ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН 10 АЛХАМ №5

a5

“Ньюс Эксперт Монголиа” агентлаг нь олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээх үндсэн зорилготойн зэрэгцээ нийт сэтгүүлчдэдээ мэргэжлийн тус нэмэр болох үүднээс Сэтгүүл зүйн боловсролын шилдэг гарын авлага, бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цувралаар нийтэлж байна.

Олон улсын сэтгүүлчдийн төв /ICFJ/-өөс эрхлэн гаргаж, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олон монгол хэлнээ хөрвүүлсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам” гарын авлага.

Алхам 5. Баримт хай

Бодож байгаагаас тань илүү их зүйл олдох боломжтой

Бичиг баримтын эх хувь нь хамгийн сайн, найдвартай нотолгоо болно. Түүнийг шууд ишлэх боломжтой бөгөөд харин эх сурвалжаа заавал дурьдах нь чухал. Үнэ цэнэтэй баримт бичиг заавал нууц байх албагүй.

Олон нийтэд нээлттэй бадаг зарим баримт гэвэл:

  • Компанийн бүртгэлийн мэдээлэл, тухайн байгууллагыг хуулийн этгээдээр бүртгэж авсан огноо, санхүүгийн жилийн тайлан, захирлуудын нэр, хаяг болон компаний түүх.
  • Орон нутгийн үнэт цаас зохицуулах газраас гаргасан олон нийтэд арилжаалагдсан компаниудын тайлан. Компаний орлого зарлагыг аудитаар хянуулсан санхүүгийн жилийн тайлан
  • Компаний олон нийттэй харилцах албанаас тараадаг тухайн компанийн хаяг, тайлан, төлөвлөгөөг агуулсан тараах материал
  • Парламентад өргөн барьсан хуулийн төсөл
  • Хүн амын тооллогын мэдээлэл Эмнэлгийн тайлан мэдээлэл
  • Цагдаа, шүүхийн тайлан мэдээлэл
  • Иргэний үнэмлэх, төрсөн болон нас барсан бичиг, өдрийн тэмдэглэл, захидлууд, зураг гэх мэт хувь хүний мэдээлэл

Мэдээллийн эрх чөлөөний хуультай зарим оронд ч төрийн байгууллагаас мэдээлэл авах нь маш ярвигтай үйл явц байдгийг олон сэтгүүлч мэднэ. Харин мэдээлэл өгөх боломж, хүсэл сонирхолтой эх сурвалжийг таньдаг бол энэ үйл явц ямар хялбар болдог билээ.

Гэвч маш хаалттай нийгэмд ч сэтгүүлчдийн бодож байгаагаас илүү боломж байдаг. Эдийн засгаа шинээр хөгжүүлж буй улс оронд мэдээллийн шинэ баазыг компьютерийн тусламжтай бий болгож эхэлж байгаа бөгөөд зарим мэдээлэл нь Интернэтэд ч тавигдаад байна. Бидний эргэн тойронд өдөр бүр болж буй маш эрчимтэй өөрчлөлтүүд хэмжээлшгүй их мэдээллийг бидэнд нээж өгч байна.

Тоо баримт дангаараа амьд түүх болж чадахгүй. Тэдгээрийг ярилцлага, ажиглалтын туслалмжтайгаар амьдруулах нь чухал.

Зарим чухал санамж

  • Ихэнх баримт бичиг дангаараа хангалттай байж чаддаггүй. Нягтлан бодох бүртгэлийн талаар мэдлэггүй сэтгүүлчид санхүүгийн мэргэжилтнээр баримт бичигийг тайлбарлуулах хэрэгтэй.
  • Заримдаа тоон мэдээлэл хуучирсан байдаг ба олон нийтэд зориулсан шинэ баримт мэдээллийг хүлээх эсвэл сүүлийн үеийн мэдээлэл өгөхийг эх сурвалжаас хүсэх хэрэгтэй болно.
  • Компаний мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг нь дараагийн судалгаа, ярилцлагын хамгийн сайн, товч тодорхой баримт болж өгдөг.
  • Хэн нэгэн зөрчил, алдаа дутагдлын талаар мэдээлэл өгвөл түүнээс тухайн мэдээллийг хэрхэн баримтжуулах талаар асуухаас бүү ай. Тэдэнд туслахыг хичээ. Энэ бүхний эцэст, тэд тантай ярилцах болно, яагаад гэвэл тэд мэдээллээ гаргахыг хүсэж байгаа.

Алхам 6-г маргааш уншаарай.

Алхам 1, Алхам 2, Алхам 3, Алхам 4 энд байгаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.