“Нинжа” нэртээс нийгэмд зөвшөөрөгдсөн бичил уурхайчин хүртэл…

1497916612_uoniedpz9f

Одоогоос 20 гаруй жилийн өмнө Монгол оронд өрнөсөн эдийн засгийн шилжилт болон олон давтан тохиолдсон ган, зудын үр дагавраар хот хөдөөгүй ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн. Улмаар амьжиргаагаа залгуулах гэсэн иргэд хууль бусаар, гар аргаар ашигт малтмал олборлож, энэ үйл ажиллагаанаас олон талын сөрөг үр дагавар үүсэх болсон билээ. Тухайлбал, эмх цэгц зохион байгуулалт, хараа хяналтгүйгээс байгаль орчны унаган төрхийг алдагдуулан эвдэж сүйтгэх, элдэв химийн бодис ашигласнаас хүн мал, ан амьтан хордуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ойлтголт мэдлэггүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол маш олон гарч байлаа. Хаана л алт, ашигт малтмал их илэрч байна тэнд хамгийн их зөрчил тэмцэл, гэмт хэрэг, нийгмийн болж бүтэхгүй бүхэн өрнөсөөр цөөнгүй жилийг үдсэн. Ямартаа л, гар аргаар ашигт малтмал олборлогчдод “нинжа” гэсэн нэр хоч өгч, төр нь ч, нийгэм нь ч ад шоо үзэж явсан үе бий.

Харин Швейцарын хөгжлийн агентлаг /ШХА/-ийн Тогтвортой бичил уурхай төсөл /ТБУТ/ нь 2005 оноос Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд ээлтэй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өнөөдөр чамлахааргүй үр дүнд хүрчээ. Монголд 2005-2019 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжиж буй энэ төслийн хүрээнд бичил уурхайн салбарын эрх зүйн орчин бүрдэж, үйл ажиллагаа албажсанаар эдийн засгийн болон нийгмийн олон эерэг нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал, албажсан бичил уурхайчдын жилийн дундаж орлого 2015 оноос 7 000 000 төгрөг болж 55 хувиар өсчээ. Сүүлийн гурван жилд орлогын энэ түвшин огцом буураагүй хэвийн хадгалагдаж байна.

livelihood-mn_1

Үүнээс гадна алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах зорилгын хүрээнд Монголбанк, ТБУТ-өөс 790 сая төгрөг хандивлаж, Баянхонгор, Дархан-Уул аймагт алт, үнэт металлын сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг өнгөрсөн сард байгуулжээ. Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа банканд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацаа хэмнэх төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болох юм. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасаж, худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах, алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байна. Цаашид ийм төвийн тоог нэмэгдүүлснээр алтны албан бус худалдааг бууруулах, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэх гол ач холбогдолтой аж.

46510800_2041869732518277_6361114841918210048_o

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн дарга Б.Жавхлан сэтгүүлчидтэй уулзах үеэр. 2018.11.17

Дархан-Уул аймагт сорьцийн лаборатори, нэг цэгийн үйлчилгээний төв нээгдсэнээс хойшхи ганцхан сарын хугацаанд л гэхэд 33 кг алт тушаагдсан гэдгийг тус аймаг дахь Монголбанкны хэлтсийн дарга Б.Жавхлан хэлж байна.

Эдгээр ажлын бодит үр дүнтэй газар дээр нь танилцахаар энэ сарын 16-17-нд Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын гишүүд болон төвийн хэвлэлийн 20 гаруй сэтгүүлч Дархан-Уул аймагт ажилласан юм. ШХА-ийн ТБУТ-өөс зохион байгуулсан “Хариуцлагатай бичил уурхай, алтны нийлүүлэлтийн сүлжээ” сэдэвт танилцах аяллын хүрээнд бид Шарын гол суманд 2008 оноос үйл ажиллагаа явуулж буй “Буянтын хөндий-Шарын гол” ТББ-ын бичил уурхайгаар орлоо. Анх Дархан-Уул аймгийн сумдад хэсэг хэсгээрээ ажиллаж байсан хувиараа ашигт малтмал олборлогч 350 гаруй иргэнийг нэгтгэн зохион байгуулж эхэлсэн энэ ТББ өдгөө 21 аймгаас хүрэлцэн ирсэн нийт 1200 орчим хүний амьжиргааг залгуулж байгаа аж.

46434242_375412983001041_7348989008266919936_n

“Буянтын хөндий-Шарын гол” ТББ-ын бичил уурхайчид ажлын талбар дээр. 2018.11.16

Бичил уурхайчид “Бид өмнө нь энд тэнд ганц хоёроороо алт гарсан газруудаар тойрч явдаг байсан. Мэдээж албан ёсны зөвшөөрөл гэж байхгүй учраас нутаг орны хүмүүст хөөгдөж туугдана. Маргаан зөрчил гарна. Нийгмийн даатгалдаа хамрагдаж чадахгүй, татвар шимтгэл төлөхгүй. Олсон жаахан алтаа хэн нэг ченжэд өгөөд л явна. Ер нь ирээдүй ямар ч баталгаагүй байлаа шүү дээ. Одоо бол бүх юм эерэгээр өөрчлөгдсөн. Бичил уурхайн зохион байгуулалтад орсон учраас нөхөрлөлийн тэргүүн, удирдлага биднийг төлөөлөөд сум орон нутагтай албан ёсоор гэрээ байгуулна. Дүрэм журмын дагуу газар ашиглана. Ашигласан газраа нөхөн сэргээнэ. Нөхөн сэргээсэн газраа дараа нь хөдөө аж ахуйн зориулалтаар дахин ашиглаж, ашиг орлогоо нэмэгдүүлж болно. Олсон орлогоосоо шударга, тэгш хуваарилна. Нөөц ашигласан татвар төлбөрөө улс, орон нутагтаа төлнө. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа чанд сахина. Тогтсон ажил амралтын цаг баримтална. Эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагдана… гээд тоочиж баршгүй олон амжилтад хүрсэн” гэж нүүр бардам ярьцгааж байв.

46438372_2041872995851284_219229750856515584_o

“Буянтын хөндий-Шарын гол” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа. 2018.11.16

Харин тус ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа хууль эрх зүйн орчин сайжирч ахиц дэвшил гарч байгаа ч алдаа дутагдалтай, зөрчил дагуулсан асуудал бас байгаа гэдгийг дуулгалаа. Тэрээр “Бүртгэгдээгүй нөхөрлөл гэдэг бол бид. Гишүүний орон тоонд хязгаар байхгүй. Хэдэн ч хүнийг ажлын байртай болгох боломжтой. Бас гар аргаар олборлолт явуулдаг учраас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө хамгийн бага. Гэтэл бүртгэлтэй нөхөрлөл гэдэг нь ердөө есөн гишүүнтэй байдаг. Энэ нь нэг гэр бүлийн эхнэр нөхөр, аав ээж, хадам, бэр хүргэчүүл нийлсэн хүмүүс. Тэгсэн хэрнээ өндөр хүчин чадалтай техник ашиглаад байгалийн баялгийг богино хугацаанд сорчлоод авчихдаг. Өөрсдөө техникгүй ч гадаад дотоодын иргэн, компанитай нийлж ороод ашгаа 70/30 гэсэн харьцаагаар хувааж авах, зөвшөөрөлтэй талбайгаа зарах асуудал ч гардаг. Тиймээс дүрэм журмаа дахиад сайжруулж боловсронгуй болгох шаардлага бий” гэв.

ganbold

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд

Тэгвэл Дархан-Уул аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд “Бичил уурхайн асуудал дээр бид шалгалтын ажлыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулж байгаа. Одоогоор бичил уурхай эрхлэгчид гадаадын иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөлтэй талбайгаа шилжүүлсэн, худалдсан гэх зөрчил гараагүй” гэж үгүйсгэлээ. Мөн бүртгэгдээгүйг нь бус бүртгэгдсэн нөхөрлөлийн үйл ажиллагааг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Хуучин буюу 2008 онд Засгийн газраас гаргасан “Хувиараа ашигт малтмал олборлож байгаа хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулах” 72 дугаар түр журамд  бичил уурхайчдын ашиглах бага оврын техник, тоног төхөөрөмжийг 500 см3 хүртэл багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий механизм байхаар зааж өгсөн. Түүнчлэн ийм техник бүхий нийт хүчин чадлаараа хоногт 25 тонн хүдэр олборлоно гэж заасан байжээ. Тэгвэл хамгийн сүүлд шинэчилсэн буюу одоо мөрдөж буй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” Засгийн газрын 151 дүгээр тогтоолд дээрх техникийн үзүүлэлтийн хэмжээг 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизм ашиглах эрхтэй болгон нэмэгдүүлжээ. Ингэхдээ хоногт олборлох хүдрийн хэмжээг тодорхой зааж өгөөгүй байна.

Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-тай энд дарж танилцана уу.

Нэгэнт үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, ядуурлыг бууруулах зорилгоор 151 дүгээр тогтоолыг баталсан. Хэдийгээр том талбайгаас богино хугацаанд их хэмжээний алт олборлох нь хаана хаанаа ашигтай байж болох ч техникийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр байгаль орчинд учруулах хор хохирол их байх нь бас ойлгомжтой. Үүнээс гадна яг амьжиргаагаа дээшлүүлэх, тогтмол ажилтай байх хүсэлтэй бичил уурхайчдаас илүү боломж чадалтай, их мөнгөтэй хүмүүс энэ орон зайг нь булааж байхыг ч үгүйсгэхгүй юм. Сүүлийн үеийн жишээгээр бол ЖДҮХС-ийн зээлийг яг жижиг дунд үйлдвэрлэгчид авч чадсан уу гэдэгтэй төстэй гэсэн үг.

Гэхдээ бичил уурхайчдад энэ мэт асуудал бараг “жижиг”-т тооцогдоно. Яагаад гэвэл тэд одоо албан ёсоор үйл ажиллагаа эрхэлж, алтаа эх орондоо хариуцлагатайгаар тушааж, байгаль орчноо нөхөн сэргээж, татвараа төлж бусдын адил хөдөлмөрлөн, нийгмийн амьдралд оролцож байна. Донор орнуудын хэрэгжүүлж буй төслийн үр дүнд бичил уурхайчид зөвхөн зохион байгуулалтад орж, албажаад зогсохгүй байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялаг дууссан цагт өөрсдөө баялаг бүтээх, өөр салбарт ажиллаж амьдрах олон талын арга туршлага судалж, суралцаж, нэвтрүүлж байгаа нь хамгийн гол ололт гэлтэй. Жишээлбэл, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын бичил уурхайчдын байгуулсан “Баян Бөмбөгөр” ТББ өөрсдийн  хуримтлал, ТБУТ-ын дэмжлэгээр “Уран гар” оёдлын цех амжилттай ажиллуулснаар гишүүд нь сар бүр хамгийн багадаа 300 мянган төгрөгийн орлоготой болж, НД, ЭМД-аа тогтмол төлж, жилдээ бичил уурхайн бус арга замаар 3.6 сая төгрөгийн орлого олдог болсон. Мөн сар бүрийн тогтмол орлогоо баталгаажууснаар тэтгэвэр тогтоолгох, банкнаас зээл авах нөхцөл бүрдсэн гэх мэт олон сайн жишээ бий.

Үүнээс гадна Шарын гол сумын нийт иргэдийн 10 орчим хувь нь бичил уурхайд ажилладаг. Тэдний орлого нэмэгдсэний дам нөлөөгөөр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бусад бизнес, үйлчилгээнүүдийн орлого ч сүүлийн нэг жилийн хугацаанд 25-30 орчим хувиар өссөн болохыг судалж тогтоосон гэж тус сумын ЗДТГ-ын дарга Г.Шинэхүү ярьж байсан. Эндээс алтны нийлүүлэлтийг сайжруулах нь зөвхөн худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлэх тухай бус бичил уурхайчдаа дэмжих, тэдний хөдөлмөрийн орчныг таатай болгох, ирээдүйн орлого, хуримтлалыг өсгөх, татвар төлөлт, орон нутгийн төсвийн орлогыг дэмжих, байгаль орчин хамгаалах, эдийн засагт эерэгээр нөлөөлөх гэх мэт олон талын ач холбогдол, өргөн цар хүрээтэй харагдаж байна. Түүнчлэн, бичил уурхайчид олборлосон алтаа цаг хугацаа, орон зайн таатай орчинд олон улсын стандартын дагуу сорьцлуулан жишиг үнэ ханшаар албан ёсны байгууллага /Монголбанк болон арилжааны банк/-д худалдах боломж бүрдэж байгаа нь ч дээр дурдсан нийгмийн ач холбогдлуудын нэг хэсэг болно.

Сүүлийн жилүүдэд бичил уурхайн салбарт ямар ямар үр дүн гарч буй товч мэдээллийг дараах графикуудаас тодорхой харж болохоор байна.

46625580_2042969655741618_3068989845092171776_o

ТБУТ-өөс гаргасан судалгаанаас. 2018 оны 9-р сар.

Түүнчлэн, “нинжа” нэртээс нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж зохион байгуулалтад орсон 65 мянган бичил уурхайчны бодит амьдрал сайн нь саараасаа давсныг харуулна. Нэгэн цагт эзэнгүй айл шиг эмтэрч бутарч будилж явсан салбар эмхэрч цэгцэрч эв дүйдээ орж чаджээ. Одоо харин орон нутгийн удирдлага, бичил уурхайчид аль аль нь асуудлаа зөв тодорхойлж, ойлголцож, алдаа байвал засч залруулж, төлөөллөөрөө дамжуулан хууль эрх зүйдээ хэрэгтэй өөрчлөлтийг оруулах, сайжруулах ажлыг тасралтгүй хийх шаардлагатай.

Жич: Нийтлэлд Монголбанк, ШХА, ТБУТ-ийн албан ёсны тоо баримт, бусад эх сурвалжуудын яриа, мэдээллүүдийг ашигласан бөгөөд нийтлэлээр илэрхийлсэн санаа, дүгнэлт нь зөвхөн зохиогчийн байр суурь болно.

Хариулт үлдээх

Your email address will not be published.