Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги

IMG_6099-1140x660

Монголын томоохон эрдэмтэн, судлаачид, Голомт банкны эдийн засагчид болон гадаадын туршлатагатай эдийн засагчид хамтран Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг боловсруулаад байгаа юм. Тэд энэхүү баримт бичгийн талаар “Сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж ирсэн зээлийн өндөр хүүг бууруулснаар хөрөнгө оруулалтын орчин сайжирч, ажлын байр нэмэгдэж улмаар Бодит Дотоодын Нийт Бүтээгдэхүүн хурдацтай өсөх боломжтой. Иймд эдийн засгийн голлох онолууд болон Монгол Улсын өнгөрсөн 27 жилийн хугацаан дахь эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг боловсруулсан” гэжээ.

Энэхүү стратегийг Монголын төр үндсэн бодлогын стратеги болгон батлаж, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлснээр Монгол Улсын зээлийн хүүг одоо буй 19 хувиас 9 хувь болгон бууруулж, Монгол улсын эдийн засагт бодит өсөлтийг авчирч иргэдийн амьдралд бодитой хувь нэмэр, бизнесийн салбарт шинэ шинэ боломжуудыг бий болгох ач холбогдолтой аж.

Монгол Улс чөлөөт зах зээлд шилжээд 27 жил болсон боловч өнөөдрийг хүртэл төгрөгийн зээлийн хүү 19 хувь буюу хоёр оронтой тоонд байсаар л байна. Бидэнтэй адил чөлөөт зах зээлд шилжсэн ихэнх хуучин социалист орнуудын зээлийн хүү буурч нэг оронтой тоонд оржээ. Зээлийн хүү нь санхүүжилтийн зардал болохынхоо хувьд хэрэв өндөр байвал өртөгийг нэмэгдүүлж, хэрэглээг хязгаарлаж байдаг. Өндөр зээлийн хүү манай орны эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж ирлээ. Хэрэв төгрөгийн зээлийн хүү жилийн 9% буюу нэг оронтой тоонд орж буурвал шинээр баригдсан орон сууцны үнэ 1 мкв нь 100 мянган төгрөгөөр буурна. Цаашлаад ДНБ өсөлт нэмэгдэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, ажлын байр нэмэгдэх, өрсөлдөх чадвар нэмэгдэх зэрэг маш олон эерэг нөлөө гарах болно. Өнөөдрийн төрөөс баримтлах эдийн засгийн гол бодлого нь ЗЭЭЛИЙН ХҮҮГ бууруулахад чиглэх ёстой нь судалгаанаас тодорхой харагдаж байна. Бид ямар алдаа гаргав? Хуучин социалист орнууд юуг зөв хийв? Зээлийн хүүнд макро эдийн засгийн маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Энэ нь зарим хүмүүсийн боддог шиг банкны захирал шийдвэр гаргаад л тогтоочихдог энгийн зүйл биш ажээ. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хүү өндөр байгаа учир шалтгааныг тайлбарласан дорвитой судалгаа, онолын үндэслэл гарч ирсэнгүй. Орчин үеийн эдийн засгийн ухаанд мөнгөний хүүг тайлбарласан хэд хэдэн онол бий. Бид эдгээр мөнгөний онолуудаас гадна олон улсын санхүүд түгээмэл хэрэглэгддэг Хүүгийн Тэнцвэрийн онолыг (Interest Rate Parity) хавсаргаж ашигласнаар Монгол улсад хүү яагаад өндөр байдгийг тайлбарлаж чадлаа.

zhb

Хүү бол мөнгөний үнэ юм. Манайд долларын хадгаламжийн хүү жилийн 6%, төгрөгийн хадгаламжийн хүү 15% байна.

Эдгээр нь ам.доллар болон төгрөгт тус тус төлж байгаа үнэ гэсэн үг. Хэрэв төгрөгийн хадгаламжийн хүүг хүчээр 6% хүртэл буулгаж ам.доллартай адилхан болговол иргэд тэр даруйд нь бүх төгрөгөө зарж, ам.доллар авч, ам.долларын хадгаламжинд мөнгөө хийх болно. Өөрөөр хэлбэл иргэд төгрөгийг эрсдэлтэй гэж харж байгаа учраас бид төгрөгийн үнэ болох хүүг 15% буюу маш өндөр төвшинд барьж байж л төгрөгийнхөө ханшийг ам.долларын эсрэг хамгаалж чадаж байна. МОНГОЛ УЛС ӨНГӨРСӨН 27 ЖИЛИЙН ТУРШ ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ АМ.ДОЛЛАРЫН ЭСРЭГ ХАМГААЛАХЫН ТУЛД ТӨГРӨГИЙН ХҮҮГ ЗОРИУД, ЗОХИОМЛООР ӨНДӨРТ БАРЬЖ ИРЛЭЭ гэсэн дүгнэлтийг бид хийлээ. Жишээ нь 2013 онд төв банкны бодлогын хүү буурч 10.5% (улмаар зээлийн хүү буурч эхэлсэн) болсон боловч энэ үеэр төлбөрийн балансын алдагдал огцом нэмэгдсэнээр төгрөгийн ханш ам.долларын эсрэг чөлөөт уналт хийж эхэлсэн. Төв банк аргагүйн эрхэнд төгрөгийн ханшийг хамгаалахын тулд бодлогын хүүгээ 2016 он гэхэд 14% хүртэл өсгөсөн билээ. Үр дүнд нь зээлийн хүү дагаад өссөн. Зээлийн хүү бол эдийн засгийн үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл судасны даралт гэдэгтэй адил улс орны эдийн засгийн эрүүл мэнд, нөхцөл байдлын илэрц нь ЗЭЭЛИЙН ХҮҮ билээ. Зээлийн хүүнд нөлөөлж байгаа эдийн засгийн олон өвчлөлийн суурь нь төгрөгийн ханш хэврэг байгаа явдал юм байна. Эдийн засгийн бүтэц буруу, тэнцвэргүй явж ирсэн, мөн эдийн засгийн бодлого хангалтгүй, дан ганц олон улсын таваарын захаас хамааралтай буй зэрэг шалтгаанаас төгрөгийн ханш тогтмол сулрах хандлагатай байна. Өөрөөр хэлбэл энэ суурь өвчнийг эмчлэхгүйгээр өөр ямар ч арга хэмжээ аваад зээлийн хүү буурахгүй. Ялангуяа зарим хүмүүсийн ярьж байгаа шиг хадгаламжийн хүүг хүчээр буулгах, хадгаламжаас өндөр татвар авах зэрэг нь төгрөгийн ханшийг огцом сулруулах болно. Мөн 5 гадаадын банк оруулж ирэх нь ч шийдэл болж чадахгүй нь судалгаанаас харагдаж байна. Нэгэнт учир шалтгааныг нь тогтоосон тул бид өндөр хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах СТРАТЕГИЙГ гол хэрэгжүүлэх алхмуудын хамтаар боловсруулж энэхүү баримт бичигт тусгалаа. Энэхүү стратегийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд зээлийн хүү одоогийн 19 хувиас 14 хувь, 2024 он гэхэд 9 хувьд хүрэн бууж нэг оронтой тоонд орох болно хэмээн тус баримт бичгийн хураангуйд бичсэн байна.

Зээлийн хүүг бууруулах Үндэсний стратегийг ЭНД дарж бүрэн эхээр нь татаж авах боломжтой.

Хариулт үлдээх

Your email address will not be published.