлэн уншиж болно.

photo5

“Хэрлэн-Тооно” усан цогцолбороос Зүүн өмнөд говийн бүсийн төв суурин, уул уурхайн үйлдвэрүүдийг усаар хангах гол шугам хоолойн трасс. Энэ төслийг хэрэгжүүлэхэд урьдчилсан тооцоогоор 480-600 сая ам.доллларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

photo6

Техникийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Батдорж

“Хэрлэн-Тооно усан цогцолбор” төслийг боловсруулсан Монгол Улсын зөвлөх инженер, доктор Ц.Батдорж “Усны барилга байгууламжийн томоохон төслүүдийг мэргэжлийн бус хүмүүс муйхраар эсэргүүцэж, улс төрийн зорилгоор олон нийтэд сөрөг ойлголт төрүүлж буйгаас бид дэлхийн хөгжлөөс маш их хоцорч байна. Үнэхээр экологи, эдийн засгийн хохирол учруулах асуудал байвал тооцоо судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ярих ёстой. Харамсалтай нь, тэдэнд ямар ч тоо баримт байдаггүй. Ердөө ийм л шалтгаанаар бид улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах төслүүдээ 20, 30 жилээр гацааж байна. Ер нь томоохон гол дээр урсацын тохируулга хийснээр гол ус ширгэдэггүй. Харин ч экологийн таатай нөхцөл бүрэлддэг. Хэрэв эрсдэлтэй байдаг бол дэлхий нийтээр эсэргүүцэх ёстой шүү дээ. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар зохион байгуулдаг COP-18 уулзалтаас “Цөлжилтийг сааруулах гол арга зам бол хиймэл усан цогцолборууд байгуулах явдал” гэдгийг тодорхой тунхагласан. Экологи, эдийн засгийн үр ашгийг сүйрэл гэж ухуулдаг муйхар үзэл зөвхөн манайд л байна” хэмээн цөхрөнгүй ярьж сууна.

Олон жил дараатай хэвтсэн Эгийн голын УЦС-ын төслийг энэ жилээс эрчимжүүлэхээр болсон. Гэвч бас л “Байгал нуур ширгэнэ” гэсэн барьцгүй суртал ухуулга гараад эхэллээ. Мэргэжлийнхэн л хүчтэй дуугарч байхгүй бол Хэрлэнтэй адил хэлмэгдэж, хэдэн арван жилээр хойшлох эрсдэлтэй.

photo7

“Туул” усан цогцолборын ерөнхий төлөвлөгөө. “Монхидроконстракшн” ХХК-ийн судалгааны материалаас.

Одоогоос 30 гаруй жилийн өмнө ОХУ-ын “Гипрокоммунводоканал” институт боловсруулж, 2006 оноос “Монхидроконстракшн” ХХК үргэлжлүүлэн гүйцэтгэсэн Туул гол дээр урсацын тохируулга хийж Улаанбаатар хотын усны хэрэгцээг найдвартай, хүрэлцээтэй эх үүсвэртэй болгох, Туул голын экологийг хамгаалах, УЦС байгуулах ТЭЗҮ бодит ажил болох эсэх нь бас л эргэлзээтэй байна. Уг нь энэ төслийн хөрөнгө оруулалт харьцангуй бага буюу 130 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэлээ ч улс орны эдийн засаг хүнд байгаа гэх шалтгаанаар нэн чухал төслүүдийн хөрөнгө оруулалт нэг мөр шийдэгдэхгүй хойшилсоор.

Бага чулуугаар их чулуу хөдөлгөе

Том төслүүдийн хувь заяанд жижиг шалтгаанууд яаж сөргөөр нөлөөлдгийг бид хангалттай харлаа. Тэгвэл одоо жижиг жишээгээр том боломжуудыг нийтэд ойлгуулах нэг алхам санал болгоё.

Аялал жуулчлал бол эдийн засаг, экологийн чухал ач холбогдолтой салбар. Товчоор хэлбэл, байгалийн үзэсгэлэн, унаган төрх, тогтоцыг түшиглэсэн аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээ нь тухайн бүс нутгийн экологийг хамгаалах гол хүчин зүйл болдог. Энэ зарчмын дагуу нийслэл хотын зүүн хойд хэсэг буюу Улайстай голын сав дагуу Шар хад уулыг түшиглэсэн эко-аялал жуулчлалын шинэ бүс байгуулъя. Өндөр уулаар хашигдсан голын тохойрч буй хэсэгт урсацын тохируулга хийх замаар бага хэмжээний талбайтай /ойролцоогоор 1.5 га/ хиймэл нуур байгуулах боломжтой.

photo8

Улиастай гол дээр хиймэл нуур байгуулах боломжтой байршил.

Хиймэл нуураа түшиглэн аялал жуулчлал, амралт зугаалгын үйлчилгээ явуулах хэрэгтэй. Усан сангийн орчимд агаарын чийгшилт нэмэгдэж, бичил цаг уурын тааламжтай нөхцөл бүрэлддэг. Түүнчлэн, өдрөөс өдөрт урсац нь татарч буй Улиастай голыг сэлбэж сэргээх чухал хүчин зүйл болно. Яагаад гэвэл Улиастай гол нь хур тунадас ихтэй жил гадаргын ус нь газрын доорх усаа, хур багатай жил газрын доорх ус нь гадаргын усаа тэжээдэг аж. Тиймээс гол дагуу байнгын устай хиймэл нууртай болсноор газрын доорх усны түвшин аажмаар дээшилж, байнгын урсацтай болж экологийн доройтол сэргэнэ.

photo9

“Алтайн хөндий” цогцолбор.

Алтайн бүгд найрамдах улс нийслэл хотынхоо ойролцоо “Алтайн хөндий” хэмээх энэхүү гайхамшигтай аялал жуулчлалын цогцолборыг голын эрэг дагуу бүтээн байгуулсан. Энэ нь газар зүйн байршил тогтцын хувьд Улиастайн хөндийтэй нэн төстэй. Эдийн засаг, аялал жуулчлалын “Алтайн хөндий” төсөлтэй энд дарж http://altaidolina.ru/index/altajskaja_dolina_altay_valley/0-2 дэлгэрэнгүй танилцаарай.

Өнөөдөр нийслэл хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Скай резорт” хоёроос өөр амралт зугаалгын томоохон газар байхгүй. Тэгвэл хотын төвөөс ердөө наймхан км зайд “Улиастай” амралт зугаалгын цогцолбор байгуулж чадвал гадаадын жуулчид гэхээс илүүтэй дотоодын иргэдийн очих дуртай газар болох нь дамжиггүй юм. Хиймэл нуураа өвөлд нь мөсөн гулгуурын талбай болгоод жилийн дөрвөн улиралд үр дүнтэй ашиглаж болно шүү дээ. Энэ мэт арга хэмжээг зохион байгуулалттайгаар авч хэрэгжүүлэхгүй бол нийслэлийн ойр орчмын голууд маань харж хандаж, хайрлаж хамгаалах эзэнгүй болж, бохирдон ширгэсээр.

photo10

Улиастай голын өнөөгийн байдал. 2015.04.25

Хотжилтын үйл явц хурдсахын хэрээр байгаль экологид түшилэсэн амралт зугаалгын эрэлт нэмэгдэж байгаа. ССАЖ-ын яамнаас 2013 онд хийсэн судалгаанд нийслэлийн иргэдийн 35-56 хувь нь амралтын өдрөөрөө агаар салхинд гардаг болохыг дурджээ. Тэгэхээр энэхүү эрэлтэд тулгуурласан эко-бүтээн байгуулалт нь хөрөнгө оруулалтаа хялбар нөхөх буюу ямар нэгэн эрсдэлгүй болохыг харуулж байна.

Иймэрхүү бага хэмжээний усан байгууламжид хөрөнгө оруулалт ч бага шаардана. Харин үр дүнг нь хүртээд ирэхийн цагт иргэд олон нийт хийгээд “их мэдэгчид” маань усны байгууламжийн ач холбогдлыг бодитоор мэдрэх боломжтой. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Зөвхөн Улиастай гол дээр санал болгож буй энэ байршилд төдийгүй Туул гол дагуу амралт зугаалгын бичил дэд бүтцүүдийг хөгжүүлэх нэн шаардлагатай.

photo11

Хаяагийн шороон боомт.

Энэ бүхнийг зориглоод шийдээд хийвэл биелэх боломжгүй хоосон мөрөөдөл биш бөгөөд Улиастай голоос ч бага урсацтай Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дахь Хаяагийн гол дээр тэртээ 1987 онд 36 метр өндөр, 360 метр урт шороон боомт байгуулж, 3 сая шоо метр эзэлхүүн бүхий усан сан үүсгэсэн туршлага бий.

Усаа ашиглаж улсаа хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд үр дүнтэй дасан зохицох өргөн боломж бидний өмнө хэзээд нээлттэй байгааг шийдвэр гаргагчдадаа сануулах зорилготой энэхүү нийтлэлээ залуу судлаач Б.Урангоогийн хэлсэн “Усны менежментээ боловсронгуй болгож, мэдлэгт суурилсан эдийн засгийг бодитой бүтээж, ногоон үзэл баримтлалаар хөгжицгөөе. Ус бол хөгжлийн түвшинг тодорхойлох хүчтэй хэрэгсэл юм шүү” гэсэн үгээр өндөрлөе.

Энэ өгүүллийг 2015 онд www.gogo.mn сайтад нийтэлсэн.

Хариулт үлдээх

Your email address will not be published.