Гучин жил аниагүй шарх

lagrimas_san_pedro_detalle_mcu.jpg_1306973099

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бага залуу нас, эрх чөлөө, эрүүл мэндээрээ хохирсон нэгэн залуугийн бодит амьдралын түүхийг энд өгүүлнэ. Ёс зүйн шаардлагаар түүний болон гэр бүл, мэдээлэл өгсөн хүмүүсийн нэр, нутаг усыг нууцлав.

 

Бид хэрхэн танилцав?

Нийслэл хотоос 1000 орчим км зайтай хөдөө сууринд өнгөрсөн өвөл /2016 оны арванхоёрдугаар сард/ суудлын автомашинаар хүн хүргэж өгөөд буцах болоход нэг залуухан эр эхнэр хүүхдийн хамт дайгдсан юм.

Бид 300 орчим км шороон замаар яваад хатуу хучилттай замд нийлэх ёстой. Хол замд дүмбийж яваад яах вэ, танилцлаа. Эхнэр нөхөр аль аль нь тун яриасаг юм. Нутаг ус, цаг агаар, хувийн амьдрал ахуйнхаа талаар зогсоо чөлөөгүй ярина. Зарим сонирхолтой хэсгийг лавшруулж асуухад төвөггүй хариулна.

Өдгөө 40 нас дөхөж буй энэ залууг Баатар, эхнэрийг нь Сүрэн гэнэ. Тэр хоёр бага насны гурван хүүхэдтэй бөгөөд том хоёрыгоо өвөө эмээтэй нь орхиод отгон хүүхэдтэйгээ хот орохоор явж буй нь энэ. Хот орох болсон шалтгаан нь Баатарын бие олон хоног өвдөж, сумынхаа эмнэлэгт сар шахам хэвтсэн ч дээрдээгүй аж. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээ сайтай газарт рентген зураг авахуулж, шинжилгээ оношлогоо хийлгэхийг зорьжээ. Тэр ихээхэн зовиуртай байгаа нь илт. Машинд сууж буухдаа ширүүхэн хөдөлж чадахгүй байсан юм. Гэхдээ яриа хөөрөө бол цоглог. Бас ч гэж хошигнох дуртай. Байсгээд л алиа хошин зүйл ярьсаар явлаа.

“Бие нь яагаа вэ, одоо тэгээд гайгүй юу?” гэж асуухад тэр “Сүртэй ч юм биш ээ. Олон жилийн өмнөх бэртэл сэдрээд болдоггүй…” гээд үгээ тасалтал эхнэр нь залгуулаад “Манай хүн угийн бие муутай. Багадаа олон удаа яс бэртсэн. Тэр нь одоо хэр сэдрээд байдаг юм. Хөл гар, нуруу туруу, толгой түрий гээд гэмтээгүй газар байхгүй. Та энэ шарх сорвийг нь харж байна уу” гэх зэргээр хэн нэгэнд гомдол мэдүүлж буй мэт урсгаж гарав. Эхнэрийнхээ энэ байдалд Баатар жаахан санаа зовсон байдалтай дүлгэнээд ханцуйнаас нь чангааж байгаа харагдлаа. Би ч “Өө тийм үү” гээд чимээгүй болов. Замд түр саатаж, цай уух зуур түүнийг тогтож сайн харвал нээрээ дух, шанаа, хамар гээд нүүрээр нь дүүрэн сорви үзэгдэв. Саяхан үсээ машиндсан бололтой хуйх нь гарсан толгой нь хэчнээн ч хагарсан юм, их л олон цагаан сорви гялайна.

Цааш хэн хэн маань хэсэг дуугүй явснаа учрыг лавламаар санагдаад болсонгүй “Та осолд орсон юм уу? Яагаад тэгж их гэмтсэн юм бэ? Нууц биш бол яриач” гэвэл Баатар “Ярьвал ч урт түүх бий. Таныг цааргалахгүй бол ярья” гэснээр тэр өөрийнхөө тухай тун дэлгэрэнгүй хуучилсан юм. Түүний амьдралын тухай дор товч сийрүүлье.

 

Баатар юу туулав?

Тэр 1980-аад оны эхээр олон хүүхэдтэй жирийн нэг малчин айлын дунд хүү болон төржээ. Ингэхдээ гурван ихэр хүүхдийн нэг болж ховорхон хувь заяанд төрсөн юмсанж. Гурван ихэр тул ээж нь төрөх дөхөөд их ядарсан аж. Тэгээд хот бараадсан төдийгүй нэлээд хүндрэлтэй төржээ. Харамсалтай нь, ихрүүдийн хоёр нь нярай үедээ эндэж, Баатар ганцаар хүн болж чадсан байна.

Ингээд 6-7 настай болж байтал эцэг эх нь гэнэт л Баатарыг гадуурхаж эхэлжээ. Шалтгаан нь их сонин. Ээж нь “Эмнэлгийн орон дээр энэ хүүхэд солигдсон байх магадлалтай” гэдэг байж. Ердөө л ийм шалтгаар түүнийг хар багаас нь зодож занчиж, хамаг хар бор ажлаа хийлгэж, хоол ундгүй зовоож, шоовдорлон гадуурхсаар өдий хүрчээ. /Энэ бүхнийг тэр замд явахдаа нэг дор яриагүй. Хотод ирсний дараа бид сайтар танилцаж байж ярилцсан юм. Улмаар өөрийнх нь түүхийг нууц нэрээр хэвлэлд нийтлэхийг зөвшөөрсөн билээ./

Түүний амьдралын түүхээс сонсож байхад хүн итгэмээргүй хүнд хэцүү тохиол олон учирч байжээ. Жишээ нь, жилийн дөрвөн улиралд олигтой гутал хувцас өмсүүлдэггүй. Хөл нүцгэн түүнийг хад чулуун дундуур мориор хөөж, суран ташуураар ороолгоно. Өвлийн хүйтэн, зуны халуун, цасан шуурга, усан бороонд ч байнга малд явуулна. Барагтай хоол унд өгөхгүй өлсгөж цангаана. Гэр бүлийн дарамтыг дийлэхгүй зовж шаналахдаа заримдаа оргож зугтдаг. Эзгүй хээр чонын хоол болохоос наахнуур айж цочиж, даарч хөрч хонож өнжиж явсан нь олон ажээ. Тийнхүү оргох тоолонд аав ээж нь олж аваад зодож занчих нь улам нэмэгддэг байж. Ямар их зодуур дарамт үзэж туулсныг түүний энэ хатингар ядруу бие, гуниг хурсан сүүмгэр нүд, толгой дээрх олон арван хагархайн сорви илтгэнэ. Хоолны шавхруугаар гол зогоож, хүйтэн нойтонд даарч хөрч явсаар эрүүл мэнд нь доройтож, амархан өвчлөмтгий болсон. Мөн сургууль соёлд огт суулгаагүй гээд хүний эрх, эрх чөлөөг нь олон талаар зөрчжээ.

Баатар 20 орчим насандаа цэргийн албанд татагдаж, нэг жилийн алба хааж ирснээс хойш эцэг эх нь дарамтлахаа больж эхэлсэн байна. Нэгдүгээрт тэр нас биед хүрсэн, хоёрдугаарт нийгмийн амьдралд оролцож, хууль эрх зүй, нийтээр мөрдөх хэм хэмжээний талаар ойлголт, ухамсартай болсон тул ар гэрийнхэн нь урьдын адил гадуурхан зовоохоо больж л дээ. Удалгүй тэр эхнэр авсан агаад өдгөө гурван хөөрхөн хүүхдийн эцэг, гал голомтоо авч яваа өрхийн тэргүүн, эрх чөлөөт иргэн болжээ. Гэвч бүх юм сайхан болсонгүй. Бага, залуу насандаа туулсан хүнд бэрх амьдрал түүний эрүүл мэндийг хэтэрхий доройтуулжээ. Зодуур дарамтаас үүдэлтэй ясны бэртэл гэмтэл нь үе үе сэдэрч зовоодог. Нэг өвдөхөөрөө эмнэлгээс салдаггүй. Сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилгүй учраас тогтсон орлогогүй. Гурван хүүхдээ өсгөж, сургууль цэцэрлэгт сургах, гэр бүлээ тэжээх гээд бэрхшээл их байгааг ярьж байсан юм.

Бид зам зуур аймгийн төвд нэг хоноод маргааш нь үдээс хойш хот руу дөхөж ирлээ. Манай гурвын очихоор төлөвлөсөн холын хамаатан нь болох ганц хүний утас холбогдох боломжгүй болжээ. Өөр аргагүй болсон тул шинэ танилуудаа гэртээ хонуулаад маргааш нь эмнэлгээр дагуулж явав. Гэтэл Баатар бас л будилж. Сумынхаа эмнэлгээс маягт бичүүлж аваагүй, Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ орхисон байна гээд улсын эмнэлэг үйлчилгээ үзүүлсэнгүй. Арга буюу хувийн эмнэлэгт төлбөртэй зураг /рентген/ авахуулчихаад л тэр өдөртөө шугамын автобусаар буцчихдаг юм байна. “Нэгэнт хотод ирснийх дахиад ганц хоёр хонож, эмчилгээ хийлгээч” гэж ятгаад барсангүй. “Төлбөрийн боломж байхгүй. Өөрийг чинь хот руу зардалгүй авч явна гэхээр зориглоод хамт ирсэн. Одоо зөвхөн буцах л мөнгөтэй” гэж учирлав.

 

Түүний тухай хэн юу ярив?

Өвөл санаандгүй танилцсан Баатартай дахин уулзахыг бодож явсаар зун болсон байв. Ингээд тэдний нутгийг дахин зорилоо. Тэднийхтэй олон жил айл саахалт явсан зарим хүнтэй ярилцаж, илүү их мэдээлэлтэй боллоо.

Нутгийн иргэн Ц “Баатар арваадхан настай жаахан байхдаа дандаа л зодуулчихсан, цус нөж нь гоожчихсон уйлаад гүйж явдаг байсан. Нэг удаа “туслаач, намайг нууж өгөөч” гээд гуйхаар нь сандрахдаа авдарт хийчихсэн юм. Аав нь орж ирээд хүүхдээ асуусан. Байхгүй, мэдэхгүй гээд яг гаргах гэтэл нөгөөх чинь найтаагаад баригдчихлаа. Ингээд бөөн асуудал үүссэн. Та нар хүүхэд нуулаа, элдэв юм болвол хариуцлага хүлээлгэнэ гэж сүрдүүлсэн. Түүнээс хойш бид нар нууж хааж, туслахаа больсон доо” хэмээн ярив.

Мөн тэдний амьдралыг сайн мэдэх нутгийн иргэн Ж “Баатарын эцэг эх хүүхдээ шоодон гадуурхаж буйг нь сумын удирдлага болон цагдаад хэл дуулгасан хүмүүст их хүндрэл учирдаг байсан. Төвөөс шалгалт ирэхээр хүүхдээ шооддог бус хайрладаг хүн шиг бөөцийлөөд “Биднийг гүтгэж байна. Зүгээр жаахан загнах төдий зүйлийг мушгиж ярьсан байна” гээд халгаахгүй. Хүүхдээс нь болж айл саахалт улс хэрэлдэж муудалцаад хэцүү. Тиймээс хүмүүс хүүхдийг нь шууд өмгөөлж хамгаалахаа байсан” гэв.

Тухайн үед хууль эрх зүйн орчин, нийгмийн үзэл хандлага иймэрхүү, гэр бүлийн хүчирхийллийг  хэрхэн мэдээлэх, яаж шийдвэрлэх нь маш бүрхэг байжээ. Энэ нь ялангуяа хөдөө орон нутагт цөөнгүй хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэл дарамтын золиос болох шалтгаан болж байсан аж. Яагаад гэвэл манай улс дөнгөж 10 гаруйхан жилийн өмнө буюу 2004 онд л Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анх баталж, гэр бүлийн  хүрээнд иргэний аюулгүй байдлыг төр хамгаалах үүрэг хүлээж эхэлсэн байдаг. Мөн Баатарт тохиолдсон явдлаас арваад жилийн хойно буюу 1995 онд “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” хэмээх төрийн бус байгууллага байгуулагдаж, нийгэмд далд оршин байгаа гэр бүлийн хүчирхийллийг нээн харуулах, энэ тухай шинэ ойлголт, үзэл хандлагыг олон нийтэд түгээх, хүчирхийлэлд өртөгчдөд сэтгэлзүйн болон эрх зүйн тусламж үзүүлэх, хамгаалан байрлуулах үйлчилгээг нийгэмд нэвтрүүлж эхэлсэн түүхтэй. Өдгөө эрх зүйн орчин улам сайжирсаар байна.

Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд шинэчлэн баталснаар хохирогчдыг хэрхэн хамгаалах, ямар үйлчилгээ үзүүлэх, зөрчил гэмт хэргийн зааг, төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүргүүд нэн тодорхой болжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталснаар эрх зүйн орчинд гарсан 10 гол өөрчлөлтийг эндээс дэлгэрэнгүй уншина уу.

22426382_1788058211213687_7925361986500869927_o

Зургийн эх сурвалж: www.safefuture.mn

Харамсалтай нь, өнөөдөр эрх зүйн орчин хэдий сайжирсан ч Баатарт тохиолдсон явдал 30 жилийн өмнө болсон, мөн тухайн үеийн явдлыг ямар нэгэн байдлаар баримтжуулж баталгаажуулаагүй учраас гэм буруутныг яг  таг тогтоох, хохирлыг нөхөн барагдуулах боломж хомс гэдгийг хуульч, өмгөөлөгчид хэлж байна.

 

Тэр бусдад ямар сургамж өгөв?

Гэр бүлийн хүчирхийллийн энэхүү бодит түүх хэдийгээр олон жилийн өмнө болоод өнгөрсөн явдал боловч үр дагавар хор уршиг нь одоо ч барагдаагүй л байна. Баатартай зун дахин уулзахад “Бие сайн тэнхрээгүй. Анхнаас нь цаг алдалгүй зөв эмчилж чадаагүй яс, үе мөчний гэмтлүүд эмчилгээ засал авах нь муу, сэдрэмтгий, зарим нь бүр эмчлэгдэхээргүй болсон байна гэж эмч хэлсэн” гэх харамсалтай мэдээг дуулгасан юм. Мөн эрүүл мэндийн нарийн үзлэг шинжилгээнд орж чадахгүй байгаа учраас чухам ямар ямар өвчин эмгэгтэй болсон нь тодорхойгүй хэвээр. Баатар одоо өмнөх шигээ морь, мотоцикль унаад мал хуйдаа явж чадахгүй. Тодорхой ажил хөдөлмөр эрхэлж дийлэхгүй. Гэр, эмнэлгийн хооронд гэлдэрсээр өдөр хоногийг өнгөрөөж байна. Эрүүл мэндийн хохирол гэдэг ийм том хор нөлөөтэй байдаг ажээ. Энэ залуу ид хийж бүтээж, аз жаргалтай амьдрах насандаа хөдөлмөрийн чадваргүй болсноор зөвхөн өөрөө бус гэр бүл, үр хүүхэд нь ч давхар хохирч байна. Тэр одоо бие махбод хийгээд сэтгэл санаа, эрх чөлөө, эдийн засгийн энэ бүх хохирлоо хэн нэгнээс нэхэж, нөхөх боломжгүй болжээ.

Баатарын гэрийн хоймор дахь эрээн авдар дээр түүний аав, ээж, ах дүүс хамтдаа татуулсан жаазтай гэрэл зураг байх агаад яах аргагүй төрсөн нэг гэр бүл гэж хэлэхээр өөр хоорондоо дэндүү адилхан юм. Буцах болоход Баатарын дүү гээд нүүр царай, нүд ам, яриа хөөрөө, явдал суудал нь мөн л жигтэйхэн адил залуу нутгийн зах хүртэл гаргаж өгсөн сөн. Харин түүний ууган охин нэгдүгээр ангийн сурагч Д “Би аавыгаа сайн асарна аа. Бие нь зүгээр болохгүй бол хотод очиж заавал эмчлүүлнэ. Тэгвэл та биднийг тосч аваарай…” гэж хэрсүүхэн ярьсаар үлдсэн билээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

4 сэтгэгдэл

  • Anonymous[103.10.22.16]2017.11.25

    yamar aimaar yum be

  • zochin[110.70.58.180]2017.11.28

    araichdee iim ym bas baihaa. Aav eej ni uhaan muutai humuus baijee

  • Anonymous[66.181.161.100]2017.11.29

    Aav ni tiim novsh yumaa ghd eej ni araichdee. Eh hun bjiij

  • Zochin[27.123.212.138]2017.11.29

    Hodooguur iim yavdal ih bdag aa… Haramsaltai ym