Шүдний мангаа

download

Болороо өглөө, оройд хүүгийнхээ шүдийг байнга угаадаг. Тиймээс шүд нь эрүүл гэж итгэдэг. Хүү нь Баянзүрх дүүргийн “Есөн-Эрдэнэ” цэцэрлэгт сурдаг аж. Өнөөдөр  ажлаа тараад хүүгээ цэцэрлэгээс авахаар ирэхэд эцэг эхчүүдэд зориулсан сургалт болж байв. Бүсгүй олзуурхан сургалтад суулаа.

Засгийн газраас “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт аян өрнүүлж, дүүрэг бүрийн Эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан цэцэрлэгийн хүүхдүүдэд үзлэг хийж эхэлжээ. Энэ удаа уг хорооны хоёр цэцэрлэгийн 3-5 насны нийт 136 хүүхдийг хамруулсан бөгөөд ердөө 22 хүүхэд л эрүүл шүдтэй, бусад нь өвчилсөн гэх мэдээллийг эмч нар өглөө. Болороо “Таны хүүхдийн шүд хорхойтсон байна” гэх мэдээ сонсоод их гайхаж.

Тэр тогтмол угаадаг шүд өвчилсөн шалтгааныг сургалт явуулж буй эмч Ж.Мөнхбаяраас  асуухад “Шүдээ угаадаг л бол өвчлөхгүй гэж ойлгож болохгүй. Бага насны хүүхдийн амны хөндийн өвчлөл нь тохиромжгүй хоол хүнс буюу чихэрлэг зүйл их хэрэглэснээс болон оогоо буруу сонгосноос болдог. Зах зээлд худалдаалж буй оонууд чанарын шаардлагаар тааруу. Хүүхдийн оо гэхэд хэтэрхий чихрийн найрлагатай байгаа тул хүндрэлтэй байна. Иймээс эцэг эхчүүд оон дээр байдаг тэмдэглэгээг сайн судалж сонгох хэрэгтэй” гэж тайлбарлав.

Оо бүрийн тагны эсрэг талд нь тухайн оонд химийн бодис хэр зэрэг орсныг илтгэх тэмдэглэгээ бий.

color-stripes

  • Ногоон бол байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн.
  • Хөх бол байгалийн гаралтай түүхий эдтэй, мөн эмчилгээний зориулалттай.
  • Улаан бол байгалийн гаралтай түүхий эдтэй. Мөн химийн аргаар гаргаж авсан бодисын холимогтой.
  • Хар бол цэвэр химийн аргаар гаргаж авсан түүхий эдээр үйлдвэрлэсэн аж.

Анги дээр нь хэрхэн арчилдаг талаар Г.Золжаргал багшаас лавлахад “Өглөө хүүхдээ хүлээж авуутаа гар нүүр, шүдийг нь угаалгадаг. Өдрийн хоолны дараа мөн адил. Түүнчлэн сода, нимбэгний хүчилтэй ус гэх мэт уусмалаар сөөлжлүүлэн амыг нь зайлуулдаг” гэв.

“Ээж ээ, би ангидаа ийм удаа шүдээ угаасан” гэж сэргэлэн хар нүдтэй, бондгор цагаан хүү, могжгор хоёр хуруугаа гозойлгон хуучилна. Бүсгүй хүүгийнхээ шүдийг шалгавал  цоорол үүсч эхэлсэн нь зэвүүн. Саяын сургалтад зааснаар шүд хамгаалах пааланг яаралтай тавиулахаар шийдэн ээж хүү хоёр хөтөлцсөөр цэцэрлэгээс гарлаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.