Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам №2

a2

“Ньюс Эксперт Монголиа” агентлаг нь олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээх үндсэн зорилготойн зэрэгцээ нийт сэтгүүлчдэдээ мэргэжлийн тус нэмэр болох үүднээс Сэтгүүл зүйн боловсролын шилдэг гарын авлага, бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цувралаар нийтэлж байна.

Олон улсын сэтгүүлчдийн төв /ICFJ/-өөс эрхлэн гаргаж, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олон монгол хэлнээ хөрвүүлсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам” гарын авлага.

Алхам 2. Бүтээлдээ байгууллагын дэмжлэгийг хүрт

Эрэн сурвалжлах ажлыг ганцаараа бүтээх нь тийм ч түгээмэл биш. Энэ бол шилдэг сэтгүүлчдийн шаргуу үйл ажиллагаанаас хамаарах хамтын хүчин чармайлт юм. Гэвч тэдний бүтээлийг нийтлэх эсэхийг шийддэг эрлэгч, дарга нарын дэмжлэг, урам зориг чухал.

Хэвлэл мэдээллийн олон байгууллага эрэн сурвалжлах үйл явцыг удирдан зохион байгуулж, мөн шаардлагатай нөөцөөр хангах үүрэг бүхий редактороор ахлуулсан албан нэгжийг ажиллуулдаг. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн дэмжлэгийг байгууллагын түвшинд бий болгох нь хувьсгалын шинжтэй үйл явц юм. Ихэнхдээ хэн нэгэн сэтгүүлч гайхамшигтай бүтээл гаргаснаар энэ үйл явц эхэлдэг.

“The Philadelphia Inquirer” –д 1977 онд хэвлэгдсэн Уильяам Маримов, Жон Ньюман хэмээх хоёр залуу сурвалжлагчийнн “Аллагын баримтууд” өгүүллийг жишээ болгон дурьдаж болно. Энэхүү бүтээлийг эдүгээ сэтгүүлзүйн сургуулиуд гарын авлага болгон ашиглаж байна.

Өгүүлэлд Филадельфийн цагдаа гэмгүй, ихэнхдээ ядуу дорой, биеэ хамгаалах чадваргүй иргэдийг хууль бусаар хүч хэрэглэн, эрүүдэж, хүн амины хэргийг хүлээлгэдэг байсныг нотолдог. Зарим сэжигтэн гэм буруугүй байсан нь хожим тогтоогдсон аж. Өөр хэсэг сэжигтэн хууль бусаар “хэргээ хүлээсэн” нь нотлогдож, суллагдсан байна. Энэхүү өгүүлэл цагдаагийн ёс бус тогтолцоог өөрчилж чадсан бөгөөд Пулитцерийн шагнал хүртэж, уг бүтээлийг бэлтгэсэн сэтгүүлчид сонины редакцидаа хүлээн зөвшөөрөгдөж чаджээ.

Өгүүллийг бичсэн сурвалжлагчид редакторын түвшинд ажиллах болж, залуу сэтгүүлчдийн үлгэр дуурайлал болсон юм. Тийнхүү эхлэлийг тавих нь хамийн хүнд байдаг. Гэхдээ ийм үйл явдлын үр дүнд тухайн сонин төвөгтэй үйл явдлын мөрөөр хэрхэн сурвалжлах туршлагатай болж, мөн нэр хүнд, итгэл үнэмшил, шагнал урамшуулал, шилдэг сэтгүүлчди л хүртдэг нэр хүнд, хүндлэлийг хүртэх болно. Ажлын таатай орчин нөхцөл сэтгүүлчдэд хэцүү төвөгтэй асуудлыг барьж авч, араас нь хөөцөлдөх урам зоригийг өгдөг.

Эрэн сурвалжлах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чаддаг байгууллагууд юугаараа онцлог байдаг вэ гэвэл:

  • Нөөц боломжоо зарцуулахад бэлэн байдаг, шаардлагатай бол эрэн сурвалжлах бүтээл дээр ажиллаж буй хүнийг бусад үүрэг хариуцлагаас чөлөөлөх, тусгай төсөл дээр ажиллаж буй сэтгүүлчдийг удирдан чиглүүлэх редактор, томилолтын зардал, судалгааны дэмжлэг гэх мэтийг зохицуулж чаддаг.
  • Үлгэр дууриалал болсон шилдэг сэтгүүлчдийн зөвлөх баг буюу тогтолцоог бий болгосон байдаг.
  • Чухал өгүүлэлд зай талбайг нь гаргаж өгдөг.

АНУ-ын сонинууд том зорилго бүхий эрэн сурвалжлах төслийг редакцийн түвшинд дэмждэг он удаан жилийн уламжлалтай. Гэвч ийм түвшинд хүрэхийн тулд Америкийн сэтгүүлзүй урт удаан үйл явцыг туулсныг мартаж болохгүй.

Эрэн сурвалжлагыг дэмжих нь өөрчлөлтийн үйл явц юм.

1960-н оны эхэнд төрийн байгууллагуудын нээлттэй байдлын тухай хууль гарч төрийн байгууллагуудын хурал, уулзалтууд иргэнд ч, сэтгүүлчдэд нэгэн адил нээлттэй байхыг хуульчилсан юм. Улмаар нэр төрийг хамгаалах болон мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь мэдээлэл олж авах соёлыг бий болгож, хөгжүүлсэн. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн мэргэжлийн хүчтэй нийгэмлэг, холбоод үүсч, сэтгүүлчдийг дэмжих, урам зоригоор тэтгэх тогтолцоо хөгжсөн. Америкийн сэтгүүлчдйн өөрсдийн санаачилгаар бий болсон Эрэн сурвалжлах сурвалжлагч, редакторуудын байгууллага нь эрэн сурвалжилсан бүтээлүүдийг өөр хоорондоо хуваалцаж, сэтгэл санаа болон техникийн хувьд бие биенээ дэмжих талбар болж хөгжив.

Анхдагчдад өгөх зөвлөгөө:

Аль нэг асуудлыг эрэн сурвалжлах зөвшөөрлийг эрхлэгч, редактороос авах гэж буй бол эхлээд анхан шатны судалгааг хувийн цаг заваараа гүйцэтгэ. Тухайн асуудал үнэхээр бодитоор оршиж байгаад баттай итгэж, уг асуудлын талаар дорвитой бүтээл гаргах боломжтой гэдгийг тодорхой хэмжээгээр нотолж чадсаныхаа дараа эрхлэгч, редакторт санаагаа “борлуулж”, үүний төлөө цаг зав, мөнгө зарцуулах нь ашигтай гэдэгт итгүүлэх хэрэгтэй.

Энэ үед хэт их зүйл амлаж, хийж чадахаасаа илүүг нуруун дээрээ үүрч болохгүй. Том зорилго тань биелэх боломжгүй болвол хамгийн багадаа ямархуу бүтээлийг гаргаж болохоор байна вэ гэдгийг бодож, төлөвлө.

Алхам 3-ыг маргааш уншаарай…

Алхам 1 энд байгаа

Хариулт үлдээх

Your email address will not be published.

2 сэтгэгдэл