Төр, орон нутгийн өмчийг дахин үнэлнэ

d8d6a71aa70ab4d6ba2f2be3542cf004_ll

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх, санхүүгийн тайланд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг энэ онд зохион байгуулахаар болжээ. Энэ ажлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Сангийн яам, Гадаад харилцааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газартай хамтран хийх аж.

Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын эзэмшилд байгаа газар эзэмших, ашиглах эрхийг үнэлсэн боловч санхүүгийн тайланд бүртгээгүй, үл хөдлөх хөрөнгийг 2009 оноос хойш дахин үнэлээгүй юм байна. Түүнчлэн, Монгол Улсад газар эзэмших, ашиглах эрхийн болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа боловч тайланд туссан үнэ болон бодит үнэ цэнийн хооронд их хэмжээний зөрүү гарах болжээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд өөрийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгө бүрийн доорх газрыг эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулсан байх ёстой. Гэтэл баталгаажуулаагүй, баримт бичгийн бүрдэл дутуу, баримт бичигт заасан газрын хэмжээ хоорондоо харилцан адилгүй, зөрүүтэй байгаагаас гадна үл хөдлөх хөрөнгийн хувьд газар дээрх болон газар доорх байгууламжийн хэмжээ, зааг тодорхойгүй, барилгын дотор давхар бүрийн схем зураглал байхгүй, гал, үер, ус, газар хөдлөлт, нуралтын талаарх тэмдэглэл баримт хадгалагдаагүй гэх мэт олон зөрчил, дутагдал гарах болжээ. Тиймээс газар, үл хөдлөх хөрөнгийг бодитоор бүртгэх, үнэлэх шаардлага үүссэн байна.

Иймд төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын эзэмшилд байгаа газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг энэ онд багтаан хийх юм байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.