Алтанбулаг, Замын-Үүдийн боомтыг өргөтгөхөөр боллоо

26195564_1968524549840864_4016364530558672943_n

Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн баг ОХУ, БНХАУ-тай хиллэдэг 26 боомтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, нийт 35 мянган км зам туулж, хилийн боомтуудыг хэрхэн хөгжүүлэх талаар судалгаа, төлөвлөлтийн ажлыг өнгөрсөн хугацаанд амжилттай гүйцэтгэжээ. Тэгвэл энэ ажлыг бодит бүтээн байгуулалт болгон хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргалаа. Эхний ээлжинд манай улсын эдийн засгийн коридор Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтыг өргөтгөхөөр болсон байна. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн  Замын-Үүдийн хилийн боомтыг өргөтгөн шинэчлэхээр болжээ.

Алтанбулагийн боомтыг шинэчилснээр орох чиглэлийн гурван эгнээ найм, гарах чиглэлийн дөрвөн эгнээ 15 болох аж. Замын-Үүд хилийн боомтоор одоо нэг цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл, ачаа, тээврийн долоон хэрэгсэл нэвтэрдэг бол төлөвлөлтийн дагуу өргөтгөснөөр цагт 2700 зорчигч, зорчигч тээврийн хэрэгсэл 500, ачаа тээврийн 35 хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болох юм байна. Ингэснээр зорчигч, тээврийн үйл ажиллагаа шинэ шатанд гарч, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх олон эерэг нөлөөтэй аж.

26196374_1968524546507531_1247249341361002712_n

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.