Этгээд нэгэн

туул-пумба

Утас дуугарав. Өнөөх залгаж байна. Автал өөдөөс үгийн зөрөөгүй “Чи хэд гэж тарах юм. Замаараа манай охиныг авчихаарай, би амжихгүй нь” гэж нэг амьсгаагаар дуржигнуулж гарав. Охиноо цэцэрлэгээс нь авахуулж байгаа энэ хүн бол миний найз. Тэрээр эгэл жирийн л нэг аав. Ажил амьдралаа зохицуулж яваа нь энэ. Гэм нь тэрээр “Завтай юу, тэрийг аваад тийш нь дөхүүлээд дараа нь тэгээд орхиоч” гэсээр утсыг улайстал ийш тийш залгадаг сонин араншинтай. Бусдыг баруун солгойгүй зардаг этгээд нэгэн. Түүнд бидний завтай эсэх, туслах боломж, хүсэл сонирхол байгаа эсэх нь ер хамаагүй. Түүний тоочсон зовлонд аль хэдийнээ автаад л “за” гэсэн үгийг амнаасаа унагасан байдаг нь хачирхалтай. Ямартаа ч зурагтын удирдлага бариад хэвтэж байхдаа хөл нь хугарсан найзаа үүд онгойлгоод өг, замаараа толины урдаас тамхи аваад өг хэмээн “зарж” байх вэ. Бас л их авъяас шүү.

Ингэхэд энэ сонин этгээдтэй чинь хэзээнээс би танил болсон юм бол оо. Бодлоо. Санаанд минь ам хамраа дүүрэн бэх болгосон, нусаа шурдхийн татах багынх нь дүр бууна. Хэзээний л багшийн анхааралд өртөн загнуулж зогсоно. “Хөдөлгөөн нь ихэдсэн моньд чи ер нь яахаараа болдоггүй бүхнийг хийдэг байна. Өрөмний өт шиг” гээд л түүнийг нүдний шилэн дээгүүрээ нэг их том харан загнадагсан. “Өрөмний өт”-ийг мэддэг болоод 30-аад жил болж. Багын сэргэлэн золиг байж дээ.

Арай сэргэлэн нь хэтрээгүй байгаа даа. Нүдээрээ инээж байгаад л хүн, хүнд  нэр хоч өгөн нэг эндүү үйлдлээс нь нэлээд том зохиомжийг ургуулан гаргаж махлаг биендээ баймгүй жонгиносон хоолойгоор бусдад сүр болгон  ярих шооч зантай нэгэн. Түүнийг би “хоолны мангас” гэж хочилдог юм. Хүн шоолохоос гадна амттай хоолонд их дуртай. Хаана хоол байна тэр тэнд инээд алдсаар байж л байна. Цадтал нь хоол өгөхгүй бол “харамчийхан” гэх хошин шогийн хэсгийг цээжээр уншаад л явчихна шүү дээ. Тэрээр нуригдан очсон найр наадмыг өөрийнхөө хоолонд хэр цадсанаар дүгнээд л явчихна. Сайн цадсан бол их илбэг дэлбэг сайхан найр, цадаагүй тохиолдолд ийм найр байдаг гэнэ ээ гээд л харамчийн шүлгээ уншаад л эхэлнэ. Хоололтын  алтан дүрэм нь хүртэл этгээд. Хэт их таргалаад ирэхээр нь санаа зовоод хэлсэн нэг найзад маань “турж үхсэнээс, дэлбэрч үхсэн минь дээр” гэх вэ дээ.

Бүдүүн, дээр нь их иддэг болохоор ажлын хамт олон нь түүнийг “Пумба” гэж нэрэлсэн байх юм. Ажилд нь шинээр орсон залуу “Тэр Пумба” гэдэг чинь гээд л мань хүнд өөрийнх нь тухай ярьж өгч гэнэ. Яриулж байгаад л тэр чинь би байна гэсэн гэдэг. Өөрийгөө Батбаатар биш Пумба болгоод хүлээн зөвшөөрсөн этгээд хүн.

Тэрээр зургаан хүүтэй айлын гурав дахь нь. Ээж аав нь Ховд аймгийн Цэцэг сумынх. Өөрөө бол Улаанбаатарт төрсөн. Бүрэн дунд боловсролтой. Одоогоор АПУ ХК-д түгээлтийн жолооч хийдэг. Эхнэр, хүү, охин гурвын  хамт Хан-Уул дүүрэгт амьдарч байна.

Тэр хүнд тусалж буй нь хүртэл этгээд. Яагаад гэвэл нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гээд л тэнд ч нэг, энэд ч нэг хүнд тусалсаар өөрт хийх ёстой ажлыг умартан явж байдаг нь хачин. Тусархуу гэхэд дэндүү. Өөрийн ажлаа хаяад явж байдаг хэмээн багын найз Ц.Чулуунбаатар нь ярив. Түүнээс цаадахдаа хэр дайчлагдаж байна гэхэд. “Өө тэр тоймгүй. Хүүг хүргээд болж өрвөл буцахдаа аваад явчих арга байна уу гээд л эхэлдэг талаар нь инээж байгаад хуучиллаа.

Түүнээс хүний мөс жудагтай шинж чанар нэвт харагддаг. Тиймдээ ч бусдад туслах чин хүсэл үргэлж цухалзаад байдаг байх. Хүний онцгүй муу чанарыг шууд л нүүрэн дээр нь шулуун хэлдэг. Бусадтай амархан найзалдаг нь нийтэч зангийх нь илрэл биз. Түүнтэй байхад цаг их хурдан өнгөрдөг. Ам хуурайгүй ярьдаг болохоор тэр байх гэж ажлын хамтрагч Ц.Гал-Эрдэнэ хэлэв.

Хариулт үлдээх

Your email address will not be published.