2015 ОНЫ “БАЛДОРЖ” ШАГНАЛТ БҮТЭЭЛҮҮДИЙН “ӨНГИЙГ” СОНЖИХУЙ

69o9nibkst8q79scmkcmt664gj_b

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Сэтгүүл зүйн хөндүүр сэдэв” шүүмжийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр цувралаар нийтэлж байна. МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш, Доктор (Ph.D), дэд профессор Сүхээгийн Амартүвшингийн бичсэн энэ шүүмж тус уралдааны Дэд байрын шагналыг хүртсэн юм.

“БАЛДОРЖ” шагнал. Энэ бол сэтгүүлчдийг тухайн жил бичсэн бүтээлийн чансаагаар нь шалгаруулж урамшуулдаг манай сэтгүүлзүйн салбар дахь нэгэн том шагнал. “Монгол улсад мэргэжлийн сэтгүүлзүйг дэмжих, сэтгүүлзүйн судлалыг хөгжүүлэх зорилгоор” БАЛДОРЖ сангаас санаачилсан тус уралдаанаас хамгийн өндөр мөнгөн урамшуулал олгодог, энэ ч утгаараа шалгаруулалтын босго ч чамгүй өндөр. Шалгарсан сэтгүүлчдэд оногдох нэр төр ч өндөр. Хөдөлмөр, бүтээлээ өндөрөөр үнэлүүлэх гэсэн сэтгүүлчдийн сонирхол, оролцоо уралдааныг жил тойрон өрсөлдөөнтэй болгодог. Тэр чинээгээр энэ шагналд өрсөлдөж, шалгарсан бүтээл тухайн жилийн сэтгүүлзүйн салбарын чанар чансаа, “өнгө”-ийг тодорхойлдог гэж хэлж болноАнхны шилдгүүдээ шалгаруулснаас хойш найман жилийн нүүр үзэж буй тус уралдаан жил бүр оны  шилдэг 12 сэтгүүлч, олон арван шилдэг бүтээлүүдийг тодруулжээ. Шалгарсан бүтээлүүд нь харин сүүлийн арваад жилийн Монголын сэтгүүлзүйн нүүр царай, өнгө төрх болж үлдлээ. Харамсалтай нь үүнийг үнэлж цэгнэх судлал шүүмж үгүйлэгдсээр. Уг нь уралдааны бас нэг чухал зорилго нь “сэтгүүл зүйн судлал шүүмжийг хөгжүүлэх” зорилт юм. Энэ л шалтгаанаар энэхүү шүүмжийг бичиглэв.

Тухай, тухайн жилийнхээ “өнгө”-ийг тодорхойлсон буюу он, оны гранприг хүртэж байсан шилдэг нийтлэлүүдийг эргэж нэг харвал анх тус уралдааны тэргүүн шагналыг хүртэж байсан сэтгүүлч Б.Ганчимэг, удаах жил нь гранпри авсан сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ нарын бүтээлүүд шинэ цагийн сэтгүүлзүйн чанар чансааны “дээд хязгаар”-ын улаан шугам болон тодоос тод үлджээ. Гэтэл дараа дараагийн жилүүдэд сэтгүүлчид маань тэр хязгаараас давсан, цолгорсон бүтээл туурвиагүй байх юм /Эргэн сануулахад 2009 онд сэтгүүлч Б.Ганчимэг Асашёорюүтэй хийсэн ярилцлагаараа, 2010 онд сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ эрэн сурвалжлах шинж бүхий нийтлэлүүдээрээ гранпри авсан билээ/. Мэдээж тухайн оны шилдэгүүд шалгарсаар иржээ.

Одоо харин 2015 оны БАЛДОРЖ шагналт бүтээлүүдийн “өнгө” ямар байв? гэсэн асуулт хариултаа нэхэх бөгөөд энэ оны бүтээлүүдийн чансаа дээрх “улаан шугам”-ыг давж гарч чадсан эсэхийг мэдэх гэсэн судлаач миний сэтгэлийн чинад дахь далд хүслийг ч өдөөж байлаа. Нэгэн зүйлийг учирлахад, энэ асуултын утга зорилго шилдгүүдийг ахин шүүх тухай огтхон ч биш байсан юм. Харин өнөөгийн сэтгүүлчдийн бүтээлийн чанарт ахиц гарсан эсэхийг үнэлж цэгнэх судлал шүүмжийн шинэ эрэлд эрхгүй хөтөлж байна. Иймээс л 2015 онд тус уралдаанд ирсэн 280 гаруй бүтээлээс эхний аравт шалгарсан шилдэг сэтгүүлчдийн бүтээлүүдийн “өнгө”-ийг сонжиж үзлээ. Дашрамд тэмдэглэхэд, энэ зорилго тус уралдааны “сэтгүүлзүйн судлал шүүмжийг хөгжүүлэх” зорилттой нэгдэж байгаа билээ. Ингээд асуултын хариултаа олохоор гол асуудал руугаа оръё.

2015 оны БАЛДОРЖ шагналт бүтээлүүдийн “өнгө” ямар байв?

Сонин сэтгүүлийн бичвэрүүд энэ уралдаанд түлхүү ирдэг байна. Энэ жилийн шилдэг 12 шагналтны арван нэг нь сонин, сэтгүүлийнхнийх. Цаад утгаараа сонины сэтгүүлчдийн бүтээл өнөө цагийн сэтгүүл зүйн чанар чансаа, “өнгө”-ийг тодорхойлсон хэвээр. Тэгэхээр тэр “өнгө”-ийг нийтлэлүүдээс нь харцгаая.

Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг нийгмээ хэр тусгаж, шинэ сэдвээр хэр баяжиж байгааг нь эхлээд сонирхож үзлээ.Сэтгүүлчдийн бичиж байгаа сэдэв, үйл явдал, хөндөж буй асуудал өнөөгийн нийгмийг өргөн хүрээтэй харж, амьдралын гүнд нэвтэрч чадсаныг илтгэж байсан юм. Энэ бол сэтгүүлчдийн маань эрэл хайгуул, нөр хөдөлмөрийн үр дүн. Ийм бүтээлүүдийг илчлэн шүүмжилж, эрэн сурвалжилсан шинжтэй /Б.Ганчимэг “Луйвар”, Э.Хүрэлбаатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна”, Ц.Цэвээнхэрлэн “Төрийн төрүүлсэн “хүүхдүүдийг” адлахын учир”/, нийгмийн талбарт чухал, тулгамдсан асуудлуудыг хөндсөн агуулгатай /У.Бямбанямын “Голомт сахих горьдлого”, Х.Болормаа “Бодь мөрийн зэрэг үнэгүйдэж Библи үнэд орох цагаар”, Д.Мөнхчимэг “Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэв”, Ц.Цэвээнхэрлэн “Төрийн төрүүлсэн “хүүхдийг” адлахын учир”, О.Бат-Ундрахын “Улаан тарианы үе эргэн ирлээ”, Э.Хүрэлбаатар “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв уу” нийтлэлүүд/, содон сонирхолтой үйл явдал болон хүмүүсийн эгэл жирийн амьдралын сэдэвтэй /Б.Ганчимэг “Гүүгээ”, Г.Баатарнум “Амьдын тамд унасан долоон жил”, Б.Цэдэвсүрэн “Хүүхэд “бүтээдэг” ээж”, Э.Хүрэлбаатар “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, Ж.Тэгшжаргал “Хадаас”/ хэмээн ерөнхийд нь ангилж болохоор байна.

Цаг үе, нийгмээ мэдэрч, хөл нийлүүлэн алхах, шаардлагатай үед дуу хоолойгоо нэгтгэхийн тулд мэдээлэлтэй байх олон түмний хэрэгцээ сэтгүүлзүйг “ажиллуулдаг”. Энэ сэдэв ангиллыг харахад л сэтгүүлчийн хөл хаана хүрч, үг үзэг нь хаашаа чиглэснийг анзаарахад төвөг огтхон ч алга. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол мэдээллийн “их урсгал”-ыг дамжуулагч[1]. Энэ “их урсгал” “цутгал”-аар арвин байгааг шилдэг бүтээлүүдээр жишээлэн харж болохоор аж. Энэ бол сэтгүүлчдийн маань олж тодруулж, ур ухаанаа шингээн үзэгнийхээ үзүүрээр, үнэний мөрөөр зурсан мөнөөх 2015 оны бүтээлүүдээс харж болох “суурь өнгө” юм. “Баримт, баримт, бас дахин баримт” гэсэн уриа цуурайтсаар.

Сэтгүүл зүйн үйл ажиллагаа бол харьцангуй стандартчлагдсан үйл ажиллагаа[2]. Харин үүний үр дүнд “бүтээл” буюу “бичвэр” төрдөг. Сэтгүүлзүйн бичвэр нь бичиж туурвих уран бүтээлийн шинжтэй үйлээр бүтдэг боловч мэргэжлийн стандарт, хэм хэмжээнд захирагддаг онцлогтой. Үүгээрээ уран сайхны хийсвэрлэн урлах үйлээс /үгийн урлаг, уран зохиол/ эрс ялгаатай. Өөрийн бүтэц, олон бүрэлдэхүүн хэсгийг агуулсан тодорхой хэлбэр байж, стиль хэв маягийг бүрдүүлэх ур ухаан, бүтээлч чадварыг сэтгүүлчээс шаардаж байдаг утгаараа уран бүтээлийн шинжтэй[3]. Мөн тухайн цаг үеийг тусгасан, мэдээлэл агуулсан, ишлэл бүхий, тогтсон үгийн тоонд багтсан, товч тодорхой байх зэрэг нэмэлт шаардлагуудыг хангаж байж гэмээн бүтдэг урлал /craft/. Харин энэ урлал юуны тулд вэ, мэдээж бодит мэдээллийг тодорхой хэлбэрт агуулахын тулд. Тиймээс л “нийтлэгдсэн материалын хамгийн гол шинж чанар нь түүний үнэн эсэх тухай асуудал”[4] юм.

Бүтээлүүдийг уншиж байхад баримт мэдээлэл сайтай, эх сурвалж, нотлогоо хангалттай байгааг онцлон хэлэх хэрэгтэй болов уу. Шалтгаан нь тодорхой. Сэтгүүлчид үйл явдал, сэдэв асуудлаа эрж сурвалжлах, баримт мэдээллээ судалж, мэдээлэл цуглуулж боловсруулах ажилдаа нөр их хөдөлмөр зарж байна. “Үнэний эрэлд хатаж” хөдөлмөрлөх нь тухайн сэтгүүлчийн сурвалжлах ур чадвараас ихээхэн шалтгаална.

Үйл явдал, сэдэв асуудлын мөрөөр мөшгөн сурвалжлахын үлгэр болсон тод жишээ нь сэтгүүлч Э.Хүрэлбаатар, Ц.Цэвээнхэрлэн, Б.Цэдэвсүрэн нарын сурвалжлага, нийтлэлүүд юм. Ялангуяа тэргүүн байрт шалгарсан Э.Хүрэлбаатарын сурвалжлагуудын үнэ цэнийг гагцхүү үүгээр л тодорхойлж болно. Зүүн гурван аймгийн цагаан зээрийн хядлага, Хануйн бага сургуулийн сурагчид, бага эмчтэй хийсэн ярилцлага бол сэтгүүлч хүний үзэгдэл, үйл явдлын араас уйгагүй нэхэн сурвалжилдаг ажил мэргэжлийн үр шим юм. Олон түмнийг төлөөлж халуун цэгээс мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчийн хөдөлмөрт тэр сүүлийн жилүүдэд ихэд гаршсан болох нь анзаарагддаг. “Манай сонины хувьд хаана үйл явдал болж байна тийш нь сэтгүүлчээ томилолтоор явуулдаг. Халуун цэгээс мэдээллээ цаг алдалгүй хүргэх гэж бид машин, онгоц, морь, мотоцикльтой явдаг” гэж сэтгүүлчийн өөрийнх нь хэлсэн үг үүний бас нотолгоо.

Манай сэтгүүлчид ийнхүү сэдэв, үйл явдлыг сурвалжлах нөр их хөдөлмөрт улам ихээр шамдаж, гаршсан нь эерэг хоёр талтай. Нэгд, тухайн сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүндийг нь өргөж байна. Хоёрт, тэр хэрээр “цонхны наанаас харж” бичдэг “өнгөт өгүүлэл, нийтлэлийн” орон зайг хумиж байна. Энэ бол мэргэжлийн сэтгүүлзүй. Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын биелэл. Эндээс сэтгүүлзүйд байх ёстой “үндсэн өнгө” ямар тод ялгарч байгааг харлаа. Дашрамд дурдахад, Баабар, Аанхаа, Жаргалсайхан зэрэг аналист нийтлэлчдээс ялгаатай нь сэтгүүлчид нийгэмд субъектив үзэл бодол түгээх бус мэдээлэл дамжуулах үүргээ илүү ухамсарлах болж. Ингэснээр өнөөдөр нийтлэл зүй /публицистика/, сэтгүүл зүй /журналистика/-н зааг ялгааг ажил, бүтээлээрээ тодорхой болгож, мэргэжлийн сэтгүүл зүйн хүрээг тогтоочихоод байна. Бид нийтлэлчдийн давалгаанд дарагдаж байсан цаг саяхан. Гэхдээ сэтгүүлч нийтлэлчээс дутахгүй сэдэв асуудлаа судалж, шинжилдэг.

Амьдралд болж, өрнөж буй үйл явдал, үзэгдэл болгон зүгээр л гүйж сурвалжлаад хүүрнэж, тоочоод мэдээлчихдэг энгийн логиктой байдаггүй нь хамарсалтай. Эндээс дахиад л сэтгүүлчээс өөр нэгэн чадварын тухай яриа урган гарна. Болж буй үйл явдал, үзэгдлийн учрыг олж, хужрыг тунгааж өгөхгүй бол уншигчдын ихэнх нь рестораны үйлчлүүлэгчид шиг бэлэн “хоол захиалах”-ыг л урьтал болгоно. Эндээс л сэтгүүлч олон түмний “хоточ нохой” нь болж, нарийн төвөгтэй, ээдрээтэй үйл явдлын гүн рүү зөвхөн үзэг, дуу хураагуураа бариад орно. Олсон мэдээллээ задлан шинжилж, үнэн мөнийг нь тодруулж “боловсруулсан” “чанартай хоол” захиалагчдаа зориулж бэлтгэнэ. Захиалагч нэг л шаардлага тавьдаг, үнэн бодитой, тодорхой ойлгомжтой байх. Тун амаргүй энэ ажлыг сэтгүүлчийн задлан шинжилж бичих авьяас чадвар, мэдлэг туршлагаараа даван туулна.

Судалгаа, задлан шинжилгээ, боловсруулалтын өндөр төвшинд бичигдсэн бичвэр шалгарсан бүтээлүүд дотор олон байгаа нь өнөөгийн сэтгүүлзүйн “хурц тод өнгө” нь юм. Энэ өнгийг цацруулагч бүтээлүүд бол сэтгүүлч Б.Ганчимэгийн “Луйвар” цуврал нийтлэл, Д.Мөнхчимэгийн эдийн засгийн цуврал нийтлэл, О.Бат-Ундрахын “Улаан тарианы үе эргэн ирлээ” цуврал нийтлэл, Г.Бямбанямын нийтлэл бичвэрүүд аж.

Б.Ганчимэгийн “Луйвар” цуврал гэхэд л асар их баримт мэдээлэл, зөрчилтэй, эргэлзээтэй асуудлуудыг цэгцэлж, оюун дүгнэлт, логик гаргалгаа хийсэн нүсэр бичвэр. Ялангуяа эрэн сурвалжлага таамаглал, эргэлзээнээс хөвөрч, судалгаа, задлан шинжилгээ, логик гаргалгаа ихээр шаарддаг төрөл болохыг тус цуврал давхар нотолж чадсан. Гэхдээ энэ бүтээл илчлэн шүүмжилсэн, эрэн сурвалжилсан шинжтэй бүтээл болохоос цэвэр эрэн сурвалжлага гэж онолын хувьд дүгнэхэд эртэднэ.

Сэтгүүлчийн бүтээлүүд иргэд олон түмний оюуны эрэлт, хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэх нь чухал шалгуур юм. Энэ өнцгөөс ажвал хамгийн өнгөтэй нь Д.Мөнхчимэг, У.Бямбаням нарын бичвэр. Ялангуяа эдийн засгийн салбарын өнөөгийн байдлыг өөр өнцгөөс харж, асуудалд ул суурьтай хандсан Д.Мөнхчимэгийн бичвэрүүд иргэд олон түмний тус салбарын талаарх ойлголтыг тэлж, эдийн засгийн сэтгүүлзүйн “гэрэлтүүлэгчийн үүрэг”-ийг хангалттай биелүүлж чадсан байх юм. Мөн У.Бямбанямын “Долоо дахь судасны чимээ” нь хэвлэлийн шүүмж хэмээх тун ховордсон жанрын чамбай сайн жишээ. Уншигчдын утга зохиолын боловсролд хувь нэмэр орууж байгаа утгаараа “соён гэгээрүүлэх үүрэг” хэрэгжиж байгааг илтгэнэ. Энэ бол энэ жилийн Балдорж шагналыг чимсэн туяа цацруулсан гоёмсог өнгө байлаа.

Нийтлэлийн үр дүн, үр нөлөөг шинжихгүйгээр сэтгүүлчийн бүтээлийг үнэлэх нь асуудалд хайнга хандахын нөхцөл болдог. Үр дүн бол уншигчдад, үр нөлөө бол тогтолцоонд үзүүлэх нийтлэлийн нөлөөлөл юм. Нийтлэлийн үр дүн, үр нөлөөг тодорхойлоход тусгай судалгаа шаарддаг ч шилдэг бүтээлүүдээс практик дээр заримынх нь үр дүн, үр нөлөө нь бодитой харагдаж байгаа тул “эхний ээлжинд” үнэлэх боломжтой болжээ. Үүний тод жишээнд Э.Хүрэлбаатарын сурвалжлагууд, Б.Ганчимэгийн “Луйвар–1” зэрэг болно. Э.Хүрэлбаатарын “Өдрийн сонинд гарсан гурван нийтлэлийн мөрөөр УИХ, холбогдох яамд, хууль хяналтынхан бодлого, хяналт шалгалтын олон ажил хийсэн” гэж хэлсэн үг, Б.Ганчимэгийн “Луйвар–2”-тоо “Хариу болгож тэрээр мөн өөрийн байр суурийг илэрхийлэн мэдэгдэл гаргаад байна. Тэрхүү мэдэгдэлдээ сэтгүүлч намайг “Моннис” группийн эсрэг илт гүжир, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг зөрчин, Моннис групп болон Ерөнхий захирал Б.Чулуунбаатарын нэр хүндийг гутаан, хууль ёсны эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргасныг Моннис группийн зүгээс эрс эсэргүүцэж байна” хэмээн өгүүлж компанийн хамт олноос уучлал гуйхыг шаарджээ” гэж бичсэн зэрэг нь нийтлэлүүд ямар нэг үр нөлөө, үр дүнд хүрсний анхдагч илрэл.

Нийгэм, олон нийт, асуудалд нөлөөлж чадах нийтлэл бичнэ гэдэг бол сэтгүүлчийн туйлын зорилго байдаг. Үр дүн нь бодитоор мэдрэгдээд ирэх цагт сэтгүүлчийн хөдөлмөрийн үнэлэмж дээшилдэг. Энэ бол сүүн цагаан өнгө.

Сэтгүүлчийн ур чадвар бол бүтээлийн агуулгаас гадна мэргэжлийн тогтсон стандартад нийцүүлэн агуулга, хэлбэрийн зохирол, нийцлийг барьж бичих урлахуйн талтай ихээхэн холбоотой юм. Гэвч дээр өгүүлсэн сурвалжлах, судлан шинжлэх процесс бүхий их хөдөлмөрийн эцэст бичвэрийн агуулга бүрддэг. Цаг нартай уралдаж, дээрх ажилд ихэнх хүч хөдөлмөрөө зардаг сэтгүүлчдэд бичиж найруулах ур чадвараа дайчлах хугацаа бага үлддэг онцлогтой. Иймээс тогтсон загвар, бичлэгийн төрөл хэлбэрийг оновчтой сонгож бичвэрээ бичиж, материалаа бэлэн болдог.

Шилдэг бүтээлүүдээс зарим бичлэгийн төрөл зүйлийг оновчтой сонгосон байдалд ажиглалт хийж үзье. Үйл явдлыг мэдээлэхэд хамгийн тохиромжтой хэлбэр болох сурвалжлага сүүлийн үед олширч, сэтгүүлчдийн бичлэгийн дуртай жанр болжээ.

Ц.Цэвээнхэрлэн, Э.Хүрэлбаатар нарын сурвалжлага мэдээллийн багтаамж, үйл явдлын дүрслэлээ бодсон ч хамгийн тохиромжтой хэлбэр юм. Ялангуяа “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид” гэсэн гарчигтай сурвалжлага агуулгаараа ч, хэлбэрээрээ ч зохицлыг бүрэн төгс олжээ. Хэт үйл явдал хөөлгүй, хэрэгтэй мэдээллээ олж дамжуулж буй цаг хугацааны зөв дараалалтай бүтцээр бичигдсэн энэ сурвалжлага болон Ц.Цэвээнхэрлэнгийн “Би нийнжа болмооргүй байна” бодит байдлыг тодруулж, асуудал хөндсөн сурвалжлага чамбай бүтээл болжээ. Ёстой л элдэв зүйл хоилодоогүй хэрнээ сурвалжлагад байх ёстой тэр л “зохьсон өнгө”.

Харин “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” нэртэй сурвалжлага нь сунжруу нуршуу, нүсэр болсон дутагдал ажиглагдаж байна. Үйл явдал, үзэгдэлдээ хэт хөтлөгдөж /сэтгэл хөдлөлдөө автсан ч байж болох/ нуршин зураглах, нарийвчлан дүрслэх, улмаар үйл явдлыг нурших, хэт тоочих зэргээс үүдээд логик алдагдах, бичвэр нүсэр болсон дутагдал ажиглагдаж байна. Яг энэ тохиолдолд редакторын хатуу шүүлтүүр /усыг нь шавхах гэдэг дээ/ үгүйлэгдэж байлаа. Сэтгүүлчийн бичиж байгаа сэдэв асуудал хичнээн чухал ч уншигчдын эрх нэгдүгээрт. Энэ утгаараа өнөөдөр цаг зав багатай уншигчдаа бодож товч тодорхой бичих нь чадвар шаардсан ажил.

Асар их мэдээлэл, баримт задлан шинжилгээний багтаамжтай хэлбэр болсон өгүүллийн төрлөөр бичсэн бүтээлүүд аргагүй дээгүүр давхисан байна. Учир нь ур чадвар, туршлага хамгийн их шаарддаг жанр. Б.Ганчимэгийн “Луйвар” цуврал, “Ц.Цэвээнхэрлэнгийн “Төрийн төрүүлсэн “хүүхдүүдийг” адлахын учир”, У.Бямбанямын “Голомт сахих горьдлого”, Х.Болормаа “Бодь мөрийн зэрэг үнэгүйдэж Библи үнэд орох цагаар”, Д.Мөнхчимэгийн “Эдийн засгийн салхи баруунаас зүүн тийш эргэв”, О.Бат-Ундрахын “Улаан тарианы үе эргэн ирлээ” зэрэг нийтлэлүүд өгүүлэл гэх бичлэгийн үндсэн төрөлд хамаарна. Нөгөө л “зохьсон өнгө” гэж энэ дээ.

Ярилцлага бол залхуу сэтгүүлчийн жанр гэсэн өнгөц ойлголт бий. Гэхдээ өнөө цагийн сэтгүүл зүйн бичлэгийн чухал хэлбэр болсон нь түүний амьд, итгэл үнэмшил төрүүлдэг чанартай шууд холбоотой. “Балдорж” шагналын анхны гранприг эзэндээ Асашёорюүтэй хийсэн ярилцлага нь авч ирж байсныг санахад илүүдэхгүй биз. “Соёмбо” сонины сэтгүүлч Г.Баатарнумын “Амьдын тамд унасан долоон жил” ярилцлага тэртээх  43 жилийн өмнө болсон эмгэнэлт үйл явдлын амьд гэрчээс өөрөөс нь яриа авч бичсэн тул харилцан ярилцлагын хэлбэрээр бичигдсэн нь зохимжтой болсон байна. Элдэв “өнгө” хачирлаагүй энэ ярилцлагын ур чадвар нь мартагдсан, хаалттай сэдвийг шинээр, үйл явдлын оролцогч, хохирогч гэрчээр өөрөөр нь хамгийн бодит мэдээлэл өгүүлж, яриалсанд байна. “Шинэ юм гэж ихээхэн хуучирсан зүйлийг ч бас хэлнэ” гэдгийг ингэж ярилцлагын зохистой тэр л “өнгөөр” батлан харуулж чаджээ. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, манай зарим сэтгүүлч, судлаачид сэтгүүлч хүн бичлэгийн шинэ төрөл хэлбэр эрж олох, бүтээх ёстой гэж үздэг. Хэлбэр бүтээх нь үгийн урлаг – уран зохиолын нэгэн чухаг зорилго болохоос хэлбэр хайж үндсэн зорилгоосоо ухрах зав болоод хийсвэрлэл сэтгүүлчид чухал биш. Товчхондоо агуулга, хэлбэр хоёрын зохирол чухал. Харин тэрхүү зохимжтой гэгддэг билэгийн төрөл хэлбэрийг /загвар/ судлаачид олж тогтоогоод практик сэтгүүл зүйгээр үааварчилчихсан байдаг. Тиймээс сэтгүүлзүйн бүтээлийг “загварт бичлэг” хэмээн нэрийддэг билээ.

Шилдэг сэтгүүлчид маань хэлбэрийн тал дээрээ бичвэрийн өнгөн бүтцэд нөлөөлсөн боловсруулалтын зарим дутагдал гаргаж, энэ утгаараа “толботсон, үл зохицсон өнгө” оруулж тогтсон стандартыг зөрчсөн, гажуудуулсан зүйл байгаа нь ажиглагдлаа. Тодруулбал, бичлэгийн зохистой төрөл зүйлээр бичих, гарчиг, дэд гарчиг, эхлэл /лийд/, үндсэн хэсгүүд, төгсгөлийг сэтгүүл зүйн тогтсон бүтэц загварт нийцүүлж, шаардлага хангаж өндөр төвшинд бичих тал дээр сэтгүүлчид сайн байгаа ч, зарим цөөн алдаа дутагдал ажиглагдаж байна. Зарим сурвалжлага хэт нүсэр, улмаар сунжирч хөвөрсөнөөс бүтцийг эвдсэн дутагдал байна. Тодруулбал Э.Хүрэлбаатарын “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна” сурвалжлага боловсруулалт дутмагаас нуршсан, хөвөрсөн, логик зөрчил үүссэн зүйл ажиглагдаад байна. Нөгөө хөлс хүч шингээж сурвалжлан явсан гайхалтай хөдөлмөрөө баллачих зүйл энэ. Ялангуяа мэдээллийн их хурд, түрлэг дунд сонины эгэл уншигчид ийм нүсэр бичвэр уншиж суух цаг зав, тэвчээр хэр байгаа билээ. Бодох л хэрэгтэй.

Үгийн ур, найруулан бичихүйн эрдмээр бүтсэн сайхан бүтээл бас байна. Б.Ганчимэгийн “Гүүгээ”, Ж.Тэгшжаргалын “Хадаас” тэмдэглэл хэлбэрийн бичвэрүүд агуулгадаа зохьсон уншихад цэгцтэй санагдав. Тохирсон найруулгын аяс нь бичвэрээ сонирхолтой болгожээ.  Б.Ганчимэгийнх л гэж хэлж болох тийм урлал “Гүүгээ”-г бүтээсэн байна. Дээр нь уран сайхны шинжтэй бичлэгийн хэлбэр болох тэмдэглэлийн жанрт тэр өнгө нь зохистой “найралджээ”.

Гэтэл сүүлийн үед тохирсон бичлэгийн төрөл хэлбэрийг ашиглахын оронд бичлэгийн яг ямар төрөл, хэлбэрээр бичиж байгаа нь тодорхойгүй, бичлэгийн төрлүүдийг хольж эвлүүлэх /үүнийг зарим талаар бичлэгийн төрөл зүйлүүд хоорондын нийлэгшил /синкретик/ шинж гэж өөгшүүлдэг болж/, бүрэн төгс бус боловсруулах дутагдал байгаагийн ул мөр шагналд өрсөлдсөн бүтээлүүд дотор байсан нь харамсалтай. Шагнал гардуулах ёслол дээр сэтгүүлч Б.Ганчимэгийн “Аз горьдож, юмыг яаж мэдэх вэ дээ гэж материалаа өгдөг юм биш байгаа даа гэсэн эмзэглэл шүүгчдийн дүгнэлтээс бас төрлөө. Сэтгүүлч хүн БАЛДОРЖ шагналд материалаа өгөхдөө хайнга хандах нь мэргэжлээ үл хүндэтгэсэн хэрэг. Хэн нэгнийг бүү даган дуурай. Онцгой бүтээлээ л сой” гэж хэлсэн үг онсон хариулт болно. Уралдаанд ч, уншигчддаа ч зориулж “онцгой бүтээл сой” буюу мэргэжлийн төвшинд л бич.

Бичвэрийн гүн бүтэц бас чухал. Утга төгс, нийтлэлийн нэвтэрч гарах гол санаа тов тодорхой, агуулга өгүүлэмж товч тодорхой, энгийн ойлгомжтой байх гээд шаардлага өндөртэй. “Сэтгүүлзүй сэхээтнүүд, ухаантнуудад зориулагдсан өндөр түвшний, “ухаантай” байх бус харин ч тухайн нийгмийн гишүүдийн дундаж IQ-гээс 10 пунктээр доогуур түвшинд боловсруулагдсан байж гэмээн сая олон нийтийн мэдээллийн үүргээ гүйцэтгэж чадна гэж үздэг”[5]. Мэдээж бүх л бүтээл энэ шалгуурт тэнцэж байж уралдаанд шалгарна.

Энд нэг бүтээлд онцгой шүүмжлэлтэй хандмаар байна. Сэтгүүлч Х.Болормаагийн “Адилхан монгол” нийтлэл “Тийм дээ тийм, Монгол гэдэг туурга тусгаар улсын туган дор нэгтгэгдсэн бид адилхан монгол” хэмээн дэвшүүлсэн асуудал нь зөв ч өөрийн сэтгэгдэл, эргэлзээ, төсөөллөө нягталж шалгаж, сайтар тунгаалгүй өнгөц хандсан нь ажиглагдаж байна. Баруун хязгаарын Баян – Өлгий аймгаар явахдаа бичсэн сурвалжилсан тэмдэглэлд нь энэ нутгийн талаар хэт өнгөц сэтгэгдэл, сэтгэл хөдлөлд хөтлөгдөж бичсэнээс уншигчиддаа буруу ташаа ойлголт төрүүлэх, “Баян-Өлгий аймаг дан казахуудын нутаг” гэсэн хэвшмэл ташаа ойлголтыг өөгшүүлж бататгах сөрөг үр дүн, дутагдалд хүргэхээр болжээ. “Баян-Өлгий казахуудын нутаг”, “гадаадын орон” мэт санагдсан анхны сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөхийн оронд сайтар судалсан бол дээрх ташаа стеротипыг өөрчилж, тэнд олонх нь казах болчихсон ч уугуул урианхай, дөрвөд, тува ястан иргэд аж төрдөг, хэл соёлын өвөрмөц орчинтой нутаг гэдгийг харуулж утга санаа нь дэвшүүлсэн асуудалд нийцсэн өөр нийтлэл бичиж болох байв. Сэтгүүлч стеротип, тодотгол, улиглал зэргийг болгоомжтой ашиглах, зайлсхийхийг ямагт сануулдаг нь ийм учиртай.

Э.Хүрэлбаатарын сурвалжлагад бүтэн шүлгийг ишэлсэн нь утга агуулгаа бататгах үүрэг зориулалт, зохиомжийн хувьд оновчтой мэт боловч мөнөөх л улиглалыг санагдуулж, сурвалжлага сунжран бүтэц эвдрэхийн шалтгаан болсон байгаа юм.

Ийнхүү энэ жилийн БАЛДОРЖ шагналт бүтээлүүдэд алаг цоог, толботой ч гэмээр “өнгө” мэр сэр орчихож.

Сэтгүүлзүйн бичвэр – бүтээлд хэл, хэл найруулга чухал үүрэгтэй. Энэ бол хувь сэтгүүлчийн мэдээллийн утга, агуулгаа илэрхийлэх чухал хэрэглүүр. Б.Ганчимэгийн нийтлэлийн хэл бол утга уянга, ухаарал шингэсэн бодол эргэцүүлэл, хүүрнэлээр дүүрэн байдаг. Үүний хамгийн тод жишээ болгон “Гүүгээ”–г дахин энд онцлох хэрэгтэй болж байна. Ашигтай, хэрэгтэй мэдээлэл энэ нийтлэлд байхгүй хэрнээ уншигчийг ухаарал, баясал цэнгэлд хөтлөх тийм шид энэ нийтлэлийг амьд болгож, гоо сайхны болон сэтгэлзүйн тайлбарлахад бэрх ч, уншиж бол амархан мэдрэх сайхан “өнгө” шингэжээ. Энэ бол нүдэнд бус уншигчийн сэтгэлд гэрлээ цацруулах тийм тунгалаг өнгө юм. Мөн түүний бичлэгийг амьд болгодог, амин сүнс нь болж байдаг үгийн ончтой сонголт, баялаг хэллэг энэ бүтээлийг нь бас амилуулж байна. Нэг санааг дашрамд нэмэрлэхэд, эх хэлээ хамгаалах үүргийг хуульчлан оноогоод байгаа өнөө цагт ийм сайхан найруулга, бичлэгтэй бичвэрүүд уншигчдын хэлний боловсролд хувь нэмэртэй байх нь дамжиггүй.

Мөн Э.Хүрэлбаатарын “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид” сурвалжлагын эхлэл хэсэг нь зохиомжийн сонирхолтой шийдэлтэй болсныг дурдах хэрэгтэй. Их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгийн эхлэл зураглалыг санагдуулам зохиомж нь зохимжтой болжээ.

Энэ мэтээр БАЛДОРЖ шагналтнуудын бүтээлүүдэд олон “өнгө” сүлж, ялгаран тодорч, энэ жилийн бүтээлүүдийг нийтэд нь “өнгөлөг” болгож чаджээ.

Ганц өнгө л харин олдсонгүй. Энэ бол солонгын өнгө. Солонго бол нарны гэрлийн өнгө. /Солонго –  агаар мандалд ихээр хуримтлагдсан чийгт нарны цацраг ойж, хугарч солонгороод олон өнгө (гаднаас дотогшоо улаанулбар шаршарногоонцэнхэрхөхнил ягаан) бүхий нум эсвэл цагираг хэлбэрээр харагддаг”. Википедиад солонгыг тайлбарласан энэ өнгийг нарны цацраг гэсэн утгаар нь тунгааж харахыг хүсье. Тэгвэл хайгаад байгаа өнгөний мөн чанарыг ойлгоно/. Энэ тайлбараас юу хэлэх гээд байгааг эрхэм нөхөд минь ойлгосон байх. Энэ өнгө л шүүмжийн маань эхэнд тодорхойлсон шинэ цагийн сэтгүүлзүйн чанар чансааны “улаан шугам”-ыг нэвтрэн гэрэлтэх /Б.Ганчимэгийн Асашёорюүтэй хийсэн ярилцлага, 2009 онд сэтгүүлч Б.Ганчимэг Асашёорюүтэй хийсэн ярилцлагаараа, 2010 онд сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ эрэн сурвалжлах шинж бүхий нийтлэлүүдээс давсан/ “нарны цацраг адил гайхамшигт өнгө” байх байлаа гэж мөхсөөр сэтгэнэм. Харамсалтай нь олж харсангүй.

Эцэст нь хэлэхэд энэ жилийн “Балдорж шагнал”-ын бүтээлүүд ялгарах “өнгө”-өөр баялаг байна. Суурь, үндсэн, гоёмсог, хурц тод, сүүн цагаан, тунгалаг, зохисон, зарим нь толботсон, үл зохирсон, алаг цоог гээд л олон өнгө ялгарч байна. Эндээс манай сэтгүүл зүйн урлал таатай, таагүй “өнгө” баялаг байна гэж дүгнэж болох ч үзэмж төгөлдөр солонгорон харагдах нарны цацрагийн өнгө л дутагдаад байх юм.

Хойтон жилийн наадам ойрхон байна даа, харин хайсан өнгөө л олж харах цаг хэзээ юм бол доо?…

[1] Ж.Батбаатар “Суурь сэтгүүлзүй” 2010., 25-р талд

[2] С.Амартүвшин, Ж.Батбаатар “Сэтгүүлчийн ур чадвар” 2014., 25-р талд

[3] Ж.Батбаатар “Суурь сэтгүүлзүй” 2010., 37-р талд

[4] Андерсен Х., Мэллит М “Нийтлэл нэвтрүүлгийг яаж бэлтгэх вэ?” Орчуулсан М.Зулькафиль. УБ., 2008. 13-р талд

[5] С.Амартүвшин, Ж.Батбаатар “Сэтгүүлчийн ур чадвар” 2014., 25-р талд

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.

нэг хариулт

  • Shavi naraas ni.........[202.70.36.123]2016.08.31

    Bagshdaa bayar hurgey, erdem shinjilgeenii ajil buteeleeree hamgiin shildeg n shuu 🙂