БЗД-ийн 200 гаруй иргэн, албан хаагч цусаа хандивлалаа

18697907_1484548924943016_1754667102_o

Дэлхийн “Донорын өдөр”-ийг тохиолдуулан БЗД-ийн ИТХ, ЗДТГ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Улаан загалмайн хороотой хамтраад гурав дахь жилдээ “Донорын өдөрлөг” зохион байгууллаа. Сайн дураар цус бэлэглэж, бусдын амь аврах энэхүү сайн үйлсэд

  • БЗД-ийн иргэд
  • ИТХ-ын төлөөлөгчид, ажлын алба
  • Засаг даргын Тамгын газрын албан хаагчид
  • Тус дүүргийн 28 хороо нэгдэж өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.

“Авлагагүй донор” уриатай энэ өдөрлөг нь

  1. Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх
  2. Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах
  3. Цусны донорын үйлсийг сурталчилах
  4. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
  5. Ач холбогдлыг таниулах зорилготой юм.

“Цусаа бусдад хандивлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө” гэх ташаа ойлголт олон нийтэд байдаг ч бодит байдал дээр эсрэгээрээ тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага гэж шинжлэх ухаан нотолжээ.

 

Нэг удаа 350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг байна. Хүний биед байх таван литр цуснаас нэг удаа 350-400 грамм цус авах нь өчүүхэн бага хэмжээнд тооцогддог ажээ. Цусаа өгснөөс хойш эрэгтэй хүн хоёр, эмэгтэй хүн гурван сарын дараа дахин цусаа хандивлаж болохыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

Өдөрлөгийн үеэр БЗД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа

“Энэ аянд манай дүүргийн албан хаагчид, иргэд, иргэдийн төлөөлөгчид идэвхтэй оролцдог. Нэг үеэ бодвол цусны донор болж, цусаа хандивлах нь нийгэмд ямар чухал ач холбогдолтойг хүмүүс сайн ойлгож, зөв эерэг талаас нь хардаг болсон байна. Хүний амь аврах, хүнд өвчтэй хүмүүст туслах гэдэг үнэхээр буянтай үйл шүү дээ. Бид энэ үйл ажиллагаагаар дамжуулж дээрх ач холбогдлуудыг олон нийтэд ойлгуулан таниулж, хариу нэхэхгүйгээр цусаа бүгд бэлэглэж, бусдыгаа аварцгаая гэж давхар уриалж байгаа юм.

Өнөөдрийн үйл ажиллагаанд дүүргийн нийт албан хаагч, ИТХ-ын Ажлын албаныхан, 28 хорооны Засаг дарга нар, Иргэдийн хурлын 41 төлөөлөгч, иргэд гээд 200 гаруй хүн цугларч цусаа хандивлаж байна. Хүрэлцэн ирсэн донорууддаа баярлалаа гэлээ.

Тогтмол цусаа өгдөг донорууд хэзээ ч цус багадалтаар өвчилдөггүй, харин ч цус алдалтыг тэсвэрлэх чадвартай болдог байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон өнгөрсөн онд “Шилдэг донор” хамт олноор шалгарч байсан бөгөөд энэхүү буянтай үйлсээ жил бүр уламжлал болгон үргэлжлүүлж байгаа юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.