ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН 10 АЛХАМ №3

a3

“Ньюс Эксперт Монголиа” агентлаг нь олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээх үндсэн зорилготойн зэрэгцээ нийт сэтгүүлчдэдээ мэргэжлийн тус нэмэр болох үүднээс Сэтгүүл зүйн боловсролын шилдэг гарын авлага, бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цувралаар нийтэлж байна.

Олон улсын сэтгүүлчдийн төв /ICFJ/-өөс эрхлэн гаргаж, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олон монгол хэлнээ хөрвүүлсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам” гарын авлага.

Алхам 3. Өөрийн гэсэн эх сурвалжийн сүлжээг үүсгэж, хөгжүүл

Хэрэгцээтэй мэдээлэл өгч чадах хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, сүлжээгээ хөгжүүл. Үүний тулд магадгүй урт хугацаа шаардагдана. Гэвч та үүнийг өнөөдөр ч хийж эхэлж болно шүү дээ.

Эдгээр хүмүүсийн заримынх нь нэр сонины хуудсанд хэзээ ч гарахгүй байж болох юм. Гэхдээ тэд гайхамшигтай бүтээлийн санаа, үндэс суурийг тавьж өгч мэднэ. Тэд цаг үеийн үйл явдлын тухай ярьдаг “мэдээллийн самбар” шиг байж болох юм. Үүнд, төрийн байгууллагын албан тушаалтан, олон нийтийн лидер, өмгөөлөгч, цагдаагийн албан хаагч, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, гал сөнөөгч, найз нөхөд, ер нь хэн ч багтаж болно. Зарим нь үйл явдлын талаар хэрэгцээтэй мэдээллийг хэзээ ч өгөхгүй байж магадгүй ч шаардлагтай үед чухал хэрэгцээтэй ишлэлийг хэлж өгч чадна. Эдгээрт төрийн албан тушаалтан, өмгөөлөгч, улс төрч, эмнэлгийн албан хаагч, мөн олон нийттэй харилцах албаны төлөөлөл орж болно.

Бие даасан ажиглагч, шинжээчидтэй ч харилцаа холбоогоо бэхжүүлэх нь чухал. Эдгээрт их сургуулийн профессор, нийтлэлч, олон нийтийн санаа бодлыг судалдаг судлаачид багтаж болно.

Сэтгүүлч эх сурвалжийн найдвартай байдлыг бодитоор үнэлж чаддаг байх ёстой. Тухайн мэдээлэл нь ахндагч эх сурвалжийнх уу, гуравдагч хүний ам дамжсан цуу яриа юу гэдгийг ялгаж сураарай.

Эх сурвалжийн яриаг баримтжуулах буюу бичиж авахыг зорь

Албан ёсоор буюу ил тодоор авч, нэр, албан тушаалыг дурьдсан ишлэлийг л эх сурвалж болгон ашиглахыг зөвшөөрөх нь олон сонины түгээмэл практик байдаг. Нэрээ дурьдахыг хүсээгүй, нууц эх сурвалж ашиглахыг аль болох хязгаарлах нь зүйтэй. Нэргүй эх сурвалжийг хэт их ашиглавал сонины итгэл үнэмшил, нэр хүнд буурах аюултай, учир нь уншигчид тухай эх сурвалж бодит амьдралд байдаг эсэхэд эргэлзэх нь гарцаагүй. Нөгөө талаар сөрөг мэдээллийг өгч буй хүн ихэнхдээ нэрээ нууцлахыг хүсдэг бөгөөд, тэд шаардлагатай үед тухайн асуудлыг нотлох чадваргүй, хэлсэн зүйлээ хамгаалах хүсэлгүй байдаг. Тиймээс нэргүй эх сурвалж ашиглах шаардлага гарвал сонины эрхлэгч юмуу ахлах редактороос зөвшөөрөл авдаг практик олон сонинд хэрэгждэг.

Хэрэв сурвалжлагч эх сурвалждаа өөрийг нь нууцлахыг амлах юм бол энэ нь гэрээ мэт үйлчлэх ёстой, тиймээс ийм амлалт өгөхдөө маш хянамгай, болгоомжтой байх нь зүйтэй. Зарим сэтгүүлч эх сурвалжаа хамгаалахын тулд өөрөө шоронд орж байсан түүх цөөнгүй бий.

Нэргүй буюу нууц эх сурвалжид найдах нь эх сурвалжийн хувьд ч, сэтгүүлчийн хувьд ч муу зуршил болдог. Зарим овсгоотой албан хаагч онцын шаардлагагүй үед ч нэрийг нь нууцлах амлалтыг сэтгүүлчээс салгаж чадна. Ялангуяа залуу туршлагагүй сэтгүүлчид энэ урхинд амархан өртдөг. Гэтэл ихэнх тохиолдолд “Би танаас энэ мэдээллийг албан тушаалын тань хувьд авч байгаа учир бичиж авах шаардлагатай байна” гэж хэлэхэд л хангалттай. Зарим үед “бичлэгэнд зориулаагүй шүү” гээд сэмээрхэн хэлэх зүйлийг сурвалжлагч сонсохоос татгалзсан нь дээр байдаг.

Нууц эх сурвалж ашиглахыг аль болох хязгаарла

Сэтгүүлч эх сурвалжтайгаа ярилцаж байх үед итгэлцлийн хэд хэдэн түвшин бий. Үүнд, бичлэгийн аппаратаа унтраах, мэдээллийг эх сурвалжид хамаатуулахгүйгээр ашиглах, ерөнхий нөхцөл байдлыг тайлбарлахад ашиглах гэх мэт янз бүрийн төөрөлдүүлсэн ангилал байдаг.

Мэргэжлийн ямар ангилал, үг хэллэг ашиглахаас үл хамаараад, сэтгүүлч эх сурвалжийн яриаг юунд хэрхэн ашиглах нөхцлөө ил тодоор тохирсон байх нь чухал юм. Энэ нөхцлөө тусгайлан ярилцаж авах нь эх сурвалжтайга илэн далангүй харилцаа үүсгэхэд чухал ач холбогдолтой.

Бие даасан /хараат бус/ хоёр эх сурвалж

Нягт нямбай байдлыг чухалчилдаг олон сонин маргаантай асуудал хөндсөн материалыг дор хаяж хоёр бие даасан, хараат бус эх сурвалжаар баталгаажуулсан нөхцөлд л нийтлэхийг зөвшөөрдөг. Энэ нь нэргүй эх сурвалж бүхий материалд нэн ялангуяа хамаатай.

Нэмэлт эх сурвалжаар баталгаажуулаагүй мэдээг яагаад хэвлэж болохгүйг Arkansas Democrat- Gazette –д тохиолдсон нэгэн явдал харуулдаг.

Бие даасан өмгөөлөгч Кеннет Старр Америкийн Ерөнхийлөгчийг шалгаж буйн тухай хэд хэдэн цуврал эрэн сурвалжилсан өгүүллийг Билл Клинтоны төрсөн мужийн Arkansas Democrat- Gazette сонин 1996 онд нийтэлжээ. Ихэнх мэдээлэл нь хараат бус өмгөөлөгчдийн албанд ажилладаг, нэрээ нууцалсан эх сурвалжаас ирдэг байж. Өмнө нь түүний хэвлэлийнхэнд өгч байсан мэдээлэл ихэнхдээ найдвартай байсан бөгөөд сэтгүүлзүйн сайн бүтээлийн эх үндэс болж байжээ. 1997 оны эхээр тэрхүү эх сурвалж, Старр шүүгчдийн бүрэлдэхүүнтэй урьдчилсан хуралдаан зохион байгуулж, Клинтоны худал мэдүүлэг, шударга ёсны үйл явцад саад учруулж буйн талаар баримт танилцуулсан тухай мэдээлэл өгчээ. Эх сурвалжийн хэлснээр шүүгчид Ерөнхийлөгчийг бүх хариуцлагаас чөлөөлсөн аж. 1997 оны 2-р сарын 15нд энэ мэдээлэл Arkansas Democrat- Gazette -гийн тэргүүн нүүрэнд хэвлэгдсэн байна. Сэтгүүлч мэдээллийг хоёрдогч эх сурвалжаар баталгаажуулаагүй боловч редактор нь өгүүллийг хэвлэхийг зөвшөөрсөн байна. Дараагийн өдөр нь Кен Старрын маш хүчтэй няцаалт ирж сонин залруулга хэвлэхээс өөр аргагүй байдалд оржээ. Учир нь уг сонин алдаатай материал нийтэлж, өөрийгөө ичгэвтэр байдалд оруулсан нь тодорхой болов.

Жинхэнэ эх сурвалж ба оюуны хулгай

Сэтгүүлчид өөр бусад хэвлэлд нийтлэгдсэн материалыг ашиглаж болох эсэхийн талаар асуух нь түгээмэл байдаг. Хэр ихийг ашиглаж болох вэ? Нийтлэг практикаас харахад бусдын бүтээлээс “ишлэл зээлж” аваад өөрийнхөө бүтээлд ашиглах нь түгээмэл. Гэхдээ энэ нь олиггүй сэтгүүл зүй юм. Америкийн хэд хэдэн сэтгүүлч бусдын бүтээлээс зээлдсэнээс болж ажлаасаа халагдаж байсан. Бусдын бүтээлээс зээлдэхээс өөр аргагүйд хүрвэл жинхэнэ эх сурвалжийг нь заавал дурьдах хэрэгтэй. Жишээ нь: “Би улс төрөөс гарлаа” гэж хотын захирагч Браун The Daily News-д хэлжээ.”

Алхам 4-ыг маргааш уншаарай.

Алхам 1 энд, Алхам 2 энд байгаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

нэг хариулт