Т.Булган: Ногоон зээлийн сан агаарын бохирдлыг бууруулах зорилготой

tbulgan

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн мягмар гарагт болсон. Энэ үеэр яригдсан Ногоон зээлийн санг байгуулах тухай ярьсан юм. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Ногоон хөгжил бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булганаас тодрууллаа.

-Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд Ногоон зээлийн санг байгуулахаар болж байна. Ногоон зээлийн санг байгуулсны ач холбогдол, зорилгын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, мөн өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт байгальд ээлтэй, орчны бохирдол болон дулааны алдагдлыг бууруулсан, эрчим хүчний хэмнэлтийг бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийн төсөл хөтөлбөрийг тодорхой хэмжээнд санхүүжүүлэхээр тусгасан. Тодруулбал, маш бага хүүтэй, уян хатан нөхцөлтэй ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгох заалтууд дээрх хөтөлбөрүүдэд туссан гэсэн үг. БОАЖЯ-ны хувьд бодлогын хүрээнд 2016 онд Монголын банкны холбоотой хамтран ажлын хэсэг гарган, Ногоон зээлийн сан байгуулах чиглэлд судалгааны ажлаа эхлүүлсэн байдаг. Судалгааны ажлаа эхлүүлснээс хойш уг зээлийн сан ямар бүтэцтэй байх, зорилтот бүлэг ямар байх зэрэг бүх зүйлээ тооцоолж гаргасан байгаа. Судалгааг хийхэд олон улсын байгууллагуудын дэмжлэг чухал байсан. Тэр утгаараа Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, НҮБ-ын төрөлжсөн таван байгууллагын санаачлагаар бий болсон Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран эдгээр судалгааг хийсэн юм.

-Ногоон зээлийн сан хэдийгээр бий болж, ажил хэргийн төвшинд үйл ажиллагаагаа явуулах бол?

-Өмнө нь БОАЖЯ судалгааны ажлаа Монголын банкны холбоо, арилжааны банкууд, олон улсын байгууллагуудтай хийсэн бол одоо үүнийг бодит сан болгох чиглэлд төрийн байгууллагуудтай нэлээд сайн хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн 6 дугаар сард Сангийн сайд болон БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нарын хамтарсан тушаалаар хоёр яамнаас ажлын хэсэг гаргаж, хуралдаанаа хийсэн. Уг хуралдаанаар ямар ч байсан халаалтын улирлаас өмнө Ногоон зээлийн санг байгуулъя гэж ярилцсан. Эхний ээлжинд Засгийн газраас бодлогын хүрээнд гаргасан шөнийн цахилгааныг тэглэсэн боломжийг иргэд маань илүү ашиглаасай гэдэг үүднээс цахилгаан халаагуур, дулаалгын материалыг хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлд зорилтот бүлгээ тодорхойлон ажлаа эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр халаалтын улирал эхлэхэд уг ажлын анхны сууриа тавьчихсан байна гэж үзэж байгаа. Мэдээж, энэ маань шинэ тутамд бий болж байгаа сан учраас анхнаас нь бүх нарийн судалгааг бид нухацтай хийсэн гэдгийг онцолъё. Түүнээс гадна Сангийн яамтай хамтарсан ажлыг хэсэг дээр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл орж ажиллаж байгаа. Тэр утгаараа уг сангаа тогтвортой үйл ажиллагаа явуулах чиглэлд нэлээд нарийн анхаарч ажиллаж байгаа гэж ойлгож болно.

-Аж ахуйн нэгж байгууллагууд санал санаачлага гарган, төсөл хөтөлбөрүүдээ боловсруулаад санхүүжилт авч болох юм байна гэж ойлголоо…

-Эхний ээлжинд утаа, агаарын бохирдол руу чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа. Ногоон зээлийн сан маань ер нь байгальд ээлтэй, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэх боломжтой.

-Зөвхөн аж ахуйн нэгжид санхүүжилт өгөх үү. Хувь хүнд чиглэсэн зээл өгөх боломж байгаа юу?

-Ногоон зээлийн сангийн нэг онцлог нь өөрийн тань хэлсэн зүйл. Өөрөөр хэлбэл, зөвхөн аж ахуйн нэгж байгууллагууд руу хандсан бизнесийн зээл олгохоос гадна иргэн хүн авч болох зээлийн бүтээгдэхүүнийг бий болгоно гэж үзэж байгаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.