Хэзээ ч мартагдашгүй миний хоёр дахь хайр

22554764_1556962204341930_2098310004691571911_n

Тоонон дээгүүр ангир ганганалдаад хавар иржээ. Манай нутагт багад яасан ч их цахлай ирдэг байсан юм. Гуага гуага гэж муухай орилолдоод л. Хоол унд муутай ядарч явахад цахлай орилоход тархи шуугиад там шүү. 100мм-н хадаасыг мяндсаар оосорлоод толгой дээгүүрээ эргүүлж байгаад цахлайруу шиднэ. Цахлай алах гэж байгаа нь тэр.

Бөөн цахлай руу аанай л нөгөө хадаасаа эргүүлж байгаад шидтэл пирр гээд ниссэн бужигнаан дунд нэг охин орилоод уналаа шүү. Харайлгаад очтол манай нөгөө ангийн охин. Байхгүй ээ нөгөө хадаас чинь охины пальтог нэвт хатгаад баруун мөр хавьцаа нь онож. Хөөрхий тэр охин нүүрээ дарчихаад уйлаад суугаад байх. Хажууд нь баахан суулаа.

  • Өвдсөн үү…? /Угаасаа л өвдөнө шүү дээ. Тэнэг асуулт асууж байгаа юм./
  • Аанхаа гээд толгой дохиж байна.
  • Цус гоожиж байна уу, цаашаа орсон болов уу?
  • Мэдэхгүй гээд мөрөө хавчив.
  • Тайлаад харах уу.
  • Үгүй ээ.

Өөр ч олон юм ярьсангүй. Яаж тархи толгойг нь оночхоогүй юм гээд үлээгээгүй шаар лугаа миний давчуу цээж бэлбэгнэж байлаа.
Нөгөө охин босоод явчихав. Аав нь захиргаанд ажил хийдэг том биетэй хүн бий. Маргааш би алуулсан гэж бодохоос дотор харанхуйлна.
Нөгөө охин яагаа бол гэж бодоод хашааны зайгаар ажиглав. Өө давгүй шүү. Дээс тоглож байна хөөрхий.
Тэгж л тэр охиныг онцгойлон бодсоор хоёр дахь хайр минь хормын төдий ирсэн юмдаа. Охин хэргийг хэнд ч хэлэлгүй хав дарсан бололтой.
100 мийлийн хадаасаар би тэр охиныг оносын хариуд 100 хоногийн настай дурлалаар тэр охин миний зүрхийг оножээ. Угаасаа хүүхэд байхад охидуудад 100 хоног л дурлана шдээ…
Хавар сумын төвөөс урагшаа гарч аргал түүнэ ээ. “Аргалд явсан Шагж минь чи Арай дэндүү удлаа шүү дээ” гээд л явж өгнө.
Аргалаа үүрээд харьдаг гудманд нөгөө охиных байх. Гудам алгасаад тойрох гэхээр бяр дутна. Шууд явах гэхээр нөгөө охинтой таарахаас ичээд сэтгэл гутна. Хөгийн царайтай явахад нөгөө охинтойгоо тувт таарахыг нь яана. Халуун усанд орчихоод үүдээр нь эргэлдэхээр таарнаа гонж.
Аргалаа үүрээд амьтан болж явахдаа мөн ч олон гардуулж билээ.
Яйжиг, жайжиг гээд л хөлөө солбиж гишгэх нь холгүй бөгтийчихсөн явж байтал гэнэт өмнө гараад ирнэ. Шууд ганц гараараа аргалаа үүрээд нуруу цэх, огт ядраагүй хүн шиг алхана. Өө ёстой юу ч болоогүй юм шиг бяртай. Охин далд орлоо буцаад жайжиганана.

Нэг удаа аргалаа үүрээд, араагаа хүндрүүлчихсэн нааж явсан чинь ангийн сор болсон баахан охидтой, манай дурласан охин өөдөөс ирж яваа харагдав. Шууд гудамны голд аргалаа буулгаад дээр нь суучихсан. Хүн харахад гудамны голд ганцаараа шуудайтай юман дээр мордчихсон ёстой тэнэг харагдсан байхдаа. Нөгөө охидууд амаа дарж инээлдсээр ойртов. Олон охидууд чинь сахилгагүй гэж. Шууд бүсэлж аваад намайг үхтэл нь элдэвлэж байгаад явж билээ. За явцгааяа гээд дурласан охин минь л намайг өмгөөлсөн нь сэтгэлд өег.
Ангийн банди нарт захиаг нь бичиж халтуур хийх зуураа өнөө охиндоо бас нэг захиа бичив.
Найзуудынхаа захиаг тэр үеийн “уулын цэцэг олон боловч нтр” гээд бараг нэг загвараар халтуурдана.
Өөрийнхийгөө бол “Цахлайнуудтай хамт тэнгэрээс бууж ирсэн Цас шиг цагаахан охин минь” гээд л эхэлж байсан санагдана. Мөрийг чинь оносон тэр хадаас миний зүрхийг чам руу илгээжээ. Өдөр шөнийн алинд нь ч “чиний зураг” сэтгэлийн хананд минь өлгөөстэй тул хоюулаа үерхэе гээд л…Үнэн шүү би захиаг бичдэг байсан.
Охин зөвшөөрлөө. Дэвтрийн талын тал цаасан дээр “за” гэсэн хоёрхон үсэг ирэв. Бүхэл бүтэн гучин таван үсэгний хоёр нь л надад зүйрлэшгүй аз жаргалыг өгөх учиртай байж. Өлсөглөнгөө мартсан Шагж хүү өдөр хоногуудад хоолны хэрэг байхгүй хайраараа цатгалан.
Хүн хараас ичээд өдөрт тэднийх рүү бараг зүглэхгүй. Бүрэнхийгээр модон хашааны наана цаанаас уулзана.

Ярьдаг хэдхэн үгтэй, явдаг ганцхан жимтэй тэр нэг хаврын орой. Ууганаатай тэдний ойролцоо алхаж явтал “Хүүхдүүд ээ” гээд нэг ах дуудсан нь охины аав.
“Мод хөрөөдөлцөөд өг” гэлээ. Уухайн тас. Бараг л анх удаа дурласан охиныхоо хашаа руу орлоо. Зүрх энэ муу цээжээ зад буудах нь холгүй хүчтэн цохилно. Тэгэхэд л давчуу цээжтэйгээ анх мэдсэн юм даа.
Аавд нь л тоогдох юм шүү. Сайн л хөрөөдөх юм бол ахиж намайг дуудна. Ахиж дууднаа гэдэг чинь эднийд ирэх боломж. Шагж хүү хичээгээрэй. Ах модон дээрээ суугаад Ууганаа бид хоёр мод хөрөөдөв. Хөөрхий Ууганаа хөрөөний үзүүрт агаарт нисээстэй. Би угз угз татаад хохирогч Ууганаа тэнд гудчиж унаад л.
Тонгойгоод модоо хөрөөдөх зуураа би салтаан завсараараа нөгөө охиныхоо гэрийн хаалгыг ширтээстэй.
Ажил дуусав. Орж цай ууцгаа хүүхдүүд.
“Цн цн цн цн… ариун ариун гэхэд анхны хайр шиг ариухан нь хаа байна” гээд л дуу сэтгэлд эгшиглэв. Хоншоор нь эргэсэн хоёр бакаалынхаа тоосыг ханцуйгаараа шудраад алхав.
Нөгөө зүрх бүр зогсчих шиг болов. Миний охин ангийнхаа хүүхдүүдэд цай хийж өг гэж аав нь хэлэв.
Зөөлөн цагаан гараас нь цай авах өдөр ирдэг юм байждээ. Гэртээ байхдаа яасан ч хөөрхөн юм. Хайр дурлалдаа бантсан миний ухаан балартаад цай яаж уусанаа, хэрхэн тэднийхээс гарсанаа мэдсэнгүй.
Охины аав та хоёр 5 дахь өдөр манайд ирж мөд хөрөөдөлцөж бай гээд 100, 100 төгрөг өгвөө.
Түүнээс хойш 5 дахь өдөр бүрийг тэсэн ядан хүлээнэ. Айлд мод хөрөөдөж явсан Аз жаргатай баасан гарагууд минь.

Өдөр хоногууд өнгөрсөөр зуны амралт тавилаа. Наймдугаар ангидаа эргэж уулзалдахаар долоо төгссөн би хөдөө гэр рүүлээ явлаа.
Дурласан охиноо санаж мөрөөдсөн би наадмаар түүнтэйгээ уулзах санаатай.
Наадам дээр өдөр нь тааралдсан ч олон хоног бие биеэ хараагүй тул ичингүйрээд цугтчихна. Арай гэж найзуудаар хэлүүлж байж орой зуслангийн гэрийнх нь хойно цөөрмийн дэргэд уулзахаар болзсон нь тэр.
Нар шингээд бүрий болжээ. Өвдөг татсан өндөр цахилдаган дунд би хэвтээстэй. Охин үе үе гарч хойшоо харчихаад буцаж ороод байлаа.
Тэнэг толгой ингээд хэвтээд байхаар чамайг ирээгүй л гэж бодно шүү дээ Шаагий. Босоод суулаа. Төд удалгүй тэр минь зөөлөн зөөлөн алхсаар дэргэд ирээд суув.

  • Сайн уу ?
  • Сайн.
  • Хэзээ ирэв.
  • Бараг хоёр цаг энд хэвтэж байна.
  • Худлаа яриад л, би чамайг зөндөө л харуулдсан.
  • Үнээн. Хүнээс ичээд би энд нуугдаад байсан.
  • Мангар байх аа.
  • Аав ээж чинь уурлахгүй биз?
  • Аав ээж аймаг явсан. Дүү нар л байгаа.
  • Миний санаа амрав.

Нэг л суултаар өвдөгөө тэвэрсэн тэр минь үүр цайтал надтай ярив.
Жинсэн яакаа нөмөргөчихсөөн би. Ганц ч тэвэрч зүрхэлсэнгүй, гарыг нь ч атгаж чадсангүй. Зуны шөнийн үүр зурсхийн цайлаа. Нар гарахын өмнө намбалаг зөөлхөн алхсаар түүнийхээ явахыг цахилдагны сэлмэн үзүүр дундаас харан харан үлдэж билээ.
Аав хотоос авчирсан гээд өгсөн хоёр ширхэг чихрийг нь кармаалаад харихад миний сэтгэл шиг хайлсан байлаа.

Өдөр хоногууд өнгөрсөөр хичээл цуглав.
Хайрт охин минь олддоггүй ээ. Гэр бүлээрээ хот явсан гэсэн бүдэг бадаг сурагтай. Би ичээд тэр бүр хүнээс асууж зүрхлэхгүй.
10 гаран хонолоо. Нэг удаа ангийнх нь журналыг үзтэл Азжаргал гэсэн нэр алга байлаа. Ахин дахин эрээд эрээд олсонгүй.
Аав, ээж, дүү нар нь хотоос ирэхэд Азжаргал алга байлаа.
5 дахь өдөр бүр тэднийд модыг нь хөрөөдөж өгсөөр 8 дугаар ангиа төгсөн төгстлөө би түүнийгээ гэрээс нь эрээд олоогүй юм аа.

Атгахан жаазанд 
Алагхан зураг болж үлдсэн 
Аравхан хэдтэй 
Азжаргал минь

Цахлай шувуунуудтай тэнгэрээс гэнэт бууж ирсэн шигээ тэр намар буцаад нисчихсэн юм билээ…

Шагж Гэлэн

Хариулт үлдээх

Your email address will not be published.