ӨӨР ӨНЦГӨӨС ХАРЖ ӨЛГӨЖ ТАВИХ УХААН

2vjhv6ce3a49pmg22qpuhp5ki0_b

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Сэтгүүл зүйн хөндүүр сэдэв” шүүмжийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр цувралаар нийтэлж байна. Сэтгүүлзүйн судлаач,  доктор профессорТ.Баасансүрэнгийн бичсэн энэ шүүмж нь тус уралдааны Гутгаар байрын шагналыг хүртсэн юм.

Сэтгүүлзүй эрин цаг үеийнхээ түүхийг буюу нийгэмд болж байгаа үйл явдлыг бичиж, тэмдэглэж үлдээдэг. Үнэн бөгөөд бодитойгоор. Санаанаасаа зохиомжлохгүй. Баримтад тулгуурлана. Уран зохиолоос ялгарах гол онцлог нь энэ. Тэгэхдээ өөрийн гэсэн өвөрмөц бичлэгийн аргуудтай. Түүнийг нь бид утга агуулгаар нь мэдээ мэдээллийн төрөл, нийтлэл уран сайхны бичлэгийн төрөл гэх зэргээр ерөнхийд нь дөрвөн төрөлд хуваадаг. Төрөл бүрийг дотор нь зүйлчлэн ангилдаг юм. Зүйл гэдэг нь жанрыг хэлж буй. Мэдээ, сурвалжлага, тэмдэглэл, өгүүлэл, найруулал, эссе гэх зэргээр зааглаж ялгана. Эдгээр зүйл буюу жанр нь дотроо бас задарна. Жишээ нь өгүүлэл гэхэд асуудал дэвшүүлсэн өгүүлэл, редакцийн өгүүлэл, тэргүүн өгүүлэл, дагавар өгүүлэл гэх зэргээр нарийвчлагдана.

Сэтгүүлч хүн сэтгүүлзүйн бүх төрөл, зүйлээр бичиж чаддаг байх учиртай. Тэгэхдээ бүх төрөл, зүйлээр алдрын оргилд гарна гэж бараг үгүй. Практикаас харахад аль нэгээр нь дагнан бичиж байж сая амжилтад хүрдэг. Үүний тод жишээ нь хөрөг бичигч Ш.Цэрэнпил, ярилцлагын мастер Б.Ганчимэг, зураглал туурвигч Б.Золбаяр болно. Тэдний бүтээл туурвилыг задлан шинжилж үзэхэд үйл явдал, үзэгдэл юмсад хандах хандлага, түүнийгээ илэрхийлэн гаргах арга барил нь ихэд өвөрмөц, хүний олж хараагүй өнцгөөс олж харж, огт бодож байгаагүйг сонгож аваад өөрийн гартаа оруулж авсан бичлэгийн төрөл зүйлээр товойлгож дүрслэн гаргасан байдаг юм.

“Өдрийн сонин”-ны сэтгүүлч Э.Энэрэлийн “Ямар уужим юм бэ, наран хүний сэтгэл”, “Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг”, “Малтай байсан бол Сибирийг цатгах байлаа”, “Хонины махны халуун тогоонд дурлах болсон Хятадад бид махаа гаргана”, “Австралид үер болохыг хүлээснээс” зэрэг нийтлэлийг уншаад дээрх бодол минь улам лавшрав. Залуу сэтгүүлч Э.Энэрэлд аливаа асуудлыг өөр өнцгөөс, бусдын олж хараагүй талаас харж нийгэмд хуримтлагдсан, өнөө цагийн хүмүүсийн сэтгэхүйд хуралдсан, муу муухай, дутагдал доголдлыг арилгахад анхаарлыг нь хандуулах гэсэн чин эрмэлзэл илэрхий байдаг ажээ.

“Ямар уужим юм бэ, наран хүний сэтгэл” хэмээх нийтлэлдээ тэрбээр монгол ба япон үндэстний сэтгэхүй дэх ялгааг тэдгээр ард түмнээс өөр өөрсдийн үндэсний бөхөд хандах хандлагаар илэрхийлэн гаргахыг зорьжээ. Монголчууд үндэсний бөхдөө, япончууд сумодоо нугасгүй. Хир халдаахыг хүсдэггүй. Хэдэн зуунаар залгамжлагдан хадгалагдаж эдүгээг хүргэсэн сонгодог үндэсний хайртай спорт нь юм болохоор арга ч үгүй биз. Сүүлийн жилүүдэд монголчууд японы сумо бөхийн дэвжээнд цахиур хагалах болсноос хойш манайхан ч гэсэн хүүхэд хөгшидгүй сумо бөхөд хорхойтой болжээ. Монгол орон, монголчуудыг төдийлөн сайн мэддэггүй байсан жирийн япон иргэд сумочин монголчуудаар дамжуулж биднийг сүрхий мэдэх, бас сонирхох болжээ. Монголчууд японы сумод зодоглох болсны гол үр дүн, үр өгөөжийг япончууд биднийг мэдэх болсноор хэмжиж тайлбарласан ч болох юм гэж бодож байна.

“Монгол хүнийхээ сэтгэлээр япончуудын байр суурин дээр өөрсдийгөө тавиад үзвэл үнэндээ Наран улсын иргэдийг ойлгож чадахгүй юмаа. Хэрэв бидний үндэсний спортоор, тэр дундаа монгол бөхийн дэвжээн дээр маань япончууд ирээд томорч байвал бид яах бол? Япон байтугай тува, өвөрмонгол бөх ирээд ганц даваадахвал бөөн юм болцгоодог биз дээ. Хил даваад ирэх байтугай зүлэг ногоон дэвжээн дээрээ халх, ойрадаараа хуваагдчихдаг… Баруун аймгийн бөх түрүүллээ, манай нутгаас байдаггүй, эсвэл манайхан төдөн начин, харцагатай одтой барилдлаа гээд сүйд болохыг нь харахаар хөмөрсөн тогоон дотроо мөнчиг хэцүү амьдарч байгаа минь батлагдана. Үнэндээ бид тэнгэр шиг том газартай мөртлөө, тогоондоо багтаж ядсан давчуу сэтгэлгээнд амьдарсаар ирлээ”[1] хэмээн Э.Энэрэл халаглажээ Энэ санаагаа улстөрчидтэй, гадныхны хөрөнгө оруулагчидтай холбож гаргалгаа гаргах гэж оролдсон аж. Хүч хөдөлмөр зарж хөлсөө асгаруулж байж олж авсан үр дүнд хүндэтгэлтэй хандах учиртайг сануулжээ. “Ямар бачуу юм бэ?, Азийн цээжинд тархсан монголчууд, ямар уужим юм бэ, алгын чинээхэн арал дээр амьдардаг наран хүмүүс” гэсэн өгүүлбэрээр нийтлэлээ зангидаж төгсгөжээ. Гаргах гэсэн гол санаагаа 19 үгтэй эл төгсгөлийн ганц өгүүлбэрт шигтгэн шингээжээ. 2015 оны 2 дугаар сарын 5-ны байдлаар уг нийтлэлийг 89103 хүн уншсан байна. Энэ бага тоо биш. Бүх хүнд таашаагдаагүй байж болно. Тэгэхдээ л ихэд сонирхон уншсан байна. Энэ бол нийтлэлийн үр дүн мөн.

“Ямар уужим юм бэ, наран хүний сэтгэл” хэмээх эл нийтлэлийг би эхнээс нь эцэс хүртлээ өөгүй өндөг шиг гойд сайн бичигдсэн гэж цаасан малгай өмсгөхгүй. Өөлбөл өөлж баалах юм байна лээ. Тэгэхдээ тэр нь гол биш. Хамгийн чухал нь наран хүний сэтгэлийг манайхнаас урьд нь хэн ч ингэж өөрсөдтэйгээ зүйрлэн хэлж тодорхойлж байгаагүй юм. Энэ утгаар нь би Э.Энэрэлийг өөр өнцгөөс, бусдын олж харж онцолж хэлж чадаагүй талаас нь өлгөж хөндүүр сэдвийг хөнджээ хэмээн үнэлж байгаа болно.

Монгол Улс бол мал аж ахуйн эх орон. 52 сая толгой мал тоолуулсан малч ард түмэн. Тэгсэн атлаа энэ баялгаа “чулуу” болгож валют олж чадахгүй байгааг шүүмжилж сэтгүүлч Э.Энэрэл “Малтай байсан бол Сибирийг цатгах байлаа”, “Хонины махны халуун тогоонд дурлах болсон Хятадад бид махаа гаргана” гэсэн гарчигтай хоёр ч өгүүллээ уг сэдэвт зориулж бичжээ. Эхний нийтлэлдээ Э.Энэрэл хөрш зэргэлдээх Орос оронд махны хэрэгцээ их, тэр хэрэгцээгээ оросууд бүр тив алгасан байж өмнөд Америкийн Бразил, Аргентин, Уругвайгаас, алс тэртээх Австралиас авч байгааг сануулж, ОХУ-ын махны импортын 90 хувийг Латин Америк, 3,5 хувийг Австрали хангаж, Москвагийн хүнсний дэлгүүрүүдэд нэг кг үхрийн мах бараг 50 ам.долларт хүрч байна гэжээ. Том тоо, их хэрэгцээ. Гэтэл хажууд нь сууж байгаа монголчууд малтай, бид малаар баян гэж цээжээ дэлддэг атлаа сохортой адилхан байж байна. Сүргийн бүтцэд эзлэх үхрийн тоо хэмжээ нь ч шальгүй, ердөө 3,4 сая. Хөршдөө зарж борлуулаад мөнгө олчих үнхэлцгийн чинээ үхрийн махгүй. Уул уурхай, уул уурхай гэж туйлшраад авдран доторх алтаа олж харахгүй л сууцгааж байна гэж шүүмжлээд “Хөрш зэргэлдээх улс орнууд, айл өрхүүд хажуу хавийнхаа нөхрийн юу байхгүй, юунд дуртайг мэдэж, түүнийг нь зарж мөнгө олдог энгийн наймааны зарчим байдаг. Маниас бусад нь үүнийг мэдчихээд хэдэн зуун жилээр толгойгоо гашилгаж, хөлсөө урсгаж одоо түүгээрээ мөнгө олж байхад монголчууд бид л үүнийг бодолцохгүй толгой дээгүүр хийсээд байвал дэндүү харамсалтай”[2]гэжээ.

Энэ бол Монгол Улсын хувьд амин чухал сэдэв. Монгол сэтгүүлч тойрч, орхиж болохгүй чухал санаа. Ахин дахин бичиж сануулж, шахаж шаардаж байх ёстой зүйл. Э.Энэрэл үүнийг ухаж мэдэж, ухаарч ойлгоод ахин дахин хөндөж байгааг хөхиүлэн дэмжвэл зохилтой.

“Манай малчид амьдрал болж байна гэхээрээ хотод хүүхдийнхээ сургалтын мөнгийг төлж, ганц өрөө байшин авч тэднийгээ суулгахаа бодоод байх юм. Хөдөө гэртээ ДДЭШ-ийн антенн, хөргөгч бас ЖИП машин авчихвал сэтгэл ханачихна. Гэтэл дүн өвлөөр халуун оронд очиж амарч, хөдөө аж ахуйн томоохон үзэсгэлэнгүүдэд өөрсдийн мөнгөөр очиж оролцоод шинэ шинэ бараа бүтээгдэхүүн, технологийн патентийг худалдан авч мал маллагаандаа хэрэгжүүлдэг тийм чинээлэг малч монголчууд хэрэгтэй байна. Үүд хоймрын балчир сэтгэлгээнээсээ хальсан холч ухаан малчдад хэрэгтэй байна.  Малчид ч гэлтгүй бид бүгдээрээ уул уурхайгаас өөр салбараас мөнгө олж чадна гэдэгтээ итгэх сэтгэлийн хувьсал хэрэгтэй болжээ. Хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж махны чиглэлд ямар боломж байгааг тал бүрээсээ судалмаар байгаа юм. Энэ чиглэлд ажилладаг, ажиллахаар төсөв төлөвлөгөөгөө баталсан газруудаа дэмжиж, бусдыг ч үүнд татан оролцуулах нь чухал. Хэрэв тэгж чадвал Сибирийнхэн гэж тэр чигтээ махассан улс байна”[3] гэжээ.

Монголд фермерийн аж ахуйг түргэн хурдацтай хөгжүүлэх нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг хурцаар хөндөн тавьжээ. Малчдын сэтгэлгээний хоцрогдлыг шүүмжилсэн байна. Энэ нь мэдээж зарим малчдад таашаагдахгүй, тэгэхдээ л үнэн юмыг зориглон хэлжээ. Хэлэх ёстой. Харин ч оройтож хэлж байна. Хамтад нь Засгийн газрыг улалзтал шүүмжлэх хэрэгтэй байсан юм. Ард түмний олонхийн итгэлийг авч сонгогдсон УИХ, түүнээс байгуулсан Засгийн газар малчдыг хүлээлгүйгээр ийм ажлыг эхлүүлэх ёстой. Эдийн засгийн таатай орчинг бүрдүүлж, татварын бодлогоор хөхиүлэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих учиртай. Тэгж чадахгүй байгаа нь харамсалтай хэрэг биш харин бүр эмгэнэлтэй үзэгдэл гэлтэй. Э.Энэрэлд ингэж хэлэх зориг дутсан байна.

Өөр бас нэг зүйл нэмж хэлье. Нийтлэл дотор “Буриад самгадын салтааны мах амттай” гэсэн нэг сонин өгүүлбэр байна. Хойд хөршийн Буриадад дэлгэрсэн хэллэг бололтой. Манайд ирсэн ганц нэг самгад нь салтаандаа мах хавчуулаад хил нэвтэрдэг, түүгээрээ гэртээ очоод хоол хийдэг, бас зарж борлуулдаг юмуу даа. Ийм юм байж болно, тэгэхдээ нэг их итгэл төрүүлэхгүй байна. Түүнийг Э.Энэрэл /үг хэллэгийг/ сонирхож шохоорхон шүүрч авч өгүүлэлдээ ишилснийг би шинэчлэл гэж нэрлэж чадашгүй нь. Ёс зүйн соёл талаас нь шүү. Онцгүй сонсогдож байна. Цаашдын бүтээлдээ анхаарууштай.

2016 оны 4-р сараас эхлэн Монгол Улсын зарим компани Хятадад мах экспортолж эхэлснийг сэтгүүлч Э.Энэрэл хамгаас түрүүлж “Хонины махны халуун тогоонд дурлах болсон Хятадад бид махаа гаргана”  хэмээн олзуурхан бичжээ. Энэ бол түүний эх оронч сэтгэл, улс орон, ард түмнээ гэсэн иргэнийх нь хүсэл тэмүүллийн нэг илэрхийлэл юм. Дэлхийн зарим улс оронд, түүний дотор Хятадад хонины маханд дургуйцдаг байсан цаг үе бий, түүний учир шалтгаан нь юу байв гэдгийг сэтгүүлч баримт түшин тайлбарлаад БНХАУ манайхаас дулааны аргаар боловсруулсан мах авах болжээ. Хонины махыг 80 градуст 20 минут, үхрийн махыг 90 градуст 15 минут усанд чанах, ууранд болгох, утах гэх мэт аргаар боловсруулаад вакумдахыг дулааны аргын боловсруулалт гэдэг аж. Хэн юу гэж хүсч байна, тэр дагуу нь бид махаа боловсруулж бэлтгээд худалдах үүрэгтэй. Эвгүйцэж цааргалах хэрэггүй. Лалын шашинт улс гүрнүүд, тухайлбал ойрхи дорнодынхон манайхаас хонины махыг халал аргаар алж бэлтгэн боловсруулахыг шаарддаг /Хонины толгойг амьдаар цавчиж халуун цусыг юүлж асгахыг хэлж буй бололтой/. Түүнийг нь  хүндэтгэн үзэж, тэрхүү технологийнх нь дагуу махаа бэлтгэж боловсруулж өгөх учиртай гэсэн санааг сэтгүүлч Э.Энэрэл өгүүлэлдээ хөндөн тавьжээ. Зах зээлийн эдийн засгийн өөрийнх нь арилжаа наймааны хууль, зүй тогтол энэ юм. Монгол хүн харсаар байж малынхаа толгойг яаж амьдаар цавчих билээ гэж хойш суугаад байвал тэгээд л хоосон хоцрох нь ойлгомжтой юм.

“Австралид үер болохыг хүлээснээс…” гэсэн нийтлэлийг тэр бичжээ. “Юун наадам, юун цагаан сар, цаана чинь Австралид үер болж байна” гэвэл  ихээхэн олон хүн баярлахаар байна”[4] гэж өгүүллээ эхэлжээ. Уншигчийн анхаарлыг өгүүлэлдээ татах гэсэн бичлэгийн арга. Татаж чадаж байна. Яагаад тэр юм бол хэмээн сониучирхсан уншигч үүнийг цааш нь ухаж уншиж таарна. Э.Энэрэл тайлбарлажээ. Австрали их халуун орон, бас нүүрсний асар их нөөцтэй. Тэр баялгаа Хятад, Япон, Солонгост худалдаж ихээхэн ашиг олдог. Австралид байгалийн гамшиг болсноос, тухайлбал 2008 онд тус тивийн Куэнсланд мужид их үер бууснаас коксжих нүүрсний олборлолт багасч тонн нь 96 ам.доллароос гурав дахин өсч 300 ам.долларт хүрч байсан удаатай. БНХАУ импортоо нэмэгдүүлсэн нь бас үнийн өсөлтөд шууд нөлөөлжээ. 2011 онд мөн тэнд үер болсноос коксжих нүүрс тонн нь 300 ам.долларт хүрсэн юм байх. Яг энэ он жилүүдэд Монгол Улс Таван толгойн үүцээ нээж Хятадын зах зээл дээр Австралтай өрсөлдөх болсноор ДНБ-ний жилийн дундаж өсөлт нь 17,4 хувьд хүрч дэлхийд гайхагджээ. Харамсалтай нь “Австралийн оронд гол нийлүүлэгчийн байр суурин дээр түр залраад авчихсан байсан бид эргээд байраа дор нь алдсан. Учир нь бидэнд өрсөлдөх чадвар байсангүй. Өрсөлдөх чадвар бол чанар, үнэ л байдаг”[5] гэж Э.Энэрэл бичсэн байна. Австралид байгалийн түр зуурын гамшиг тохиолдоход тэд дараа дараагийн үерт хөл алдахгүйн тулд ухаан бодлоо уралдуулж урьдчилсан арга хэмжээг авч чаджээ. Өөрөөр хэлбэл толгойгоо ажиллуулж чадсан байна.

Харин монголчууд тэгж чадсангүй. Хятадын гангын үйлдвэрүүд гол төлөв зүүн хойд нутгаараа, бүр ойрхон нь Өвөрмонголын Бугатад байж байхад л тэр зах зээлд Австралийг давж өрсөлдөж чадахгүй байна гэж Э.Энэрэл шүүмжлээд ямар сайндаа Австралид ахиад үер болоосой, тэгвэл хятадууд биднээс нүүрсээ илүүтэй ихээр авна даа гэж горьдож хүлээж суух юм гэж гашуунаар ёжлоод “Австралид үер болж, уурхайнууд нь хаагдан нүүрс үнэд орохыг хүлээж сууснаас арай өөрөөр гар хөлөө хөдөлгөж, бодол ухаанаа уралдуулж, хэмлэлдэж хэрэлдэж суулгүй хамтдаа сэтгэж, нэгдэхийг бодвол дээр л байх даа” гэсэн үгээр өгүүллээ дуусгажээ.  Бид алийн болгон арван гуравдугаар зуунд их гүрнийг байгуулж явсан бахархалт үндэстэн гэж өөрсдийгөө баясгах вэ. Дурсамжаар баясч суухын хэрэг юун билээ гэсэн санааг дэвшүүлж тавьжээ.

Энэ нийтлэлд гайхалтай сайхан зураглал, гайхамшигтай торгомсог дүр дүрслэл алга. Тэгэхдээ том санаа байна. Үнэнийг хэлжээ. Өөр үндэстэн ястанд байдаггүй зөвхөн монголчуудад байдаг дутагдлыг олж харж хэлж чадсан ажээ. Түүнийг хөндөн тавьж нийтийн анхааралд өртүүлэхийг чухалчилсан байна. Энэ нь өгүүллийн үнэ цэнийг өргөж өгч байна.

Сэтгүүлч Э.Энэрэл асуудал дэвшүүлсэн өгүүллийн болоод шүүмжлэлт нийтлэлийн төрлөөр төдийгүй ярилцлагаар өөрийнхөө ур чадвар, тэнхээ чадлыг сорьж үзжээ. “Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг” ярилцлагаар нь төлөөлүүлж бяцхан задлан шинжлэл хийе. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягтай хийсэн ярилцлага. Ярилцлага бол сэтгүүлч, түүнд ярилцлага өгөгч хоёрын хөөрөлдөөн. Тэгэхдээ залуур нь сэтгүүлчийн гарт ямагт байдаг. Хөөрөлдөгчөө хааш нь яаж залж чиглүүлж сэтгэл зүрхнийх нь ертөнцөд нэвтрэн аялж чадах эсэхийг сэтгүүлчийн овсгоо, ур чадвар, туршлага мэднэ. Хэн нэгэнтэй хийсэн сэтгүүлчийн ярилцлагаас түүний мэдлэг чадвар, мэргэжилдээ эзэн болж чадаж буй эсэх, ярих сэдэвтээ биеэ бэлтгэж чадаж уу, үгүй юу гэдэг нь, тэрчлэн яах гэж ярилцаж байгаа, ямар зорилго өмнөө тавьсан зэрэг нь шууд мэдрэгдэж байдаг. Зарим хүн мэдээ, ярилцлага хоёрыг бичлэгийн хамгийн амархан хэлбэр гэж ойлгох гээд байдаг. Би бол үгүй гэж хэлнэ. Энэ нь сэтгүүлчийн эхний асуултаас л ажиглагддаг юм.

Алтанхуяг гэдэг хүн… Ерөнхий сайдаас намынхаа гишүүдийн гол оролцоотойгоор огцорсон, намын даргын ажлаа өөрийн хүсэлтээрээ өгсөн, гэнэтийн осол гэмтэл, танай нам доторхи хагарал… Алинаас нь эхлэх вэ? Ингэж Э.Энэрэл эхлэн асуужээ. Тантай санал солилцож ярилцах маш олон сэдэв надад байна гэж шууд үнэнээ хэлжээ. Өөрөөр хэлбэл өөрийн чинь зөвшөөрлийг авья, та юунаас эхэлмээр байна вэ гэж хэлж байна. Сэтгүүлзүйн ярилцлагын практикт нэг ч их олон тохиолддоггүй хэлбэр. Тэгэхдээ Энэрэл ингэж яриагаа эхлүүлье гэж сонгожээ. Тэр нь зөвджээ. “Ширүүн эхэлж байна шүү. Аль нь ч яахав  ээ. Ярилцлага юм чинь чи асууж, би хариулах нь тодорхой шүү дээ. Би бол өнгөрснийг баахан бага яримаар байна. Амьдрал үргэлжилж, үйл явдлууд өрнөж, цаг хугацаа зөв бурууг шүүж байхад би ингэсэн, тэр шийдвэр тийм учиртай байсан гэж ярих нь хүмүүст одоо сонирхолгүй байх болов уу. “Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг”гэж үг байдаг даа”. Ийм хариултаар Н.Алтанхуяг яриагаа эхэлжээ.

Эндээс Э.Энэрэл сэтгүүлчийн эхний асуулт, өөриймсөг байдал түүнд таашаагдсан нь мэдрэгдэнэ. Өөрөөр хэлбэл сэтгүүлч түүнд шууд тулгалт хийсэнгүй. Сонгох бололцоо олгосонд нь талархаж байна. Ширүүн эхэлж байна шүүгэсэн эхний өгүүлбэр үүнийг гэрчлэх ба аль ч асуултад чинь би хариулахад бэлэн гэж ногоон гэрэл асааж өгчээ. Энэ бол маш азтай тохиолдол. Тэр ч битгий хэл “Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг” гэсэн ярилцлагын гарчгийг нь хүртэл хэлээд өгчихөж байна. Ийм нөхцөлд мэргэжлийн сэтгүүлч улам улам лавшруулан асууж цээжийг нь онгойтол яриулах учиртай.Тэгэхдээ хөөрөлдөгчийнхөө хүсэл бодолд нийцүүлж асуугаад түүнийгээ хөтөлж гулсуулах замаар зорилгодоо хүрэх нь олонтаа. Харин Э.Энэрэл тэгсэнгүй.

Өнгөрснийг олон нийт мэдэхийг хүсч байгаа, өөрийгөө өмөөрч тайлбар хийгээч гэж шахаж байна. Уг нь Н.Алтанхуяг өнгөрснийг бага яримаар байна гэж анхааруулсан ч авч хэлэлцсэнгүй. Үүнээс харахад сэтгүүлчийн гол зорилго Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдыг огцруулсан учир шалтгааныг олж тодруулахад чиглэжээ. Бодвол редакцийн даалгавар ийм байсан буй заа. Ярилцагч аймгуудыг авто замаар холбосон, цахилгаан дулааны асуудал, хотын түгжрэлийг шийдвэрлэсэн, шинэ бүтээн байгуулалт эхлүүлж, орон сууцны 8 хувийн зээлийг бий болгосон гэх зэргээр товчхон хариулаад эцэст нь ганц л зүйлийг амжуулж чадаагүй гэж ам алдаж байна.

Э.Энэрэл сэтгүүлч энийг л анаж отож хүлээж байсан бололтой, тэр дор нь “тэр юу вэ?” гэж өлгөн авч байна. Тэр нь хувийн эрх ашгийн хонжоо хайсан цөөхөн хүний хорт явуулга, бүтээсэн бүхнийг нь үгүйсгэж олон түмний тархийг угаасан хар пиар аж. Үнэн хүчтэй, худал хуурмаг зүйл явцгүй гэж итгэж явсан Н.Алтанхуягт энэ нь үхлийн цохилт болжээ. Хүмүүст ховс шиг нөлөөлдөг юм билээ гэж сэтгүүлчийн асуултад  тэрбээр хариулт өгч байна.

Ер нь намчирхаж хийрхсэн улстөр бидний сэтгэлгээг хэт хордуулж, тэр нь эдийн засагт ч таагүй үр дагавар авчирч байх шиг? Ингэж Э.Энэрэл хариу хэлжээ. Асуулт мэт боловч өөрийн санал бодлоо илэрхийлсэн хэрэг. Ярилцлага гэдэг зүйл бол дандаа асуугаад, түүндээ хариулт аваад байдаг ч жанр биш. Тэгвэл хэтэрхий идэвхгүй хөөрөлдөөн болно. Нэг биш тохиолдолд яриаг хоёр талаас өрнүүлэх, тухайн сэдвийг хөгжөөн маргаж мэтгэлцээд хамтын оюун ухаанаар зөв гаргалгааг хамтдаа эрж хайх нь цөөнгүй. Энэ нь сэтгүүлчээс өндөр мэдлэг, шинэлэг сэтгэлгээг шаарддаг.

Э.Энэрэл сэтгүүлчтэй Ерөнхий сайд санаа бодлоо харьцангуй чөлөөтэй хуваалцаж хэд хэдэн чухал санааг цухуйлгажээ.Тэдгээрийн дотор “Улстөрийн ашиг хонжоо хайсан явцуу үйлдлүүд гаднын зарим нэг хүчин зүйлтэй огтолцож, улс оронд маань хиймэл хямралыг” буй болгож байна. Улс орны эдийн засаг “өсөлттэй үедээ эрсдлээс хамгаалах бодлогоо орхигдуулсан”.  Ингэсэн атлаа “хэт үрэлгэн загнаж, халамжийг хавтгайруулсан”. Өмнөх Засгийн газрын эл алдааг засахын тулд Шинэчлэлийн Засгийн газар бонд гаргаж мөнгө босгоод дэд бүтцийг сайжруулж бүтээн байгуулалтыг дэмжсэн. Энэ нь АН, Алтанхуягийн Засгийн газрын нэр хүндийг өргөөд эхэлсэн нь зарим нэг хүнийг сандаргасан гэсэн үг, өгүүлбэр байна. Ярилцагч сэтгүүлчид яриаг бадраан өрнүүлэх хэд хэдэн гогцоо гаргаж өгчээ. Эдгээрээс Э.Энэрэл сэтгүүлч алийг нь шүүрч авах бол гэж ихэд сонирхон уншлаа. Алийг нь ч гохдож авсангүй. Өөрөөр хэлбэл анхаарал төдийлөн хандуулсангүй. Энэ бүхнээс хэн нэг нь хожоод улс орноороо, нийтээрээ хохирч байгаа нь зөв үү, ямар ч хожигчгүй тоглоом юм бишүү гэсэн утгатай асуулт тавьсан байна. Сэтгүүлч тэр хожсон хэн нэгний тухай Н.Алтанхуягаар яриулах сонирхолдоо хөтлөгдөөд байгаа нь эндээс харагдана. Зорилгодоо маш түргэн хүрч, хурдхан шиг ам алдуулах гэж яарчээ. Үүн дээр Э.Энэрэл алдсан байж болзошгүй. Түүний өмнө олон жил Монголын улстөртэй холилдсон лухагар “бурхи” сууж байгааг “мартжээ”. Уг нь зугуухан алхам алхмаар сэдэвтээ ойртуулж байгаад сиймхий гармагц сэдэвтэйгээ холбон палхийтэл асуугаад хэлүүлбэл илүү дээр байсан байж мэдэх юм. “Сэтгүүлч хүн энэ бүхнийг олж хараад надаас бухимдангуй шийдэл нэхэж байгаа нь өнөөдрийн амжилт юм” гэж Н.Алтанхуяг хариулаад түүнийгээ“Нэг л мэдэхэд бид нийгмээрээ юуг ч үл хүлээн зөвшөөрөгч, муучлагч, шүүмжлэгч, үл итгэгч олонлиг болж хувирсан нь өнөөдрийн бодит үнэн… Бидэнд нийгмийн эерэг сэтгэлгээний маш том өөрчлөлт хэрэгтэй байна”[6] гэж тайлбарлажээ.

Н.Алтанхуяг эдийн засгийн онолын сэтгэлгээний муугүй төлөөлөгчийн нэг, туршлагажсан улстөрч мөн учраас сэтгүүлчийн асуултаас эвтэйхэн бултаж тойрч гараад эргүүлээд өөрт нь цаасан малгай өмсгөж байгаад лекц уншчихсан байна.

Одоо сэтгүүлч асуултаа өөрчилж хариулт авах гэж шунамхайран хүссэн сэдвээ түр мартахаас өөр арга байхгүй. Үүнийг мэдэрсэн Э.Энэрэл сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байгааг хөндөж төрд итгэх хүмүүсийн итгэл алдарч эхэлж буй тухай асуултаар яриагаа үргэлжлүүлжээ. Н.Алтанхуяг түүний энэ асуултад хүчний байгууллагууд урд хожид байгаагүйгээр улстөржсөн гэж хариулжээ. Түүнийг нь сэтгүүлч дэлгэрүүлэн асууж “Ардчиллынхан бид төрийн гурван өндөрлөг болсон энэ үед хуулийн нэрээр дээрэм тонуул хийж, гүтгэлэг доромжлол, айдас хүйдсийг нийгэмд тараадаг төрийн байгууллагатай байж болохгүй” /АТГ-ыг хэлж байна/, “АТГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дэргэдээ авснаар дийлдэшгүй эрх мэдэлтэй газар болсон… Одоо шүүх прокурорынхан хүртэл АТГ-ын хараат шахуу болчихлоо.Нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашигт үйлчлэгч “Энэ машин эр бяраа үзүүлж биднийг, бизнес эрхлэгч нараа машиндаад дараа нь нийгэмд айдас хүйдсээс өөр ямар үр дүн бий болгов. Бид чинь гучин долоон оны ногоон малгайтнууд биш шүү дээ”. Намайг ч машиндчихсан гэсэн хариултыг Н.Алтанхуягаас сонсож байна. Гайхалтай, бас үнэн бодитой, эр зоригтой хариулт гэж үнэлэх ёстой. Олон ч хүн, тэр тусмаа Ардчилсан намынхнаас ингэж хариулахгүй шүү. Сэтгүүлчийн хувьд бол бөөн олз. Ийм хариултын дараа Э.Энэрэл юү гэж асуусныг бүгдээрээ одоо хамтдаа харцгаая.

“Нам дамжсан бүлэглэл гэж та хэд хэдэн удаа хэллээ. Үнэхээр тийм бүлэглэл үйл ажиллагаа явуулж байна уу, Та шууд нэрлэж чадах уу?”.Ингэж асууж байна. Түр хугацаагаар хойшлуулж мартагнуулж байгаад ахин уг сэдэвтээ зугуухан ойртож тулж очоод ярилцагчийн хэл загатнах үед нь палхийтэл гэнэт асуух ёстой асуулт юм. Энд би зөвхөн ярилцлага авахтактикийн асуудлыг хөндөж буй болно. Асуухгүй байж огт болохгүй, тэгэхдээ эгзэгтэй мөчийг олж тавихгүй бол олигтой хариулт, тодорхой нэр ус хэзээ ч сонсож чадахгүй тийм зүйлийн тухай ярьж байгаа юм.

“АН, МАН үзэлцээд байгаа харагдавч цаагуураа эрх ашгаараа нэвт сүлбэлдсэн нэг хоёрхон том эрх ашиг, том мөнгөний тоглолт… Ер нь энэ улстөрийн зохиомол айдас, хүйдсийн цаана нам дамжсан бүлэглэлүүдийн маш олон ашиг хонжоо бий. Үүнийг нь ингээд ярьчихаж мэдэх хүн учраас, өдийг хүртэл тэдэнтэй бохир ажлууд дээр нь хамтарч нэгдээгүй учраас намайг золиослох ажиллагааг зохион байгуулсан. Одоо бол хууль шүүх, хүчний байгууллагууд, сөрөг хүчин, банк санхүү, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонхи том бизнесийнхэн гээд бүхий л бодит хүч чадал нэг бүлэглэлийн гарт байгаа нь гашуун ч гэсэн үнэн. Тэдэнд зөвхөн бүлэглэлийн эрх ашиг чухал учраас нийгэмд өөр зарчимтай, үнэт зүйлтэй хүн гаргахаас үхтлээ айж, ямарч үнээр хамаагүй тэр хүний нэр хүндэд халдах, дарах болсон”.Хариулт нь энэ. Аймшигтай байгаа биз? Үүнийг Долоон гудамжны Должин авгай хэлээгүй, Монгол Улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн гуравхан гишүүний нэг, 27 дахь Ерөнхий сайдаар хоёр жил ажилласан хүний амнаас унасан үг. Улс орны нууцын нууцыг мэддэг хүн хэлж байна.

Та шууд нэрлэж чадах уу гэсэн Энэрэлийн асуултад Н.Алтанхуяг АН, МАН-ын бүлэглэлийн нэг хоёрхон хүн гэж хариулжээ. Нэрлэж тодотгож хэлсэнгүй. Хэлэхэд ч хэцүү байсан байж таарна. Асуулт эртэдсэн нь ч хариултад бас нөлөөлжээ.

Цааш нь тэр хоёр АН-ын тухай хүүрнэлджээ. Н.Алтанхуягийг сэтгүүлч намдаа хир халдаах дургүй байна гэж зэмлэжээ. Хэсэг ярилцсаны дараагаар Э.Энэрэл Шинэчлэлийн Засгийн газрыг түлхэн унагахад Таны кабинетын сайд нараас оролцсон шүү дээ гэж ахин нэг удаа тулгаж үзэж байна. “Д.Ганхуяг, С.Эрдэнэ нарыг та хэлж байх шиг байна… Огцруулах кнопыг заримыг нь эсрэг даруулж, заримыг нь гаргаад явуулж байгаа цаад хүчийг нь л тодорхойлох хэрэгтэй байх” гэж хөөрөлдөгч товчхон хариулжээ. Сэтгүүлч хоёр хүнийг нэрлүүлжээ. Гэхдээ энэ нь хэлүүлэх гэж хүссэн нэрс нь хараахан биш. Өөрөөр хэлбэл залуу сэтгүүлчийн оролдлого “бүтэлгүйтсэн байна” гэсэн үг. Одоо ахиж асуугаад нэмэргүй.

Үүнийг зөнгөөрөө ойлгож мэдэрсэн Э.Энэрэл хүргэн Дэнзэнгийн тухай, АН-ын доторхи фракциуд 2013 оноос гэдсэндээ хөлөө жийлцэж хагаралдаж эхэлсэн талаар, Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалтыг хөдөлгөж чадаагүйн шалтгаан, Тавантолгойн ашиглалт хийгээд Чингис бондын зарцуулалт, Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, МАХН-ын дарга Н.Энхбаярын тухай, амар жимэр суухаа бодож АН эхнээсээ МАН-тай хамтрахгүй яасан юм бэ гэх зэргээр яриаг өрнүүлжээ. Ярилцлагынхаа эцсийн асуултыг өөрт нь үлдээж.

Тэдгээр асуултын хариултуудад өлгөж тодотгож өгмөөр, өрнүүлж лавшруулж асуугаад яриулмаар зүйлс нэг биш байна. Жишээ нь “Анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум гаруй ам.доллараар нэмэгдсэнийг бид хүлээн зөвшөөрөөгүй. Ер нь бол Оюутолгойгоос бидний олох ашиг тун бага”, “Бизнесийнхэн, улстөрийнхныг АТГ-аар шалгуулдаг байдал одоо бүр нам руу ороод ирлээ. ҮЗХ-ны хуралд өрсөлдөж байгаа хүмүүсийг хүртэл шалгуулахдаа тулж, асуудал түүгээр нь шийдэгдээд явж байна. Хүн хүний арга барил өөр байдаг юм байна. Ийм зүйлсийг яриад сууж байгаадаа би жаахан ичиж байгаа ч энэ бол бидний нүүрэн дээр ил яр шарх учраас ярихаас өөр арга алга”, “Би намын даргын ажлаа З.Энхболдод зургаан үг хэлж өгсөн. Эв эеийг хичээж, ялалтын буухиаг үргэлжлүүлээрэй” гэж, Н.Энхбаярт “Та бид хоёр наймаа хийсэн биш, хуучин хийсэн хоёр намын хамтын ажиллагааг тогтвортой болгох асуудлыг л хөндсөн гэдгийг хэлсэн”, “Бид эрүүл зөв өрсөлдөөнөөр улс орноо хөгжүүлэх үүрэг хүлээсэн ардчилсан Үндсэн хууль, УИХ, Засгийн газартайулс болохоос биш Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш”, Г.Дэнзэн “Нийгмийн золиос болсон залуу. Өнөөгийн нийгэм, бохир улстөр ингэж л залуу хүний амьдралаар тоглосон. Тэр залуугийн хүсэл мөрөөдөл битгий унтраасай гэж хүсэх юм. Би үнэндээ өмнө нь буруутай мэт санагдаад уулзахад эвгүй байдаг. Харамсмаар…” гэх зэргээр Н.Алтанхуяг ярьжээ.

Тус бүрийг нь задалж дэлгэрүүлж яриулахад л нэг нэг сонирхолтой ярилцлага болно. Үүгээр би юүг хэлэх гэж байна вэ гэвэл залуу сэтгүүлч Э.Энэрэл энгүй олон асуулт дотор задгай далайд хөл алдаж хөвөх адил тэвдсэн байна. Миний санахад хүргэн Дэнзэнгийн өмнө  би буруутай мэт санагдаад уулзахад эвгүй байдаг. Харамсмаар гэснийг нь л өлгөж аваад дэлгэрүүлж яриулж чадсан бол Норовын Алтанхуягийн дотоод ертөнцийн хөшиг уншигчдын өмнө дэлгэгдэх байлаа. 27 дахь Ерөнхий сайдын гадаад дүр төрх эл ярилцлагаас хангалттай тод харагдаж байна. Харин дотоод ертөнц нь гүйцэд нээгдсэнгүй, нууцлагдмал хэвээрээ үлджээ. Энэ утгаар авч үзэх юм бол Э.Энэрлийн “Норовын Алтанхуяг: Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг” ярилцлага олон жилийн өмнө Б.Ганчимэгийн их аварга Д.Дагвадоржтой хийж “Зууны шуудан” сонинд нийтлүүлсэн “Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд л эгшиж байдаг юм шүү дээ” ярилцлагыг гүйцэж давж гарч чадсангүй.

Яарч сандралгүй сайтар сууж бэлтгээд өдөж турхирч яриулсан бол уг нь энд бүх түүхий эд нь бүрэн байна. Асуултуудын эмх цэгцэд анхаарах шаардлагатай байж. Н.Алтанхуягийн хариулт дотор “Бид аливааг маш жижигрүүлж харж байж том асуудлуудын шийдлийг олж харна. Нөгөө тэмцэгч шоргоолжны бужигнасан бослоготой кино төгсөөд камер нь холдоход нэг айлын хашааны буланд жижигхэн шоргоолжны үүр байдаг даа… илүү өргөн харсан нүүдэл л хожилд хүргэдэг” гэсэн нэг сонин санаа гялсхийгээд өнгөрч байна. Шүүрч аваад яриулах л ёстой сэдэв. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд ярилцлагаа хэд хэдэн гарчигт хувааж сэдэвчлэх буюу эсвэл гол гол санааг багцалж “цонх” хийж өгсөн бол улам уншууртай, уншигчдад илүү ойр дөт болох байжээ.

Энэ мэтээр өөлж шүүмжлэх юм нэг биш байгаа ч залуу сэтгүүлч Э.Энэрэлийн дээрх ярилцлага сүүлийн жилүүдэд олон гараагүй чамбай бөгөөд чанартай ярилцлагын тоонд яах ч аргагүй багтана. 2015.2.17-ны байдлаар эл ярилцлагыг 80920 хүн сайтаас татаж авч уншсан нь чүүнийг гэрчилнэ. Норовын Алтанхуяг гэдэг хүн өндөр сэнтийнээс бууснаасаа хойш өдрийн од шиг цөөхөн ярилцлага өгсөн. Сэтгүүлчдээс зай барин дөлж зугтаж байгаа улстөрч. Харин Э.Энэрэлтэй илэн далангүй хөөрөлдсөн байна. Түүнд итгэж найдсаных. Хүний итгэл найдварыг хүлээх шиг эрхэм зүйл сэтгүүлч хүнд байдаггүй.

ЭнхцагийнЭ.Энэрэл энэ цаг үеийн өсч хөгжиж яваа сайн сэтгүүлчийн нэг яриан байхгүй мөн байна. Тэр сэтгүүлчийн цөөнгүй төрөл зүйлээр чадмаг бичиж байна. Тэгэхдээ тодорхой нэг жанраар тогтож дагнавал улам ирээдүйтэй санагдана. Хамгийн гол нь тэрбээр нийгэмд хуримтлагдсан урхаг асуудлыг урьдчилж бусдаас түрүүлж олж харж чадаж байна. Энэ бол маш чухал чанар.

Өөр өнцгөөс өлгөж тавьж чадаж байна. Хэр баргийн сэтгүүлч ингэж чаддаггүй юм. Харин Э.Энэрэл чадаж байна. Эрин цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, аж төрж буй нийгмийнхээ амин чухал хэрэгцээ шаардлагад тэр үйлчилж, үнэт зүйлсийг нь хамгаалж бэхжүүлж чадаж байна. Нийгэмд сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл оршин тогтнохын мөн чанар чухам үүнд оршино.

2016 оны 2 дугаар сарын 27

[1]“Өдрийн сонин” Э.Энэрэл. Ямар уужим юм бэ, наран хүний сэтгэл. 2015.3.30 № 23 /4975/

[2]“Өдрийн сонин” Э.Энэрэл. Малтай байсан бол Сибирийг цатгах байлаа. 2015.3.31 № 079/5031/

[3]Мөн өгүүлэл

[4]“Өдрийн сонин”. Э.Энэрэл. Австралид үер болохыг хүлээснээс… 2015.5.5 № 152 /5104/

[5]“Өдрийн сонин”. Э.Энэрэл. Австралид үер болохыг хүлээснээс… 2015.5.5 № 152 /5104/

[6]“Өдрийн сонин” Э.Энэрэл. Норовын Алтанхуяг: Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг. 2015.2.17. № 042, 043 /4994, 4995/

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.