НИТХ нэг гараараа хийсэн ажлаа нөгөө гараараа нурааж байна

Uliastai

Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлээс шалтгаалсан экологийн хямралыг таслан зогсоох, дасан зохицох, даван туулах гэдэг зөвхөн манай улсын төдийгүй хүн төрөлхтний өмнө томоохон сорилт болоод удаж байна. Онгон зэрлэг байгаль, хот суурин газрын алинд ч экологийн асуудал хурцаар тавигдаж, алсыг харсан бодлогын нарийн зохицуулалт шаардах болсон. Гэтэл манай төр засгаас хэрэгжүүлж буй зарим бодлого, шийдвэр аюул эсрдэлээс урьдчилан сэргийлэх бус асуудлыг улам дэврээсэн зөрчил дагуулж эхэллээ. Энэхүү нийтлэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах Улиастай гол буюу хотын иргэдийн хувь заяатай холбоотой төр засгийн шийдвэр хэрхэн зөрчилдөж буйг хөндлөө.

Хэнтий нурууны салбар уулсаас эх авч Улиастайн хөндий уруудан 34 орчим км урсч, нийслэл хотын зүүн хэсгээр Туул голд цутгадаг энэ голд гамшгийн аюул хэдийнэ нүүрлэсэн. Товчхондоо, нийслэлийн баруун хойд хэсэг рүү урсаж байгаад хотжилтын нөлөөгөөр ширгэсэн Баруун, Зүүн салааны голын эмгэнэлт хувь тавиланг давтахад ойртсон гэсэн үг.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх гадаргын усны мэдээллээс

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх гадаргын усны мэдээллээс

­Голын сав дагуу Баянзүрх дүүргийн 9, 23 дугаар хороо /Улиастай, Шар хад/-ны гэр хороолол сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлж, хууль ёсны зөвшөөрөлгүй айлууд шинээр суурьшиж байна. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжуудаар 2009-2012 онд Улиастай голын эх, ойн сан бүхий газрын нөхөн төлжих бүс, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд 246 иргэнд ахуйн зориулалтаар газар олгосон байна. Гэхдээ эдгээр айлын дийлэнх нь газар эзэмших гэрчилгээгүй. Ийнхүү голын сав дагуу суурьшлын бүс тэлснээр зөвхөн Улиастай төдийгүй Туул гол татарч ширгэх, нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр бохирдох, улмаар нийтийг хамарсан халдварт өвчин гарах эрсдэл нэмэгдэж байгаа юм. Учир нь Улиастай гол Туул голын үндсэн цутгалын нэг бөгөөд хоёр гол нийлж буй бэлчирт нийслэлийн цэвэр усны эх үүсвэр болсон худгууд байдаг. Тэгвэл төвийн нэгдсэн дэд бүтцэд холбогдоогүй гэр хорооллуудын ил задгай жорлон, бохир ус, хог хаягдал хөрс, усыг хамгийн ихээр бохирдуулж буйг мэргэжлийнхэн байнга сануулсаар байна. Жишээ нь, МУИС-ийн Газар зүй, геологийн сургуулийн доктор Д.Даваадорж “Одоогоос 10 жилийн өмнө Улаанбаатар хотын гүний усны судалгааг Гачууртаас Амгалан хүртэлх зайд хийсэн. Нийслэлчүүдийн хэрэгцээний усыг хангадаг худгуудын 150 метрийн гүнээс шинжилгээ авахад гэдэсний өвчин үүсгэгч бактери илэрч байсан” хэмээн ярьж байна. Харамсалтай нь, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд төсөв мөнгө хүрэлцээгүй учраас Улиастай гол дагуух хөрс, усны бохирдол өдгөө чухам ямар төвшинд байгааг нарийвчлан тогтоож судлаагүй аж. Ямартай ч, нийслэлийн дэд бүтэцгүй гэр хорооллуудад хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-16 дахин их байна гэсэн судалгааны дүнг олон эх сурвалжаас харж болно.

Энэ мэт эрсдэлт хүчин зүйлийг харгалзан Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /НБОНХГ/-аас 2014 онд Улиастай голын эхийг “Байгалийн цогцолборт газар”-ын ангиллаар Орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал боловсруулж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-аас 2014.05.20-ны өдөр 73 тоот тогтоол гаргуулж чаджээ.

Togtool 73

Улиастай голын эхийг Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай НИТХ-ын 73 тоот тогтоол

Уг тогтоолоор Улиастайн хөндийн Бурхантын хошуу, Баянгол, Баянбулаг, Богино, Бадраа, Химит, Шарын амыг хамарсан нийт 22 818.1 га талбайг тусгай хамгаалалттай болгож, холбогдох хуулийн дагуу онцгой, аялал жуулчлалын, хязгааралтын гэсэн гурван бүсийн дэглэмийг тогтоосон. Ингэснээр дээрх 200 гаруй айл хамгаалалтын дэглэмийн дагуу байгалийн цогцолборт газрыг чөлөөлөх нөхцөл бүрдэв. Энэ бол Улиастай, Туул гол, нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалахад өндөр ач холбогдолтой нэн чухал шийдвэр байлаа.

…Улиастайн сав газрын нутаг дэвсгэрийн 81.5 хувийг шинэс, хуш, гацуур, бургас, улиас бүхий ойн сан эзэлдэг. 35 төрлийн эмийн ургамалтай…

Tusgai hamgaalalttai gazar

“Улиастай голын эх” – Байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын бүс

Гэвч асуудал цэгцрэх бус улам дэврэх нь тэр. НИТХ Улиастайн эхийг тусгай хамгаалалтад авахаас яг жилийн өмнө буюу 2013.05.30-нд 10/39 тоот тогтоол баталж, Улиастай голын сав, ойн сан бүхий газар буюу Их, Бага цуурайн аманд нийт 141.6 га талбайг шинэ суурьшлын бүс болгохоор төлөвлөчихсөн байв. Тиймээс Нийслэлийн Засаг дарга 2014.04.07-ны өдөр НИТХ-д 01/1009 тоот албан бичиг илгээж дээрх хоёр байршлыг төлөвлгөөнөөс хасуулах санал гаргажээ.

01009

Улиастайн эхэнд төлөвлөсөн байршлыг хасуулах тухай Нийслэлийн Засаг даргын албан тоот

Өөрөөр хэлбэл, Улиастайн эхийг тусгай хамгаалалтад авахын тулд цаашид үүсэх том эрсдэлийг тооцож, урьдчилан шийдэх гэж хичээсэн гэсэн үг. Гэсэн ч НИТХ үүнийг үл хайхран уг асуудлыг шийдэлгүйгээр Тусгай хамгаалалтад авах тухай тогтоолыг нь баталчихсан. Тухайн үедээ экологийн өндөр ач холбогдолтой шийдвэр гаргасныг олон нийт талархан хүлээж авав. Харин цаанаа ямар их зөрчил агуулж дагуулж буйг хэвлэлийнхэн өдий болтол анзаарсангүй.

1039

Газар өмчлүүлэх байршил, хэмжээг тогтоох тухай НИТХ-ын 10/39 тоот тогтоол

Ингээд энэ оны нэгдүгээр сард иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх ажлын хоёрдугаар ээлжийг зохион байгуулж, Улиастайн эхэнд шинээр 332 иргэн хууль ёсны дагуу газар өмчлөх эрхтэй болсон юм.

Gazar omch2

Gazar omch

Тусгай хамгаалалттай бүсэд давхардсан суурьшлын бүсийн төлөвлөлт

Өмнө нь газар эзэмших гэрчилгээгүй суурьшиж байсан 200 гаруй айлыг цэгцэлж амжаагүй байтал бүр өмчлөх гэрчилгээтэй 300 гаруй айл нэмэгдсэн учраас одоо байдал улам хүндэрнэ. Нэгэнт өмчлөх гэрчилгээгээ авчихсан айлууд урин цагтай зэрэгцэн ус, агаар сайтай энэ газар руу яаран нүүнэ. Газрын албанаас нэгдсэн зохион байгуулалт хийсний дараа айлуудыг суурьшуулна гэж байгаа ч суурьшихаас өмнө өмчилсөн газраа баталгаажуулах гэж ямар их хөл хөдөлгөөн болдгийг Сонгинохайрхан дүүргийн Соёондын амны жишээгээр харж болно.

Soyond

Соёондын амны талхлагдсан байдал. Google Earth-ийн зураг.

Нэгдсэн дэд бүтэц байтугай авто зам ч бариагүй учраас энэ их хөл хөдөлгөөний нөлөөгөөр Улиастайн сав газрын ургамал ногоо талхлагдаж, гол ус нь бохирдож, хамгаалалтын дэглэмийн утга учир алдагдана. Энэ талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдах газрын ахлах мэргэжилтэн н.Шижирболд “Нэгэнт эрх бүхий байгууллагын шийдвэрээр тусгай хамгаалалтад авчихсан газрыг иргэдэд өмчлүүлсэн үйл ажиллагаа явуулсан нь буруу. Тусгай хамгаалалтад авсан байгальд суурьшлын бүс сөрөг нөлөө үзүүлнэ. Улсын тусгай хамгаалалттай газарт бол орчны бүс тогтоож болдог. Харин орон нутгийн тусгай хамгаалалттай газарт орчны бүс гэж байдаггүй” гэсэн юм.

…Улиастайн сав газарт үнэг, чоно, гахай, туулай, хярс, хэрэм, тарвага, ойн булга, дорго, мануул, нохой зээх зэрэг амьтад суурьшин амьдарч, хандгай, халиун буга, бор гөрөөс, баданга хүдэр гүйдлээр үзэгддэг…

Хуулиараа бол Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм маш нарийн. Байгалийн цогцолбор газарт барилга байгууламж барих, худаг гаргах, цооног өрөмдөх, түймрийн аюултай хуурайшилттай үед ойд нэвтрэх, газар ашиглуулж, эзэмшүүлэх хориотой. Зөвхөн хязгаарлалтын бүсэд л уламжлалт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрдөг. Гэтэл шинээр газар авсан иргэд малчид биш хотын хүмүүс. Тэгэхээр Улиастайн эхийг тусгай хамгаалалтад аваагүйтэй л адил юм боллоо. Нийслэлийн иргэдийг төлөөлж буй тэргүүлэгчид нэг гараараа хийсэн ажлаа нөгөө гараараа устгасан ийм хариуцлагагүй үйлдэл хийчихлээ.

Яагаад ийм уялдаа холбоогүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгсөөс асуухад “Улиастай дахь шинэ суурьшлын бүс бүтнээрээ Тусгай хамгаалалтын бүсэд хамаарахгүй. Цөөн тооны айл орж байгаа. Уг асуудлыг нөхөн олговор өгөөд шийдвэрлэх боломжтой” гэсэн юм. Уг байршилд газар өмчилсөн зарим иргэн “Бид анхнаасаа хашаа тоотоо ч сонгох боломжгүйгээр зөвхөн байршил сонгож цахим системээр газар өмчилж авсан. Газраа соль, өөрчил гэвэл хүлээн зөвшөөрөхгүй. Тусгай хамгаалалттай бүс гэдгийг нь ойлгоод газраа өглөө ч дараа нь ямар байршилд ямар газар өгөхийг мэдэхгүй. Төр иргэдээрээ ингэж тоглож болохгүй” гэцгээж байна.

Харин эдгээр зөрчилтэй тогтоол шийдвэрүүдийг он цагийн дарааллаар нь авч үзвэл аль нь хүчин төгөлдөр байх боломжтойг хуульч Л.Цэрэнжаргалаас асуухад “Тусгай хамгаалалтад авах тухай 73 тоот тогтоол нь Суурьшлын бүсийн байршил тогтоох тухай 10/39 тоот тогтоолоос сүүлд гарсан байна. Тиймээс газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулахдаа 73 тоот тогтоолыг харгалзах ёстой. Гэвч харгалзаж үзээгүйгээс хэд хэдэн хуулийн заалт зөрчилдөж байна. Шүүхээр л асуудал шийдэгдэх учиртай” гэлээ.

Мэдээж зөрчил үүсч байгаа учраас асуудлыг заавал шийдэх ёстой. Гэхдээ айлуудад нөхөн олговор өгсөн ч, байгалийн цогцолборт газрын хилийн цэсийг хумисан ч улс хожихгүй. Асуудал бүрэн шийдэгдэхгүй. Хамгаалалтын бүстэй хаяа дэрлэсэн энэ олон айлын суурьшил “Байгалийн цогцолборт газар”-ын мөн чанарыг алдагдуулна. Хамгаалалтын дэглэмээс гадна ойн тухай, усны тухай хуулийн хэд хэдэн заалтыг давхар зөрчинө. Яагаад гэвэл суурьшлын бүс болгож, хүний сөрөг нөлөө нэмэгдэх гээд байсан нь Улиастай голын эхийг тусгай хамгаалалтад авах үндэслэл, шаардлага болсон юм шүү дээ.

Ойн тухай хуулийн 8.6. Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно

Ер нь нийслэлийн удирдлагууд хотоо тэлж, шинэ суурьшлын бүсүүд бий болгох хангалттай газар нутагтай хэрнээ экологийн чухал ач холбогдолтой шим мандал бүхий хамгийн эмзэг газар руугаа хамгийн түрүүнд дайрч байгаа нь хачирхалтай.

3dahi2

3dahi1

Улиастайн сав газарт дахин газар олгож буй хоёр байршил

Өнөөдөр л /2015.05.01/ гэхэд Улиастай голын сав дагуу дахин хоёр байршилд цахим системээр газар олгох ажил эхэлж байна. Өмчийн харилцааны газрын хувьд НИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрийн дагуу л иргэдэд газар өмчлүүлж байгаа. Бага Улиастай ам, Богдын давааны ам нь тусгай хамгаалалтын бүсэд хамаарахгүй ч Улиастайн сав газарт багтаж байгаа учир байгаль орчны доройтлын шалтгаан, дээр дурдсан олон эрсдэлийн нэг болох нь тодорхой юм. Цаашид Улиастайн цогцолборт газрын хамгаалалтын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар НБОНХГ-ын мэргэжилтэн Ц.Байгалмаагаас тодруулахад “Ямартай ч бид хамгаалалтын хашаа, хайс барих ажлыг удахгүй эхлүүлнэ. Харин хамгаалалтын бүсэд давхардсан айлуудын асуудлыг яаж шийдэхийг бид мэдэхгүй” хэмээж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах тусгай хамгаалалттай гуравхан газар нутаг:

  1. Богдхан уул
  2. Горхи Тэрэлж
  3. Улиастай голын эх

Нийслэл хотыг хүрээлсэн тусгай хамгаалалттай газар нутгийн тоог нэгээр нэмж, үзэсгэлэнт байгалиа унаган төрхөөр нь хадгалах, Улиастай голын урсац бүрэлдэх эхийг хамгаалах, улсын нийслэлийн ундны усыг бохирдохоос сэргийлэх ажил ийнхүү зарчмын томоохон зөрчил үүсгээд байна. Дэлхийн анхны дархан цаазат Богдхан уулынхаа амуудыг орон сууцны хороолол болгочихоод адаг сүүлдээ “Хамгаалалтын дэглэмийг нь өөрчилье” гэж Засгийн газрын түвшинд ярихдаа тулсан хүмүүст нэн шинэ түүхтэй Улиастайн цогцолборт газрын асуудал өчүүхэн мэт санагдаж болох юм. Гэлээ ч экологийн хямрал гамшгийн хэмжээнд хүрэхэд хүн гээч амьтан өөрсдөө ямар өчүүхэн болохоо мэдэрнэ. Харин ийм байдалд хүрэхгүйн тулд, үүссэн хүнд нөхцөлөөс гарахын тулд төрийн бүх шатны байгууллага ажлаа нарийн уялдаатай болгож, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйгээ ягштал мөрддөг, хариуцсан ажлаа хүний төлөө, сэтгэлээсээ хийдэг болох шаардлагатай байна.

Энэ өгүүллийг 2015 онд www.gogo.mn сайтад нийтэлсэн бөгөөд тухайн оны Байгаль орчны шилдэг нийтлэлээр шалгарсан.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

нэг хариулт

  • Saihan[202.131.227.42]2016.04.11

    barimtaar zodson niitlel bn iim nitlel hovordojee