Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам №1

aa1

a1

Манай “Ньюс Эксперт Монголиа” агентлаг нь олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээх үндсэн зорилготойн зэрэгцээ нийт сэтгүүлчдэдээ мэргэжлийн тус нэмэр болох үүднээс Сэтгүүл зүйн боловсролын шилдэг гарын авлага, бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цувралаар нийтлэх юм.

Эхний удаад Олон улсын сэтгүүлчдийн төв /ICFJ/-өөс эрхлэн гаргаж, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олон монгол хэлнээ хөрвүүлсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам” гарын авлагыг толилуулж байна.

Номын тухай

aa1

Энэхүү гарын авлагыг Южин Л.Робертсын нэрэмжит шагналын үзэл санаанд шингэсэн “чимээгүй өнгөрөөсөн үйл явдлын талаар тэслэх бус уусан задраах мэдээлэлд, давтах бус илчлэх өгүүлэлд, тэмээ гэхэд ямаа гэдэг сурвалжлагчид, баримттай тэрсэлдэх үнэнд, ганц мод бус ой модонд, төв гудамжны цайны газрын ярианы сэдэв болох өгүүлэлд, хэн, юу, хаана, хэзээ, яагаад гэдгийг хэлж өгөхөөс гадна “тэгээд юу гэж?” хэмээх гайхшралыг тайлах бүтээлд, бодит амьдралыг байгаагаар нь хөрөглөх хүчин чармайлтад, намайг сэрээж, нүдийг минь нээх сэтгүүл зүйд, замхран үгүй болж буй амьд түүх бүтээгчид” зориулав.

Южин Л.Робертсын нэрэмжит шагнал Хойд Кэролайнын Их Сургуулийн Сэтгүүлзүйн Сургууль

Олон улсын сэтгүүлчдийн төвийн тухай

Олон улсын сэтгүүлчдийн төв нь хүний эрх, нөхцөл байдлыг сайжруулахад хараат бус, эрч хүчтэй хэвлэл мэдээлэл амин чухал үүрэгтэй хэмээн үзэж, дэлхий дахинаа чанаратай сэтгүүлзүйг хөгжүүлэн дэмжих зорилготой ашгийн бус, мэргэжлийн байгууллага юм. Олон улсын сэтгүүлчдийн төв нь 1984 оноос хойш дэлхийн 176 орны 50 мянга гаруй сэтгүүлчтэй шууд хамтран ажиллаж байгаа. Сэтгүүл зүйн хэм хэмжээг дээшлүүлэх зорилгоор орон орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудад зориулж сургалт, семинар, тэтгэлэгт хөтөлбөр, олон улсын солилцооны хөтөлбөр зэргийг зохион байгуулдаг. ОУСТ-ийнхөн эерэг өөрчлөлтийг хийх сэтгүүл зүйн хүчин чадалд итгэдэг.

Удиртгал

Хөгжиж буй болон ардчиллыг шинээр хөгжүүлж буй орны сэтгүүлчид Америкийн дундаж сурвалжлагчдын туулах бэрхшээлээс хамаагүй илүү гүн гүнзгий, гэтлэн давахад бэрх сорилтуудтай тулгардаг. Шинэ тутам эдгээр сэтгүүлчдийн хийж буй бүхэн нь ихэнхдээ эрэн сурвалжлах сэтгүүлзүй байдаг гэж хэлж болно. Тэдгээр улс оронд мэлээлэл авах эрхийг хуулиар баталгаажуулаагүй, гүтгэлэг, доромжлолын хэргээс сэтгүүлчдийг хамгаалаагүй байх нь элбэг. Тэд хүн хүчээр дутмаг, өдөр бүр редакцийн агуулгаа бэлтгэж гаргахын тулд багагүй дарамтанд ажилладаг. Заримдаа тэд хүчирхийллийн аюултай нүүр тулна.

Хэвлэл мэдээллийн байгууллагаас дэмжлэг хүртэх нь ховор учир тэд сэтгэл санааны дарамтанд ажиллах нь цөөнгүй. Ажил мэргэжлийн талбарт энэ мэтээр түүчээлэх нь сонирхолтой байж болох ч, хүнд хэцүү, мөн ихэнхдээ ганцаардлыг дагуулдаг. Эдгээр сэтгүүлчдийн ихэнх нь магад арван хэдхэн жилийн өмнө бий болсон хэвлэл мэдээллийн шинэ байгууллагад ажилладаг. Тэд богино хугацаанд хэвлэлийн шинэ технологитой танилцаж, зар сурталчилгааны орлого олох үндэс суурийг оргүй хоосноос бий болгож, эрч хүчтэй боловч туршлага багатай сэтгүүлчдээр багаа бүрдүүлсэн байдаг. Тэгээд тэд өмнө нь зөвхөн мөрөөдөл төдий байсан сэтгүүлзүйн бүтээлээр олныг гайхшруулахыг зорьдог.

Энэхүү товч товхимолыг зааж сургах бус, харин сэтгүүлчдэд шинэлэг байр сууринаас, асуудалд гүн гүнзгий нэвтэрч, өмнөө томхон зорилго тавьж ажиллахад нь урам зураг өгөхийн тулд бэлтгэсэн болно. Өндөр зэрэглэлийн бүтээл, ахисан түвшний сэтгүүлзүйд тулгардаг хамгийн том бэрхшээл тэр бүр дарангуйллын тогтолцоо, эсхүл хувийн аюлгүй байдалтай холбоотой байдаггүй. Харин эрхлэгч, дарга нараас бүтээлд зарцуулах төсвийн зөвшөөрөл авах, овоорсон их ажлын дундаас багахан зав гаргахыг оролдох, эрч хүч, хүсэл зоригоо хадгалж ярвигтай асуудлаа бүрэн гүйцэд судлах зэрэг өдөр тутмын, энгийн мэт бэрхшээл л гол саадыг учруулдаг. Энэ мэтийн хүндрэл Америкт болон дэлхийн аль ч өнцөг буланд ажиллаж буй сэтгүүлчдийг үргэлж дагаж байдаг. Хамгийн гол нь даацтай сэтгүүлзүйд хүрэх дөт зам гэж үгүй. Харин маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шингэсэн бүтээл үргэлж үнэ цэнэтэй байдаг.

Люсинда С. Флийзон

Алхам 1. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тодорхойлолтоо өргөжүүл

1

Өөрийгөө бүү хязгаарла! Эрэн сурвалжлах сэтгүүлзүй бол гэмт хэрэг, авлигыг илрүүлэхээс ч илүү зүйл юм. Аливаа тогтолцоо хэрхэн ажиллаж, ямар үед нурдаг, эсвэл ярвигтай үйл явдал хэрхэн болж өнгөрснийг дэлгэн харуулах нь ч эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чухал сэдэв болно. Уншигчид аливаа явдлын цаад учир шалтгаан, үйл явцыг маш их сонирхож, тэдгээр нь жирийн хүмүүст хэрхэн нөлөөлж буйг мэдэхийг хүсч байдгийг сэтгүүлчид ойлгож, мэддэг.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээлийг магадгүй дараах байдлаар тодорхойлж болох юм:

Хууль, шүүх, цагдаагийн газраас нууцаар олж авсан мэдээлэл бус, бие даасан буюу өөрийн судалгаанд суурилсан сэтгүүлзүй. Хувь хүнд тохиолдсон салангид үзэгдэл, үйл явдал бус, тогтолцооны шинжтэй асуудлын хэв маягийг илчилсэн бүтээл. Бурууд зөвийг олсон өгүүлэл Нийгмийн цогц асуудлыг тайлбарласан нийтлэл Авлига, зөрчил, эрх мэдлээ урвуулан ашигласан явдлыг илчилсэн түүх.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн үлгэр жишээ болж ирсэн зарим бүтээлийн сэдвийг доор жагсаав:

  • Цөмийн хог хаягдлыг хадгалах газаргүй хэрнээ цөмийн эрчим хүчийг үйлдвэрлэж байсан түүх
  • Комд орсон, өндөр настай эцэг, эхээ эмнэлгийн аргаар амьдруулахыг зогсоох шийдвэрийг гэр бүлийн гишүүд хэрхэн гаргасан тухай
  • Шалдар булдар хэрэгт сэжиглэгдсэн иргэдийг цагдаагийн ноход хэрхэн урж ноцож, хор хохирол учруулсан тухай
  • Дунд сургуулийн комьютерийн сүлжээг хэвийн ажиллулах боломжгүй болтлоо санхүүгийн доройтолд орсон гэж зарлаж байсан сургуулийн захирлууд уул уурхай болон хувийн бусад бизнестээ сургуулийн хөрөнгийг ашиглаж байсан тухай
  • Сэтгэцийн өвчтэй иргэд улсын эмнэлэгт хамааралгүй болж, гудамжны орон гэргүй тэнүүлчдийн тоонд шилжсэн тухай
  • Батлан хамгаалах яам “Хар төсөв” нэрийн дор ариун цэврийн цаас мэтийн энгийн зардлуудыг улсын нууцад хамаатуулж, сая сая долларыг зувчуулж байсан тухай.

Урт боловч сонирхолтой өгүүлэлд 30 минут зарцуулах сэтгэл уншигчдад бий. Харин бидний хувьд эзэд, хэвлэн нийтлэгч, редакторууддаа эрэн сурвалжилсан сайн бүтээлд цаг хугацаа зарцуулахын чухлыг ятгаж ойлгуулах асуудал л үлдэж байгаа юм.

Алхам 2-ыг маргааш уншаарай…

Хариулт үлдээх

Your email address will not be published.

9 сэтгэгдэл