Юугаар ч нөхөшгүй эрүүл мэндээ эрсдэлд оруулсаар л байх уу

11y9yt3xg0inlammpnorv2bz6

Хархорин худалдааны төвийг тойрсон нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс наймаа хийж, амьдралаа залгуулдаг иргэд олон. Зарим нь сайн дураараа худалдаа эрхэлдэг. Зарим нь лангууны түрээсээ төлж дийлэхгүйгээс, мөн татвараас санаатай зайлсхийж худалдаа эрхлэх сонирхолтой хүмүүс байдаг.

Тэдний зарж байгаа гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хуйхалсан толгой, чихэр бохь болон бусад бараануудын үнэ хямд төсөр. Гэвч эрүүл мэндийн баталгаагүй байдаг нь гол асуудал юм. Гар дээрээс худалдаа эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс амжиргааны түвшин доогуур орлоготой айл өрхүүд болон хүүхэд, багачууд голлон худалдан авдаг. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, төрөл бүрийн халдварт өвчин тусах магадлалыг ихэсгэж байна. Мөн ил задгай худалдааг дагаад орчны бохирдол хог хаягдал ихээр үүсдэг. Явган хүний зорчих хэсгийг тэр чигээр нь хаан ил задгай худалдаа хийж байгаа нь явган зорчигчдод хүндрэлтэй. Мөн энэ хавьд хулгай, дээрэм тасардаггүй  бөгөөд ялангуяа хүүхэд, хөгшид гар утас болон эд зүйлсээ хулгайд алдах гэмт хэрэг, зөрчил гомдол тасардаггүй.

Хэсэгхэн хугацаанд ажиглахад хүнсний ногоо бусад бараанаас эрэлттэй байлаа. Гар дээрээс худалдаа эрхлэгчид Барс захаас хаягдал голдуухан чанаргүй, муудах тийшээ хандсан хүнсний ногоо жимс, жимсгэнийг хямдхан худалдан авч түүнийгээ ангилан савлаж борлуулдаг аж. Өөрөөр хэлбэл харагдах байдлаасаа эрүүл мэт боловч, хүнсэнд хэрэглэхэд тун аюултай бүтээгдэхүүнийг иргэд, хүүхдүүд худалдан авч байна гэсэн үг.

 

Харин бохь, чихэр, шарсан төмс гэх мэт бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийг хаанаас авч борлуулдагийг нь мэдсэнгүй.

Дайвар бүтээгдэхүүнийг ахуйн орчинд боловсруулан зарж байна. Тоос шороо, нар, салхи, байгалийн ямар ч үзэгдэл задгай талбайн наймаачдад сонин биш. Гагцхүү иргэдийн хөл хэзээ ч тасардаггүй энэ газар юу ч юм бэ зарж л байвал, хэдэн төгрөг олж л байвал болдог мэт ээ.

Нөгөөтэйгүүр манай зарим иргэдийн хүнсний эрүүл ахуйн боловсрол дутмаг байдаг нь үүнтэй холбоотой. Санхүүгийн боломж муу байлаа ч гэсэн 600 төгрөгөөр нэг кг баталгаатай төмс худалдаж авах уу, 300 төгрөгөөр хоёр кг муудсан төмс авч, хэзээ ч худалдан авч болдоггүй эрүүл мэндээ эрсдэлд оруулах уу гэдэг нь зөвхөн таны шийдэх хэрэг аж.

Эх сурвалж: БГД-ийн Эрүүл Мэндийн Төв

Хариулт үлдээх

Your email address will not be published.