“АН-3” хурдны замын концессыг эрчимжүүлнэ

ah3

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж байгаа. Хурлаар “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны автозамыг гүйцэтгэх концессыг эрчимжүүлэх шийдвэр гаргасан байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн Ази Европыг холбосон тээврийн кридорийг бий болгох нь манай улсын тээврийн стратегийн гол чиглэл юм.

2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 158 дугаар тогтоолоор уг концессыг цуцалсан байсан юм. Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг үндэслэн “Концессын гэрээ цуцлах тухай” Засгийн газрын дээрх тогтоолыг хүчингүйд тооцжээ.

Цаашид “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” түншлэлтэй байгуулсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийн гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүд биелсэн эсэхийг дүгнэн, гаргасан санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Дээрх чиглэлийн 630 км хурдны замын төслийг “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй хэрэгжүүлэхээр болж 2011 онд уралдаант шалгаруулалт зарласан байна. “Алтанбулаг-Улаанбаатар” чиглэлд “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” шалгарсан бол “Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд оролцогч тодроогүй юм.  Иймээс хоёр төслийг нэгтгэн дээрх компаниар гүйцэтгүүлэхээр 2013 онд тухайн үеийн Засгийн газар зөвшөөрчээ.

Концесс эзэмшигч компани гэрээнд гарын үсэг зурснаас хойш есөн сарын хугацаанд  болон гэрээ цуцлах шийдвэр гаргасан 2015 оны тавдугаар сар хүртэл нэг ч үүргээ биелүүлээгүй учир гэрээг цуцалсан байна. Үүнийг “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” хүлээн зөвшөөрөхөөс татгалзан шүүхэд хандаад байжээ.

Энэхүү томоохон бүтээн байгуулалтын төсөл нь зөвхөн хурдны зам төдийгүй

  • Эдийн засгийн нээлттэй бүс
  • Нийгмийн хариуцлагатай хүний хөгжлийн бүс
  • Ногоон-Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн бүс
  • Транзит хөгжлийн бүс
  • Хамтын бүтээн байгуулалт-Түншлэлийн бүс гэсэн 5 чиглэлийн бодлоготой.

АН-3 1000 км хурдны замын видео танилцуулга:

Ташрамд дурдахад, уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2010 онд ЗТБХБ-ын сайд байхдаа санаачилж байсан юм.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.