Хоёр Солонгосыг сэлгэсэн тагнуулч Ким Дунсик

22KOREA-web1-master768

Умард Солонгосын тагнуулын албанд өндөр албан тушаал хашиж байсан нэгэн хүн одоо өөр нэрээр буюу Ким Дунсик гэдэг нэрээр БНСУ-д ажиллаж, амьдарч байна. Тэрбээр хамгийн сүүлд 2015 оны 5 дугаар сарын сүүлээр нүүр царайгаа халхавчлан CNN телевизэд ярилцлага өгчээ.

Ким Дунсик нь БНАСАУ-д 1964 онд төрсөн, одоо 51 настай, 1981 онд БНАСАУ-ын Кумсоны улс төрийн цэргийн их сургуульд элсэн суралцаж төгссөнөөс хойш БНАСАУ-ын цэргийн тагнуулын албанд 1995 оныг хүртэл ажиллаж. 1995 онд БНСУ-д даалгавар гүйцэтгэж яваад БНСУ-ын ҮТА-нд баривчлагдсан. 1999 оноос хойш БНСУ-ын Цэргийн сөрөх тагнуулын албанд ажиллаж, БНСУ-д амьдарч эхэлсэн. Тэрбээр одоо БНСУ-ын иргэнтэй гэр бүл болон хоёр хүүтэй болж, БНСУ-ын Үндэсний тагнуулын албаны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэнд шинжээчээр ажиллаж байна.

Түүнд БНАСАУ-ын Засгийн газар эх орноосоо урвасан ял тулгадаг бөгөөд тэрбээр БНСУ-ын талд ажиллаж эхэлснээсээ хойш Умардын тагнуулчдыг илрүүлэхэд тусалдаг болсон юм. Тухайлбал, Ким Дунсик 1997 онд Өмнөдөд урвасан тагнуулын ажилтны амийг хөнөөсөн Ли Ханён гэх Ким Жөнилийн хамаатныг баривчлахад БНСУ-ын ҮТА-нд тусалж байсан.

Мөн түүний хуучин гэр бүл нь Умардад үлдсэн ба одоо амьд эсэх нь тодорхойгүй байдаг, хэрэв амьд бол Кимийн охин нь энэ жил 21 нас хүрч байгаа аж. Ким Дунсик нь БНАСАУ-ын нэг мужийн СХН-ын дээгүүр албан тушаалтны хүү бөгөөд 1981 онд Умардын тагнуулын сургуульд элсэн суралцаж төгссөнийхөө дараа Өмнөдөд нэвтрэх, тагнуулч, туршуулын сүлжээ байгуулах, улмаар Өмнөдөд төрийн эргэлт, хувьсгал хийх онцгой зорилготой БНАСАУ-ын цэргийн тагнуулын албанд томилогдон ажилласан.

Тэрбээр 1990, 1995 онуудад хоёр удаа БНСУ-д нэвтэрч дунд хугацаагаар тусгай үүрэг гүйцэтгэж, 1990 оны 5 дугаар сард анхны даалгавараа биелүүлэхээр Умардын өөр нэг тагнуулын ажилтны хамт Нампо усан зогсоолоос Япон загасчны дүрд хувиран, БНСУ-ын Чэжү арал орчмоор Өмнөдөд хил нэвтэрэн, 5 сар гаруй хугацаанд ажиллаж Пхеньянтай нууцлалтай холбоогоор холбогдож, заавар авч байсан. Мөн тэд 1990 оны 10 дугаар сард  буцахдаа Өмнөдөд 10 гаруй жил ажилласан Умардын тагнуулч бүсгүй (1980-1990 онд БНСУ-ын иргэдийг элсүүлж Умардын тагнуулч, туршуулын сүлжээ бий болгон БНСУ-д 10 жил ажилласан тагнуулын эмэгтэй ажилтны нэр нь Ри Сонсил (Ri Song Sil\ Ri Songsil\Sonsil) гэж үздэг. Зарим эх сурвалжаар Ли Сунсил гэдэг.) болон өөрсдийн элсүүлсэн БНСУ-ын иргэнийг Пхеньянд авчиран анхны даалгавраа амжилттай гүйцэтгэж Бүгд Найрамдах Улсын Баатар цол хүртэж байв.

Харин хоёр дахь даалгаврын үеэр Умардын тагнуулын ажилтан Кан Мёндуны хамт 1995 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сөүл хотоос 95 бээрийн зайд орших Буёо ууланд БНСУ-ын тусгай албаныханд баригдсан. Ким Дунсик нь баригдахаасаа 52 хоногийн өмнө Умардаас Өмнөдөд завиар нэвтэрч Өмнөдөд 15 жил гаруй суурин тагнуулчаар ажилласан Умардын өөр нэгэн тагнуулын ажилтныг эх оронд нь буцаах зорилготой байжээ. Тэрбээр БНСУ-д завиар нэвтэрсний дараа Буёо ууланд орших нэгэн буддын сүмд Жавүүн гэдэг нэрээр халхавчилсан Умардын тагнуулч Кимтэй холбоо тогтоох заавар авсан байв. Гэвч тухайн үед Жавүүн гэдэг ламын халхавчаар ажиллаж байсан Умардын суурин тагнуулч илчлэгдсэн байсан учир БНСУ-ын ҮТА-ны сөрөх тагнуулын ажилтнууд уг сүмд отолт зохион байгуулж, буудалцаан болон Кан Мёнду амь үрэгдэж, Ким Дунсик хөлөндөө шархдсанаар баривчлагдсан байна.

Тухайн үед хамгийн том асуудал нь 1980 онд буддын лам Жавүүн гэх халхавчаар БНСУ-д нэвтрүүлсэн Умардын суурин тагнуулч 1980 ондоо БНСУ-ын ҮТА-нд баривчлагдсныг БНАСАУ-ын тагнуулын алба мэдээгүй явдал байлаа. БНСУ-ын ҮТА Умардын тагнуулын ажилтныг баривчилж, оронд нь өөрийн хүнийг уг сүмд байршуулж Пхеньянтай холбоо тогтоон Пхеньянаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгаа мэт итгэл үнэмшил төрүүлдэг байжээ. Үүнээс үүдэн 1980 оноос хойш БНСУ-ын эсрэг хэрэгжүүлсэн БНАСАУ-ын тусгай албаны олон арга хэмжээ бүтэлгүйтэж, тагнуулын олон ажилтнууд давхар элсэгдэхэд хүрч байжээ. Эл үйл явдлын хохирогчдын нэг нь Ким Дунсик юм. Энэ үйл явдлын дараа Умардын хувьд эх орноосоо урвасан урвагч болж хувирсан бол Өмнөд Солонгосын Засгийн газрын хувьд тагнуулын мэдээ, дүн шинжилгээний үнэтэй эх сурвалж болжээ.

1995 оны үед БНАСАУ-ын гадаад, дотоод нөхцөл байдал хүнд байсан нь БНСУ дахь Умардын тагнуулч, туршуулын сүлжээ, тагнуулчдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байлаа. Энэ үед Умардын тагнуулчдын элсүүлсэн БНСУ-ын иргэд хамтран ажиллахаас татгалзах хандлагатай байсныг өөрчлөх зорилготой арга хэмжээнд БНАСАУ-ын тусгай албад түлхүү анхаарч байв.

Ким Дунсикийн хэлснээр 1980-аад онд БНАСАУ-ын тагнуулын сургуульд жил бүр 200 сонсогч элсүүлдэг байсан, элсүүлэхдээ гадна төрх байдал, гэр бүлийн байдал, сурлага, итгэл даах байдал, үнэнч шударга чанарыг үндэслэн сонгон шалгаруулдаг байжээ. Тагнуулын сургуулийн онц сайн суралцагч сонсогчид сургуулийн хотхоноос гарах, гэр бүлийнхэнтэйгээ уулзах, холбоо барих  эрхгүй байж. Тагнуулын сургуульд гардан тулаан, зэвсэгтэй харьцах, тэсрэх бөмбөг хийхээс эхлээд хананд авирах, геологи, газарзүй, Морзын дохио, тэнгисийн навигац зэрэг маш өргөн хүрээний мэдлэг, чадвар олгох сургалт явуулахаас гадна дайсандаа баригдсан бол баривчлагдах, байцаалт, эрүү шүүлтэд орохоосоо өмнө цианидын хор ууж амиа хорлохыг хатуу зааж сургадаг аж.

Пхеньянаас холгүй орших Умардын тагнуулын албаны нууц байрны газар доорх байгууламжид Сөүлийн гудамжуудыг дуурайлган хийсэн хуулбар гудамж, барилгууд байдаг. Тэнд Умардын тагнуулын ажилтнууд автобусны билет худалдан авах, Өмнөд аялгаар ярих зэрэг дадлага хийдэг аж. Мөн эсрэг талд нэвтрэх тагнуулчдыг бэлтгэхэд БНСУ-аас хулгайлж Умардад авчирсан Өмнөд Солонгосын иргэдийг ашиглаж Өмнөдийн аялга, өмнөдийн нийгэм, эдийн засгийн нөхцөлийн талаар заалгадаг байжээ. БНСУ-аас 1977-1978 оны хооронд  17 настай ахлах сургуулийн 5 эрэгтэй сурагчийг хулгайлсан бөгөөд тэдний 3 нь одоог хүртэл тагнуулын сургуульд зааварлагч багшаар ажиллаж байгаа аж. Тэдгээрийн хоёр нь 2000-аад оныг хүртэл тагнуулын сургуульд багшилж байгаад хожим нь нэг нь худалдаа, наймаа хийх болсон, нэг нь төрийн байгууллагад ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: intelnews.org, guardian.com

Хариулт үлдээх

Your email address will not be published.