Халамжит эр хүн

577130_247620155351249_300544012_n

Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэж сайхан үг бий. Айл гэрийн тулгуур багана болсон эцэг хүн, эр нөхөр гэдэг яах аргагүй гэр бүлийн ноён нуруу, нөмөр нөөлөг, хамгийн чухал хүний нэг байдаг. Гэр бүл дэх эрэгтэйчүүдийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Халамжит эр хүн” сэдэвт ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хороодуудтай хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Олон улсын нөлөөллийн арга зүйг Монголын нөхцөлд хэрэгжүүлэх зорилготой уг төслийн үйл ажиллагаа өнгөрсөн оны аравдугаар сард нээлтээ хийсэн. Аавуудад зориулан манай улсын нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн гэр бүл, судлаач зэрэг илтгэгчдийг урьж лекц яриа өрнүүлж ажиллаж байгаа юм.

“Аав-ээж-хүүхэд” гэсэн үндсэн ойлголтод өөрчлөлт орж “ээж-хүү” гэсэн харилцаа зонхилох болжээ. “Аав-хүүхэд” хоёрын харилцаа тасралтгүй үүсээгүйгээс болж аавууд гэр бүлтэйгээ зөрчилдөх тохиолдол ихэссэн байна. Тиймээс уг асуудалд анхаарлаа хандуулах нь зайлшгүй шаардлага болоод байгаа аж.

Нийслэлд 200 хүүхдээс авсан судалгаагаар 69 хувь нь “Хүүхдэдээ цаг зав гаргадаг, бидэнтэй тоглодог аав хэрэгтэй” гэсэн бол үлдсэн хувь нь “Аав нарыг хүүхдээ өсгөхөд идвэхтэй оролцож байгаасай” гэсэн санааг илэрхийлсэн байна. Мөн Баянхонгор аймагт ЕБС-ийн 510 хүүхдэд “Ааваасаа юуг илүү их хүсдэг вэ?” гэсэн асуулт асуухад 90 хувь нь “Ааваа намайг хайрлаач, ойлгооч” гэсэн бол зарим нь “Аав минь битгий архи  уугаасай” гэж  хариулжээ.

Тиймээс аавууд  дотроо бодолтой, доороо суурьтай хандах нь зүйтэй. “Ааваараа бахархдаг хүүхэд шантардаггүй, ааваараа бахархдаг хүүхэд самуурдаггүй” гэдэг. Аавууд янз бүрийн харилцааны зан суртахуунтай байдаг. Албаддаг, захирангуй, хайхрамжгүй, хий гэснээр минь л хий, надад зав алга гэж хэлдэг, ганц ч удаа хүүхдээ тэвэрч үзээгүй, эцэг хүний үүргээ мартсан, хүүхдээ хэддүгээр ангид орсныг ч мэддэггүй гэх мэт олон төрлийн аав бий.

Тэгвэл та аль нь вэ? Энэ асуултыг өөрөөсөө асууж үзээрэй. Аавдаа эрхэлж аавыгаа мэдэрч өссөн хүүхэд том болоод, ямарч зовлон бэрхшээл тулгарсан ажирахгүй, нүүрэндээ галтай нүдэндээ цогтой сэргэлэн цовоо, уужим сэтгэлтэй хүн болж төлөвшдөг.

Зарим эцэг эхчүүд “Биеийг нь төрүүлснээс, ухааныг нь төрүүлсэн биш” хэмээдэг ч тэднийг бүх л амьдралд чиглүүлж, зааж сургаж, хүмүүжүүлж байгаа хүмүүс бол аав, ээж та хоёр. Үр хүүхдэдээ яаж хандсан тэр хандлагаас үүдэн хүүхэд нийгэмших ухаан суудаг. Эцэг эхчүүд охидодоо илүү их анхаарал хандуулж, хөвгүүдээ тоохгүй байх нь бий. Хүү яах вэ? Эр хүн юм чинь болно гэдэг.

Статистик судалгаагаар эмэгтэй хүүхдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдийнхээс арай илүү байдаг.

Дээрх үйл ажиллагаанд “Манлайлагч аав” болох зорилготой  20-40 насны 30 аав оролцсон. Энэ үеэр шинжлэх ухааны доктор, профессор гэр бүл судлаач Т.Намжил аавуудад хандаж “Хүүхдийнхээ саналыг үргэлж асууж байх, эхнэрийнхээ сэтгэлийг ойлгохыг хичээх, гэр бүлд болж байгаа асуудлыг сонирхож анхаарах гэсэн гурван зарчмыг баримтлах хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд өдөр тутам  ойлголцол, хүндэтгэл, итгэлцэл, аз жаргал гэсэн зүйлүүдийг санаж сэрээд, нэгдээд явбал гэр бүл сайхан харилцаатай болдог” гэдгийг хэллээ.

Мөн бусдад буруугаа өгөхгүйгээр эх сурвалжийг олох, аав ээжийн байр суурь юу билээ гэдгээ бод, бусдыг буруутгаж байгаа эхнэр, нөхөр өөрөө гологдож байгаа гэсэн үг. Бие биенээ юугаар дутааж байгаагаа ол, ямар нэг зүйлээр нэгнийгээ дутаасан тохиолдолд л тэр хүн өөр арай илүү хүнийг хүсэмжилж эхэлдэг. Тиймээс тухайн хүмүүс өөрсдийгөө сайжруулах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Ихэнх хүмүүс би эхнэр, нөхрөө юугаар ч дутаагаагүй гэдэг. Гэтэл хоорондоо ойлголцоогүйн улмаас ямар нэг зүйлээр бие биенээ дутаадаг учраас л гэр бүлийн харилцаа хүйтэн хөндий болж, цаашлаад салахад хүрдэг гэдгийг зөвлөж, анхааруулсан юм.

Манлайлагч аавуудыг бэлтгэх, аавуудтай хамтарч жендэр, гэр бүл, хүүхдийн хүмүүжилд анхаарах зорилготой төслийн ажил үргэлжилж байна.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.