Америк мөрөөдөл vs Харьд гээсэн залуу нас

images (1)

Өвлийн ид хүйтэн тачигнасан хасах 30 хэмээс нэмэх 27 хэмд буухад сэтгэлд таатай. Онгоцноос хөл тавьмагц, Лос-Анжелос хотын “дулаан” өвлийн цэнгэг агаар цээж тэнийлгэнэ.  Цэвэр цэгцтэй гудамж талбай, замын хажуугаар шугамдсан мэт тэгш ирийсэн дал модод, уудам газар нутагтайгаа илэрхийлэх мэт таруу байрлах хоёр давхар хувийн орон сууцнууд үзэгдэх нь яг л кино шиг. Үлгэрийн юм шиг хотоор аялж, “Голливуд”-ын алдарт гудамж, “Юниверсал” студи зэрэг жуулчдад зориулсан сайхан бүхнийг үзэж явсаар хэдэн өдрийг өнгөрүүллээ.

Энд ирсэн завшаанаар америкт ажиллаж амьдарч буй монголчуудын төлөөлөл болох гэр бүлийн хоёр Д.Аварзэд, Д.Наранцэцэг нартай бяцхан хөөрөлдөв. Тэд бусадтай л адил сайхан мөрөөдөл өвөрлөн энд ирсээр хэдийн 15 жилийг ардаа орхижээ.

“Энд орон сууцтай болно гэдэг нь жинхэнэ “american dream”.  Бидний мэдэх энгийн хоёр өрөө байр гэхэд л монгол мөнгөөр тэрбум шахам төгрөг. Харин түрээслэхэд  сарын 1600-3000 ам.доллар байдаг. Гэтэл энэ хэмжээний мөнгөөр монголдоо орон сууцтай болоод сайхан амьдрах боломж  байна. Биднийг эзгүй хойгуур эх оронд маань хятад болон бусад орны иргэд өндөр цалинтай ажиллаж байна. Үүний тод жишээ нь барилгын салбар. Бид хамаг залуу насаа харьд хямдаар үнэлээд дууслаа. Хэрэв төр засаг бидний хөдөлмөрийг өндрөөр үнэлдэг байсан бол бид эх орондоо л амьдрах сан” хэмээн хосууд хоолой зангируулан ярьцгааж байна.

1990 оны ардчиллаас хойш сайн муу олон  үр дагаврыг авчирсан. Үүний  нэг нь хаалттай байсан улс орнууд руу чөлөөтэй зорчих эрхтэй болсноор гадаад руу хөврөх залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.  Монгол айл бүрт архичин, бөө, сүлжээний наймаачин болон гадаадад амьдардаг хүн байдаг гэх хошин яриа ч гарсан.

Калифорни мужийн Лос-Анжелос хотод 10-12 мянган монгол иргэн байдаг гэсэн албан бус судалгаа байдаг. Америк явах нь Монгол залуусын хувьд мөрөөдөл болчихоод байгаа нь нууц биш. “Америкийн өнгө”, “Америкт суугаа Монголчууд” гэх нэвтрүүлэгт   тэнд оршин суугаа боломжийн амьдралтай цөөн тооны хүмүүсийг оролцуулан “америкт амьдрах диваажин” мэт сэтгэгдлийг залууст хүчтэй нөлөөлж явах хүсэл мөрөөдлийг нь төрүүлсээр.

Гэтэл үнэндээ америк дахь дийлэнх монголчууд аяга, таваг, шал угаах, пицца зөөх, хөгшдийг асрах, такси барих зэрэг хүнд хүчир хар бор ажлыг хийдэг.

Энэ нь сайн сайхан амьдралыг хүссэн  залуучуудын буруу биш.

Америкийн нэгэн телевизийн сувгаар монголын тухай гарсан саяхны нэг нэвтрүүлэгт траншейны хүүхдүүд, “өвгөнт”-ийн тодотголтой архичид, далан давхрын оршуулгатай зэрэгцсэн айлууд зэрэг монголд байдаг бүхий л хар барааныг дурдсан нэвтрүүлэг гарч байх юм.

Улс орныхоо сайн сайхныг сурталчилж, гадны жуулчдыг татдаг атлаа бусад орны хүнд хэцүү, хар бараан амьдралыг иргэддээ мэдээлэн таниулдаг ийм бодлого манай оронд огт алга

Энэ мэт санаатай,  санаандгүй хийсэн төр засгийн бодлого болоод хэрэгжүүлэлтийн цаана эх орон минь эзэнгүй үлдэх вий дээ.

М.Агиймаа

Хариулт үлдээх

Your email address will not be published.

нэг хариулт

  • Anonymous[202.9.41.61]2017.05.11

    Архичин,бөөтэй зэрэгцүүлхээр хүмүүс бишшүү,тэд нар та нарыг хоосолдог бол наад хүмүүс чинь та нарыг тэжээж эх оронд эргэлдэж байгаа цөөн хэдэн валютыг авч ирдэг
    Тэгээд ч та нар хөөрхийлөөд яах вэ дэ