Сөнөдөд аялсан тэмдэглэл

21769456_1342336292542407_1536508499_o

 ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны Мандал гацааны “Монгол үндэсний дунд сургууль”-д айлчилсан аян замын тэмдэглэл

          2017 оны зургадугаар сарын 12-ны өглөө зүүн өмнөд зүгийг чиглэн нэгэн авсаархан автобус довтолгоно. Нийслэлийн 92-дугаар сургуулийн багш удирдлагуудын төлөөлөл болох бидний арван таван багш, хамтын ажиллагаатай ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Мандал гацааны “Монгол үндэсний дунд сургууль”-д айлчлах урилга аваад зорьж яваа маань энэ. Би вээр урьд нь Бээжин хотыг зорин галт тэргээр зорчих замд жирэлзэн өнгөрч байсан жижиг тосгон сууринг сэтгэлдээ төсөөлөн, басхүү анх ажиллаж байсан  Баянхонгор аймгийн Шаргалжуутын сургуулийн дан байшин, дотуур байрны сурагчдын гэрээ санасан гунигтайхан харцыг ч дурсаад  амжив.

Улсын шалгалтын материал задарсан, дахисан их ажлууд, гацсан www.esis.mn  програм, гэрчилгээ хувийн хэргийн бичилтийн олон дамжлагат шалгалтууд  гээд багш нар бидний л мэдэх их ачааллаас дөнгөж мултарсан нөхөд маань чилээрхэл ядралаа дорхноо мартаж хөгжилдсөөр аян замын уртыг төвөг саадгүй тууллаа.

21706722_1342355925873777_126534061_o

Эрээн хотоос Хятадын орон нутгийн вагонд сэлгэн сууж цаг гаруйхан яваад мөнөөх зорьсон газраа ирлээ. Ноднин манай сургуульд зочилж, хамтран ажиллах гэрээ байгуулсан Туяа захирал, хамт олныхоо төлөөлөлтэйгээр биднийг угтав. Гацаа гэхээр манайхны сумын төвөөр төсөөлж байсан чинь  Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны Мандал гацаа гэдэг нь манай дундаж аймгийн төвөөс ч том аж. Өргөн өргөн замуудтай, 5-8 давхар байшингууд эгнэсэн 20 орчим мянган хүнтэй томоохон суурин газар юмсанж.

Монгол дунд сургуульд

 “Дуучин Сэрчмаа өвөрлөгч эртэй дэр нэгтгэхэд хужаатай суулаа л гэсэн. Хужаа биш ээ, өвөр монгол. Өвөр монгол чинь ялгаагүй хужаа гэсэн үг гэнэ.” Иймэрхүү яриаг та ч бас сонсож л байсан байх. Хятад орон, хятад хүний тухай Эрээний зээлийн өвөрлөгч, хятад нь бараг ялгагдахгүй болсон наймаачдаар л төсөөлөх бидний хандлага ойлголт энд  зуун наян хэм эргэсэн дээ. Өглөөний унд нь тус сургуулийн “Монгол ёс заншлын өргөө” болох их найман ханатай монгол гэрийн хойморт чанасан мах, гамбир, өрөм ааруул тэргүүтнийг сүүтэй цайнд хөвүүлэн ундаалахаас эхэлж, сургуультай танилцах аялалаар өрнөв. Үүнийг аялал хэмээхээс яах вэ.

21844392_1342356122540424_214437696_o

 

Хэдэн арван га газрыг эзлэн байрлах 3-4 давхар нэлээн хэдэн байшин, асар том спортын танхим, хөлбөмбөгийн талбай энэ бүхэн тус сургуулийн 400 хүрэхгүй шахам сурагчид зориулагдсан гэхэд бахархалтай.

“Үг дааж явна гэж анхны алхам

Ачаа дааж явна гэж дараагийн алхам

Алдар дааж явна гэж сүүлчийн алхам”

Бавуугийн  Лхагвасүрэн

 

“Авьяас бол бурхны бэлэг, даруухан яв

Алдар нэр бол бусдын бэлэг, талархаж яв

Амьдрал бол чинийх, хайрлаж яв”

Цахиагийн Элбэгдож

Эдгээр үгийг сургуулийн цэлгэр танхимын уудам хананд хэдэн арван метр талбайг эзлүүлэн монгол бичгээр товойлгон сийлжээ. Мөн дэлхийд алдартай монголчууд болох “Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Сумогийн их аварга Д.Дагвадорж, М.Даваажаргал, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын зэрэг хүмүүсийн зураг хөрөг, дэлгэрэнгүй танилцуулга  эгнэнэ.

Бас  зарим хэсэгт “Оюун түлхүүр”, “Чингисийн билиг” зэрэг сургаалийн зохиолуудаас

“Зоривоос үл хүрэх газар хэмээн үгүй

Зоригловоос үл бүтэх үйл хэмээн үгүй

Өөрийн тусыг урьд нь өг

Бусдын тусыг сүүлд нь ав” гэх  мэт хэсгийг монголын түүхэн дэх тодорхой үйл явдлыг илэрхийлсэн зургаар чимэглэн байрлуулжээ.

Ийм хүмүүсийг монгол хүн гэхгүй бол ёстой алдас болох байлгүй дээ. Харин ч их гүрний бичиг соёл, ёс заншилд авталгүй монголоо монголоор нь авч үлдэх гэж ямар их хичээл зүтгэл, хүчин чармайлт гаргана вэ?

“Хүний ар өвөр хоёр дундаа нэг л элэгтэй хэмээн” биеийн ар өврийг заан байж тайлбарлаад “Элэг нэгт монголчууд” гэсэн тодотголтойгоор үг үйл бүхэндээ талархан хандана гээч, бидэнд…

Багш нарын хамтын ажиллагаа 

Энэ гацаанд монгол бага, дунд, өндөр дунд (ахлах) гурван сургууль, мөн хятад хоёр сургууль байдаг бөгөөд бид  дунд сургуультай нь хамтран ажиллаж байгаа. Манайхаар 7-9 дүгээр ангийн сурагчид сурдаг.

21843922_1342355755873794_2090997216_o

Эхний хоёр өдрийн хамтын ажиллагаа бол тэдний багш нарын хичээлд сууж, хэлэлцүүлэг зохион байгуулах сургалт байлаа.

  • Эхлээд  Эрдэнэтуяа багш “Сэтгэл зүй”-н хичээл заалаа. Манай дунд сургуульд ийм хичээл ордоггүй болохоор онцлон тэмдэглэж байна.

Герман эрдэмтний зохиосон “У карт” хэмээх зурагтай, 81 ширхэг картыг сурагч бүр  аваад гурван зураг сонгож юу бодож буйгаа болог яагаад сонгосноо тайлбарлан ярих юм. Эндээс сурагч өөрийн давуу ба сул талаа олж мэдэх төдийгүй далд ухамсар дахь уй гашуу, баяр хөөр зэрэг хүний сэтгэлийн олон өнгө аяс илэрдэг юм байна. Хичээлийн явц дунд нэгэн сурагч хүү “Үнэнээрээ ярьж болох уу” гэж багшаасаа зөвшөөрөл авсны дараа

“Монголчууд түүхэнд агуу хүчирхэг үндэстэн байсан гэхэд одоо их үндэстний доор жижиг буурай  үндэстэн шиг байгаад би хамаг  ихээр бухимддаг” гэв. Хүүгийн энэ чин сэтгэлийн үг бидний зүрхийг хөндөж, хэл угсаа нэгтэй тэднийг хилийн наана цаана болгож орхисон он цагийн нугачаанаас гэм асууж шүүмээр ч санагдав.  Их үндэстэн, жижиг буурай үндэстэн гэдэг энэ үгсийн үндсэн утгыг эх орондоо байгаа бидний хүүхэд нь байтугай үүхэд  нь ч  үнэндээ бүрэн ойлгодоггүй юм байна.

  • Дараагийн цагт Оюун багш “Унших бичиг”-ийн хичээл заав.

Хүүхдийн зохиолч С.Надмидын “Шинэ бэр” гэсэн өгүүллэгийн утга агуулгыг таниулах сонирхолтой сайхан хичээл. Сурах бичгийг нь сонирхон үзлээ.

Монгол хэлнээс гадна унших бичиг гэдэг хичээл ордог байх нь. Ихэнх нь манай зохиолчдын уран бүтээлүүд байна. Тэгэхдээ тэр бүр манай сурах бичигт байдаггүй, хүүхдийн нас сэтгэхгүйд нийцсэн жигтэйхэн сайхан сонголттой зохиолууд байна.

Жишээ нь дээрх өгүүллэг гэхэд мал аж ахуй, уламжлалт ёс заншлаа умартсан шинэ үеийхнийг шүүмжилсэн сургамжит санаа илэрхийлсэн байх жишээний.

  • Удаахь өдөр залуу багш Эрдэм, Жавхлант нар “Биологи”, “Физик”-ийн хичээл заалаа.

Байгалийн ухааны хичээлийн ерөнхий нэг загвар байдаг даа. Таамаглал дэвшүүлээд туршилтаар баталж нотлох нэг тийм бүтэц. Тэгэхдээ манай багш нар шиг юуг юугаар орлуулж, яаж хийх вэ гэж толгой гашилгах юмгүй багаж хэрэгсэл нь хүүхдийн тоогоор бэлэн зэхээстэй юм. Эдгээр дөрвөн хичээлийн бүтэц болоод багш нарын сурган хүмүүжүүлэх товчооны арга зүйчдийн хэлж зөвлөж байгааг сонсоход өвөрлөгч нөхөд маань сургалтын арга зүйдээ шинэчлэл хийж, бүтээлчээр чармайн ажиллаж байгаа нь ажиглагдлаа.

Сүүлийн хоёр өдөр манай сургуулийн багш нарын хичээлд сууж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Залуу багш Г.Үүрийнцолмон, Б.Золжаргал нар “Монгол хэл”, “Иргэний боловсрол”, дунд, ахмад үеийн шилдэг  багш нараа төлөөлж Б.Түмдэлгэр “Англи хэл”, Ц.Ганболд “Хөлбөмбөгийн хичээл” тус тус заалаа.

Сөнөдийн багш нар, сурган хүмүүжүүлэх товчооны мэргэжилтнүүд манай багш нарын хүүхэд бүрийн хичээлийн оролцоог хангаж байгаа арга зүй, үнэлгээний өвөрмөц аргууд, багшийн хичээлд задаргаа хийж зөвлөгөө өгч байгаа багш нарын маань ур чадварын гайхан бахдаж урмын сайхан үгсийг харамгүй зориулсан даа.  Нээрээ ч хүүхэд бүрийг хөгжүүлэх цөм хөтөлбөрийн арга зүй бидэнд их зүйл өгчээ.

Багш нараараа баярлаж бахархах сэтгэлийн хөөрөл маань нэг хэсэгтээ л намжиж өгөхгүй, хичээл бүрийн үе шат, сурагчдын оролцоо, сэтгэл хөдөлгөсөн мөч бүрийг ярилцав. Багш нар л ойлгоно доо. Юм л бол хүүхдүүдийнхээ тухай, ахиц амжилт бүрийг нь бахархан ярих дуртай байдаг даа. Манай хэд  ч аль хэдийн хайртай шавь нартай болчихсон тэдний ухаалаг хариулт, хичээлд төлөвлөөгүй байсан сонирхолтой шийдлүүд гээд юу эс байхав. Багш бид гэж ийм л хүмүүс юм.

Бусад чөлөөт цагуудад хоёр сургуулийн багш нарын спортын нөхөрсөг тоглолтууд, ажил мэргэжлийн чөлөөт ярилцлага уулзалтууд, өглөө, өдөр, оройн хоол гээд ярилцах ойлголцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ санаа, санаачлага солилцох гэх мэтээр ихийг амжууллаа.Энэ бүхэнд сөнөд нөхдийн маань монгол үндэстнээ гэсэн элгэмсүү халуун сэтгэл нь гэрэлтэн байсан даа.

21844172_1342336352542401_1809806713_o

Сурган хүмүүжүүлэх товчооны дарга Хөгжил, мэргэжилтэн Ялалт, Лянхуа, монгол үндэсний дунд сургуулийн захирал Туяа, хичээл хүмүүжлийн эрхлэгчид Батаа, Сараа нарын зэрэг олон хүмүүсийн багш хүний эрхэм сайхан чанар болох бусдын амжилтаар бахархдаг,  шинэлэг санаа санаа бүхнийг хэрэгжүүлэхийг зорьж тэмүүлдэг тийм нэг бүтээлч чанарууд нь бахархал төрүүлсэн.

Ийнхүү багш нарынхаа арга зүй ур чадвараар бахархан баясаж явсан ч сургалтын орчин, цалин хөлс урамшууллын эрс тэс ялгааг алхам тутамдаа мэдэрч харьцуулж багш нарынхаа дэлхийн боловсролтой хөл нийлсэн чадвар, дэндүү хямд үнэлэмжийн зөрөөг харьцуулан  явлаа.

Бид нааш гарахынхаа өмнөхөн Зүүн сөнөд хошууны бүх сургуулиудын дунд зохион байгуулагдсан тамирын уралдааны нээлтийг  сонирхсон юм. Морин хуурын уянгалаг  аялгуу эгшиглэж, монгол үндэсний хувцсаа  өмссөн охид хөвгүүд уртын дуу дуулж, монгол гэрээ барьсан уужим талбайд бөх барилдах, нум сум харвах зэрэг монгол үндэсний ёс заншлыг тодоор харуулах нь  газар шороон дээрээ эзэн нь болсон монголын үрс өсч байна гэсэн санааг үйл хөдлөл бүхэн нь илтгэнэ.

Гэвч үндэсний монгол дээлээрээ гоёсон дөрвөн охин их дундад улсын улаан дэвсгэрт тугийг залж мандуулмагц хятадын төрийн дууллын эгшиглэхүй дор  мэхийн зогсох элэг нэгтнүүдийнхээ хойч ирээдүйг   харж байж л ТУСГААР ТОГТНОЛ хэмээх хоршоо үгийн үнэ цэнийг зүрх тархи минь бүрэн мэдрэв.

 

19511717_1266557980120239_1473438326_n

 

Түүхийн хуудаснаа

Хятад дахь монголын ноёрхол унаснаас хойш XVII зууны гучаад оны дунд үе хүртэл Хятадын Мин улстай Монгол улс Цагаан хэрмээр хиллэж байв. Баруун, зүүн түмэнд хуваагдаж байсан Дорнод Монгол XVI зууны сүүл үеэс их говиор зааглагдан харьцангуй тусгаар байдалтай хойд, өмнөд хоёр том хэсэгт хуваагдан ялгарах болжээ. Монголын их хаан Лигдэн (1592-1634) Өмнөд Монголд  нэгдмэл улс байгуулахыг эрмэлзэж,  Цахар ууланд Цагаан хот байгуулжээ.

Лигдэн хаан бүх Монголыг эв эеэр нэгтгэн захирах бодлого баримталж байсан боловч түүнийг эсэргүүцсэн салан тусгаарлах үзэл бүхий  бүлэглэлүүд цөөнгүй байсан. 1616 оны үед Авга нар, Үзэмчин, Хуучид, Сөнөд, Авга аймгийн зарим ноёд харъяатаа дагуулан Халхад нүүн ирсэн байдаг. Лигдэн хаан арга буюу тэднийг нэгтгэхийг оролдоход Өмнөд Монголын зарим ноёд харин ч улам бүр хүчирхэгжиж байсан Манжийн Алтан улсад дагаар орох болжээ.

1632 онд Лигдэн хаан Манж болон өвөрлөгч ноёдын хамтарсан цэргийн хүчинд цохигдон, Хөх нуурыг зүглэн яваад Шар тал хэмээх газар бие баржээ. Чингэж Лигдэн хааны Манжийг эсэргүүцсэн тэмцэл дарагдсанаар Өмнөд Монголын үлдсэн аймгууд1632-1635 онуудад уван цуван Манжид дагаар оржээ.

1636 онд болсон Өмнөд Монголын ноёдын чуулганаар Манжийн хаан Абахайг Монголын хаан хэмээн өргөмжилж, Өмнөд Монгол Манжийн захиргаанд оржээ.

Өмнөд Монгол Манжид эзлэгдсэнээр Цагаан хэрмээр хиллэж байсан Монгол улсын өмнөд хил Халх Монголын нутгийн урд захаар болон дотогшлон тогтжээ.

Улмаар зүүнгарын хаан Галдан бошигтоос аюун дутаасан Өндөр гэгээн Занабазарын дагаар орох хүсэлтээр  1691 онд Халх Монгол Манжийн захиргаанд орсноор хоёр зуу гаруй жил манжийн харьяанд орсон монголчуудын гунигт түүх эхэлжээ. Хожмоо гурван улсын гэрээгээр Автомит эрхтэй гадаад монгол улсын хилийг тогтоохдоо 1636 оны үед өмнөд монгол, ар монголыг заагласан шугамыг ерөнхийдөө баримталснаар элэг нэгтэй ахан дүүс маань хилийн чанадад тусгаар улсын харьяанд үлдсэнийг түүхийн шар хуудсууд ийн өгүүлнэ.

Ийнхүү Сөнөдийн шар талаар аялж, өвөрлөгч нөхдийнхөө элгэн халуун сэтгэлийг мэдрэхийн хэрээр цагийн нугачаан дор салж холдсон энэхэн түүхийн эргүүлгийг гуниглан бодохдоо

Тамчийн их талын цаахантай тасарсан мах, үсэрсэн цусны минь хэсэг Сөнөд нөхөд минь байгаа. Манай хоёр сургуулийн хамтын ажиллагаа монгол ахан дүүсийн ирээдүй хойч үеийнхэнд хамтран амжилт олох, ахин дэвших эхлэл байгаасай

хэмээн төсөөлвэй.

 

Я.Отгонбат

2017-06-29

 

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.

23 сэтгэгдэл

  • Долгормаа[202.21.100.86]2017.09.18

    Сэтгэл хөдлөм сайхан бичжээ.
    Өвөрлөгч нөхдөөрөө бахархах хайрлах сэтгэл төрж байна аа

  • Anonymous[202.21.100.86]2017.09.18

    Үнэхээр сайхан юмаа. Сайхан санагдаж сэтгэл их хөдөллөө. Хэнээс ч илүү Монголчууд тэнд л байгаа юм байна да

  • Зочин[150.129.141.227]2017.09.18

    Сайхан тэмдэглэл байна. Үсэрсэн цус тасарсан мах сөнөд монголчууддаа аз жаргал сайн сайхныг хүсье!

  • Zochin[203.91.115.44]2017.09.18

    Setgel hudlum dendvv saihan bichjee.haluun setgelt sunudin mongolchuuddaa az jargal sain saihan bvhniig hvsie.

  • ЗОЧИН[202.21.100.86]2017.09.19

    ТҮҮХ ГЭДЭГ ХАТУУ ҮНЭН ЮМ ДАА. НЭЭРЭЭ Л ХУЖАА МОНГОЛЫГ НЬ САЙН ЯЛГАХГҮЙ Л ЯВДАГ ЮМ БАЙНА. ИХ УХААРАЛ АВЛАА. БАЯРЛАЛАА

  • Батгүр[27.123.214.104]2017.09.19

    Сайхан бичжээ. Сөнөд биш Сөнид гэж бичигдэнэ шүү.

  • ОКТЯБРЬ[202.21.100.86]2017.09.19

    Чулуун дээр болжмор сууж байна
    Би түүнийг үргээхгүй
    Яагаад гэвэл тэр бид 2 эх орон нэгтэй. гэдэг шүлгийн мөр сэтгэлд минь бодогдож байна. Хөх толботой монголчууд бид нэгдмэл.

  • Хишигээ[202.21.100.86]2017.09.20

    Сайхан бичжээ. Муусайн хужаа нар гэсээр элэг нэгт ахан дүүсээ хүртэл тэдний эгнээнд оруулж явжээ.

  • Мөөгий[27.123.214.102]2017.09.20

    Ямар сайхан бичсэн тэмдэглэл вэ? Сөнөдийн ард түмэндээ аз жаргалын дээдийг хүсье!

  • Margad[202.70.46.217]2017.09.20

    Saihan bichjee. Bid eleg neg Mongolchuud gedgiig dahin neg sanuullaa. Bayrlalaa ta buhendee

    • жаргалмаа[112.72.11.110]2017.09.20

      Сайхан бичжээ. Элэг нэгт Монголчууд гэдэг л энэ шүү дээ.

  • Дуламсүрэн[103.57.94.140]2017.09.20

    Үнэхээр Сэтгэл хөдөлж нүдэнд харагдтал сайхан бичсэн байна багшаа. Монголоо гэх сэтгэлтэй, Сөнөд Монголчууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье,

  • Батцэрэн[202.21.100.86]2017.09.20

    Сайхан бичжээ. Нээрээ л бидний элэг нэг гэж үнэн юм байна аа.

  • Үүрийнцолмон Ганзориг[202.9.40.115]2017.09.20

    Тухайн үед яг нэгэн мөчид Я.Отгонбат багшийнхаа нулимсаа нууцхан арчин суухыг харснаа санаж байна. Дагаад нүдэнд нулимс ч цийлэгнэх шиг болж билээ. Үнэхээр тал шигээ тэнүүн, уул шигээ уужуу миний багш тэмдэглэлээ яг л тийм агуу мэдэрч бичжээ.

  • В.Оюунгэрэл[66.181.160.85]2017.09.20

    Өвөрмонголчууд бол хичнээн хэцүү байсан ч Монгол ёс, Монгол хэл, Монгол соёл, Монгол бичиг, Монгол сэтгэл,Монгол цусаа хадгалж яваа АГУУ АРД ТҮМЭН

    • В.Оюунгэрэл[66.181.160.85]2017.09.20

      Би үнэхээр бахархсан шүү 👍❤️

  • Амараа[202.70.46.210]2017.09.20

    Үнэхээр гайхалтай. Сэтгэл зүрхийг догдлуулж нүдэнд харагдахуйц сайхан бичжээ. Тасарсан мах, үсэрсэн цусны минь хэсэг болсон элэг нэгтэн та бүхэнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

  • Батболд.Д[27.123.214.105]2017.09.20

    Нийтлэл маш их таалагдаллаа өөр илүү ихийг хүсэн ерөөе.Өвөрлөгч нөхдөөрөө маш их бахархаж байна

  • enhzaya[203.91.115.36]2017.09.20

    Сайхан нийтлэл болжээ.

  • А.Зул[202.70.46.228]2017.09.20

    Бахархал, омогшил, ухаарал, баяр хөөр дүүрэн сайхан аялал болжээ.. Та минь омогших сэтгэл төрүүлэм, яг л хамт яваа юм шиг сайхан ч бичжээ..

  • Галцэцэг[202.9.41.124]2017.09.21

    Багш минь үнэхээр сайхан бичжээ. Тэмдэглэлийг уншаад Сөнөд нутгаар аяласан сайхан дурсамжууд минь бодогдож байна. Том гүрний дунд Могол ёс заншил, үндэс угсаагаа хадгалан үлдэх гэж асар их зүйлийг хийж байгаа гайхалтай хүмүүс шүү.

  • Жимсээ[202.9.41.124]2017.09.21

    Ухаарал нэмсэн сайхан нийтлэл байна. Элэг нэгт ахан дүүсээрээ бахархаж байна.

    • Отгоо[202.9.41.103]2017.09.29

      Гайхалтай өгүүлжээ.Удирдах хүмүүс маань тань шиг нээлттэй байгаасай.