Эрэн сурвалжлах сэтгүүлч нар хаашаа хошуурч байна вэ?

38260468_10155429265867077_575292138946822144_n

Хятадын Алибаба групийн захирал Жек Ма өнөгөрсөн сард “Ирээдүйн хамгийн том бүтээгдэхүүн бол ДАТА болно. Яг л бүх нийтийн хэргэлээ болох ус, цахилгаан шиг” гэжээ. Энэ бол өнөөгийн дэлхийн чиг хандлага юм. 21-р зууныг мэдээллийн эрин үе гэдэг. Технник, технологийн хөгжлийн үрээр хүн төрөлхтөн түүхэндээ байгаагүй их мэдээлэлтэй харьцаж байна. Харин мэдээлэл ихсэхийн хэрээр мэдээллийг эрж хайх, боловсруулах, түгээх, хэрэгцээт хүнд нь хүргэх арга барил, чадвар улам шаардагдаж байгаа билээ. Цаг үеийн мэдээ, шуурхай мэдээ зэрэг өдөр тутмын сэтгүүл зүйн бүтээлийг гаргахад олон нийтэд ач холбогдолтой мэдээ, мэдээлэл байхын зэрэгцээ шуурхай, шинэлэг байдал хамгийн чухал байдаг. Тэгвэл эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь асар их мэдээлэл дундаас нуун дарагдсан, “үнэн”-г хайж олон, олон нийтэд ил болгох, улмаар нийгэмд өөрчлөлт авчирч байх үүрэгтэй.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлч Марк Лий Хантер “Эрэн сурвалжлах бүтээл гэж юу вэ гэвэл хэн нэгэн май гээд өгсөн баримт бус, өөрөө ухаж олж авсан мэдээлэл” гэж хэлсэн байдаг. 2015 оны аравдугаар сард Норвеги улсын Лиллехаммер хотноо олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн есдүгээр чуулган боллоо. Уг чуулганы үеэр дэлхийн өнцөг булан бүрээс 121 орны 950 гаруй эрэн сурвалжлах сэтгүүлчид чуулан, бүтэн гурван өдрийн турш өөрсдийн арга туршлага, тулгамдаж буй асуудлыг хуваалцсан өргөн хэмжээний уулзалт болсон юм. Тэндээс ажиглагдсан нэг чухал зүйл бол эрэн сурвалжлах сэдвээр бичдэг сэтгүүлчид дата мэдээллийн чухлыг хэрхэн онцолж байгаа нь харагдсан юм. Ялангуяа интернэт орчинд дата мэдээллийг хэрхэн эрж хайх тухай л гэхэд хэд хэдэн салбар хуралдаан болсон. Түүнчлэн нээлттэй эх сурвалжийн мэдээллийн баазыг өөр хоорондоо танилцуулахаас гадна, олсон дата мэдээллээ боловсруулах олон төрлийн арга хэрэгслийн талаар туршлага солилцож байлаа. Хөтөлбөрийг нь харвал нийт 170 гаруй салбар хуралдаанаас гуравны нэг нь үндсэндээ ДАТА гэсэн түлхүүр үгтэй холбоотой байв.

Товчхондоо эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиг хаднлага нь дата мэдээллийн эрин үе эхэлсэн гэж хэлж болохоор байв.

Тэгвэл энэхүү дата гэж энгийнээр хэлбэл яг юу вэ? Английн BBC сонины сэтгүүлч Полл Маерсийн тодорхойлсноор дата гэж ямарч хамаагүй, зүгээр л энд тэнд байх тоон мэдээллүүдийг хэлдэггүй. Дата гэдэг бол архивлагдсан, дүн шинжилгээ хийгдсэн тоо. Түүнчлэн зөвхөн тоон мэдээлллээс гадна хэн нэгний ярилцлага, мэдээний хайчилбар зэрэг тухайн сэдэвтэй холбоотой бүхий л баримт, мэдээлэл юм. Харин энэхүү их мэдээллийг олон нийтэд хүргэх нэгэн шинэ чиг хандлага гарч ирсэн нь Data visualization буюу мэдэллийг өнгө дүрсээр харуулах арга юм. Тиймээс орчин үеийн сэтгүүлзүйн салшгүй нэгэн хэсэг болж буй “Мэдээллийг төсөөлөх буюу өнгө дүрсээр харуулах шинэ чиг хандлагын талаар товч өгүүлье. Сэтгүүлзүйн энэ чиглэл нь дээр дурдсанчлан асар их мэдээлэл, тоо баримтын нэгдлийг шүүн тунгааж, дүн шинжилгээ хийн, олон нийтэд хүргэх бүтээгдэхүүн болгохдоо дүрс, өнгө, графикийн тусламжтайгаар тодорхой төсөөллийг бий болгоход ач холбогдол өгдөг онцлогтой. Өөрөөр хэлбэл, боловсруулсан мэдээллээ хэрэглэгчдэд хүргэх үйл явц нь сонирхолтой, хүний анхаарал татсан хэлбэр загвартай байдаг. Энэ нь уншигчдад ямар ач холбогдолтой вэ гэвэл Data visualization буюу мэдэллийг өнгө дүрсээр харуулах нь төсөөлөхөд ойлгомжтой хялбар болгодог. Ингэснээр уг мэдээллийн зүй тогтол, уялдаа холбоог тодорхой болгохоос гадна утга санааг илүү тодруулж, гол мэдээлэлд анхаарал хандуулах бололцоог олгодог ажээ.

Өнөөдөр дизайнер болон программистуудын хийж ирсэн энэхүү ажлыг техник, технологийн тусламжтайгаар сэтгүүлчид гардан хийх чиг хандлага нэгэнт тогтжээ. Сэтгүүлзүйн хөгжил төлөвшлийг хурдасгаж, сэтгүүлчийн чанар чансааг ахиулахаас гадна энэхүү чиг хандлага нь хэрэглэгч, бизнесмен, улс төрч зэрэг нийгмийн бүхий л салбарын хүмүүст мэдлэгт суурилсан шийдвэр гаргахад нь тус болохыг зорьдог хэмээн судлаачид үнэлдэг. Мэдээллийг шүүн, боловсруулж түүний цаана нуугдсан шударга бус тогтолцоо, хууль зөрчсөн үйлдлийг дэлгэн тавих боломж бүхий ёроолгүй их сан зохих түвшинд интернэт хөгжсөн дэлхийн аль ч улс оронд байна. Монгол улс интернэт гэдэг их айлд нэгдсэнээр даруй 20 жилийг ардаа үдсэн. Өдгөө зөвхөн Феисбүүк-т бүртгэлтэй сая гаран (давхардсан тоогоор) иргэн байна. Төрийн байгууллагын дийлэнх нь цахим хуудастай, түүндээ мэдээллээ байршуулдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс” өнөөдөр үр дүнгээ өгч эхэлсэн. Харин энэ их мэдээлэлд манай сэтгүүлчид хэр мэдрэмжтэй, хэр хурдтай, хэр үр дүнтэй харьцахаас нийгэмд хийж болох олон эерэг өөрчлөлтүүд гарах эсэх нь хамаарна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.