ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН 10 АЛХАМ №4

a4

“Ньюс Эксперт Монголиа” агентлаг нь олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээх үндсэн зорилготойн зэрэгцээ нийт сэтгүүлчдэдээ мэргэжлийн тус нэмэр болох үүднээс Сэтгүүл зүйн боловсролын шилдэг гарын авлага, бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цувралаар нийтэлж байна.

Олон улсын сэтгүүлчдийн төв /ICFJ/-өөс эрхлэн гаргаж, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олон монгол хэлнээ хөрвүүлсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам” гарын авлага.

Алхам 4. Сэдвээ судал

Сэтгүүлч хүн бичиж буй сэдвийнхээ мэргэжилтэн нь болох учиртай. Үүний тулд хамгийн түрүүнд хийх ёстой зүйлсийн нэг бол тухайн сэдвээр сонин хэвлэлд гарсан зүйлсийг судалж үзэх. Энэ нь одоог хүртэл эрэн сурвалжлагын хамгийн суурь аргуудын нэг байсаар атал олон сэтгүүлч, ялангуяа залуу сэтгүүлчид үүнийг ашиглахгүй байна. Заримдаа хайж байгаа мэдээ тань интернетэд байж болно, зарим тохиолдолд CD-ROM-д архивлагдсан байж ч болох юм. Гэвч ихэнхдээ, ялангуяа ядуу буурай орнуудад зөвхөн хуучин сониноос хайх хэрэг гардаг, тэдгээр нь заримдаа зөвхөн цаг тооллын дарааллаар үдэгдсан байдаг. Сэтгүүлч хүн бусад хэвлэмэл материал, тухайлбал, бусад сонин, ном, сэтгүүл, хэвлэлийн мэдээ, салбарын сэтгүүл, төрийн мэдээлэл, лавлах ном, докторын диссертацийг мөн судалж үзэх хэрэгтэй. Урьд өмнө хэвлэгдсэн материалуудыг сөхөж үзэх нь сэтгүүлч өөрийн сэдвээ таньж мэдэх судалгааны үйл явцын амин чухал эхний алхам бөгөөд дараагийн нэмэлт судалгаа хийх зураглалыг гаргаж өгдөг.

Гэвч өмнө нь хэвлэгдсэн мэдээлэл, өгүүлэл сэлтийг цаашдын сурвалжлагын явцад нягтлан шалгах хэрэгтэй.

Интернет нь компьютертэй хүн бүрийн хувьд мэдээлэл авах маш өргөн боломжийг нээж өгч байна. Интернетэд оргинал эх сурвалж болон хов жив нэг дор хамтдаа байдаг нь нэг талаас аюултай ч , нөгөө талаас үнэ цэнэтэй. Сэтгүүлчид аль нь бодитой мэдээлэл вэ, аль нь хов жив бэ гэдгийг ялгаж салгаж, баталгаажуулах шаардлагатай. Хэвлэмэл материал ч бас ялгаагүй. “Хэн нь хэн бэ” нэвтэрхий толь, утасны лавлах ном ч үнэ цэнэтэй эх сурвалж болж болно.

Өөрийн мэдээллийн санг бий болго

Үйл явдал өрнөхийн хэрээр, сэтгүүлч дараа хэрэглэх лавлагаандаа зориулж өөрийн баримт материалын санг бүрдүүлэх хэрэгтэй. Олон нийттэй харилцах албаны тараах материалууд, хэвлэлийн мэдээ, албан бичгийн эх хувь, сонины хайчилбар, сэтгүүлийн өгүүллүүд, нэрийн хуудас болон бусад хэрэгцээтэй материалыг цуглуулах нь хожим өөрт хэрэгтэй тоо баримт, он сар, овог нэр зэргийг хурдан олж авах шаардлагатай үед тус болгодог. Сэтгүүлч олон жил ийнхүү баримт материал цуглуулж, баяжуулж чадвал маш үнэ цэнэтэй мэдээллийн сантай болно.

Excel программыг ашиглан хэний тухай юу мэдэхээ нарийвчлан тэмдэглэж, хүснэгт үүсгэхэд илүүдэхгүй. Хэзээ түүнтэй хамгийн сүүлд ярилцсан бэ? Түүнтэй хэрхэн уулзсан бэ? Өөр хэн хэрэгцээтэй мэдээлэлтэй байж болох вэ? Ирэх саруудад хэн уулзалт, хурлыг зохион байгуулах вэ?

Хэр хэмжээний баримт мэдээллийг ашиглаж, шинжлэхээс хамаараад янз бүрийн мэдээллийн сангийн программуудыг ашиглаж болно. Excel нь дата баазын хэрэгсэл гэхээсээ илүү мэдээллийг бүртгэж, хүснэгтлэхэд тохиромжтой.

Мэдээллийн сангийн тусгайлсан програмууд нь сурахад ярвигтай боловч өөрийн хэрэглэж буй компьютертээ суулган ашиглах боломжтой. Өөрийн чинь компьютерт Microsoft Access программыг суулгасан эсэхийг шалгаад үз. Хэрвээ Мас компьютертэй бол FileMakerPro программ аль хэдийн суурилагдсан байх болно.

Хэрэв өөрт тань сканнер ашиглах боломж байдаг бол бичиг баримт, хэрэгцээтэй мэдээлэл бүрийг дижитал хэлбэрээр хуулбарлан хадгалж болно. Ийнхүү хадгалж авснаар өөрт тань эх хувиараа хадгалагдаж байгаа бичиг баримтад гэмтэл учирахад дор хаяж нэг нөөцтэй үлдэнэ. Нэмж хэлэхэд, өөрийн тэмдэглэл, санаа, баримт бичгийг хооронд нь холбох, ангилах, тэмдэглэл нэмж оруулах, хэрэгцээтэй хэсгүүдийг тайрч нийлүүлэх зэрэг компьютерийн олон арга хэрэгсэл бий.

Зарим хүн аюулгүй байдлын үүднээс чухал баримтаа компьютертээ хадгалдаггүй. Гэхдээ онлайн орчинд хадгалсан баримт файлуудаа өөрийн үүсгэсэн нууц үгээр /password/ хамгаалах боломжтойг санаарай. Энэ нь Microsoft Word болон Page, Мас компьютер ашиглагчдын аль алинд нь хамаатай. Нууц үгээ мартчихгүй бол таны файлууд найвартай хамгаалагдсан гэсэн үг.

Стандарт гэж юу вэ?

Эрэн сурвалжилсан бүтээлийн ихэнх нь тогтолцооны гажгийг илчилдэг. Үүний тулд хэвийн буюу сайн ажиллаж буй тогтолцоо ямар байх ёстойг (харьцуулж үзэх зорилгоор) мэдэж авах хэрэгтэй. Жишээ нь: хэрвээ сэтгүүлч цаг уурын мэдээлэх систем буруу ажиллаж байгаа тухай баримт цуглуулж байгаа бол өөр бусад хот, улс оронд цаг уурын мэдээлэх ямар сайн систем байгааг олж тогтоох нь чухал байж болно. Тухайн салбарт олон улсын ямар стандарт, дүрэм журам, зохицуулалт үйлчилж байгааг олж мэд.

Алхам 5-ыг маргааш уншаарай.

Алхам 1, Алхам 2, Алхам 3 энд байгаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.