Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам №6

a6

“Ньюс Эксперт Монголиа” агентлаг нь олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээх үндсэн зорилготойн зэрэгцээ нийт сэтгүүлчдэдээ мэргэжлийн тус нэмэр болох үүднээс Сэтгүүл зүйн боловсролын шилдэг гарын авлага, бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цувралаар нийтэлж байна.

Олон улсын сэтгүүлчдийн төв /ICFJ/-өөс эрхлэн гаргаж, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олон монгол хэлнээ хөрвүүлсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам” гарын авлага.

Алхам 6. Албан тасалгаанаасаа гар, ажигла. Өгүүллээ амьдруул!

Шууд ажиглалт нь сэтгүүлчдийн хамгийн хүчирхэг хэрэгсэл боловч үүнийг дутуу ашиглаж байна. Сэтгүүлчид мэдээ бэлтгэхдээ ч, гүнзгийрүүлсэн судалгаа хийхдээ ч, эргэн тойрноо анхааралтай бөгөөд нямбай ажиглах дадал хэвшилтэй болох хэрэгтэй.

Ихэнх сэтгүүлч цөөн хүний оролцсон үйл явдлын гэрч болдог. Тиймээс тэдний нэг үүрэг хариуцлага бол үйл явдал хэрхэн болж өнгөрсөн, нөхцөл байдал болон хүмүүс яг ямар байсныг дүрслэх явдал юм. Ажиглалт нь мэдээнээс бусад төрөл зүйлд ч ашиглаж болох чухал хэрэгсэл мөн. Эмх замбараагүй байдал, өлсгөлөн хүүхэд, газар хөдлөлтийн дараах барилгын нуранги, үгүйрсэн хотын хоосорсон лангуу гэх мэтийг дүрслэх нь бүтээлийн хүчтэй элемент болохыг санагтун. Заримдаа иймэрхүү дүрслэл нь албаны мэдэгдэлээс илүү чухал байдаг. Ийм төрлийн нарийвчилсан дүрслэл бүхийл сайн гэх өгүүллийн үндэс суурь нь болдог. Дүрслэл сайтай эрэн сурвалжилсан өгүүлэл уншигчийн анхаарал, сонирхлыг тухайн нөхцөл байдалд татаж чаддаг. Гэвч үүнийг хийж чадахын тулд сэтгүүлч ширээнийхээ ард бус үйл явдлын дунд биечлэн байх хэрэгтэй.

Үйл явдлыг шууд ажиглах нь хэд хэдэн давуу талтай.

  • Сурвалжлагын ихэнх хэсгийг үйл явдлын халуун цэгт олон хүн цугласан, сэтгэгдэл шинэхэн байх үед гүйцэтгэх боломжтой. Жишээ нь, гал гарсан нөхцөл байдалд сурвалжлагч маш түргэн хэд хэдэн гэрчийг олж, тэднээс сүүлд тодруулга авах зорилгоор нэр, хаягийг нь асууж амжина.
  • Шууд ажиглалт хийснээр хоёрдагч эх сурвалжид найдах шаардлагагүй болно.
  • Шууд ажиглалт нь бусад мэдээллийг дэлгэрүүлэх болон баталгажуулахад чухал үүрэгтэй. Энэ нь ихэвчлэн үйл явдлыг ойлгоход шийдвэрлэх хүчин зүйл болдог. Жишээ нь, батлан хамгаалах салбарын худалдан авалтын талаар эрэн сурвалжлах төсөл хэрэгжүүлж байна гэж бодвол сэтгүүлч цахим хуудаснаас нь өгүүлэлдээ хэрэг болохуйц мэдээллийг хялбархан авч чадах бөгөөд, үлдсэн зүйлийг ажиглалтаар олж авна. Цыгануудын тосгоны тухай өгүүлэлд тэрхүү тосгоны нүүр царай, амьдралын нөхцөл байдал, хүмүүсийн дүр төрхийг дүрслэхгүйгээр бодит дүр зургийг гаргах боломжгүй.
  • Газар дээрээс нь хийсэн ажиглалт бүтээлийг амьд, сонирхолтой, өөрийн гэсэн ая донжтой болгодог. Дүрслэл нь уншигчид харах, сонсох, мэдрэх, үнэртэх, бүр амтлах боломжийг олгодог. Нарийн деталь, дүрслэл нь үгэнд өнгө, сэтгэл хөдлөл, хөдөлгөөн оруулж, мөн итгэл үнэмшлийг төрүүлнэ. Ярилцлага хийхдээ эх сурвалжийн орчин нөхцөл, нүүрний хувирал, хоолойны өнгө, тэр бүү хэл чимээгүйн анирыг ч анзаарч, ажигла.
  • Шууд ажиглалтаар олж авсан мэдээллийг хаацайлж, гуйвуулах нь тийм ч амаргүй байдаг. Жишээлбэл Philadelhipa Inuiruirer –ын сурвалжлагч Оросын цэргүүд Чеченийн иргэдийг буудаж байсныг харсан байдаг. Үүнийг Москвагийн албан тушаалтнууд сүүлд нь үгүйсгэсэн боловч сурвалжлагч нүдээр үзсэн зүйлсээ “амьдаар” нь дамжуулах боломжтой байсан юм, учир нь тэр газар дээр нь ажиглалт хийсэн.
  • Зарим үед тодорхой зүйлсийг олж харахын тулд бидэнд тусламж хэрэгтэй байдаг. Жишээлбэл шинэ нянгийн тухай өгүүлэл бичихийн тулд лабораторийн төхөөрөмжөөр харж байгаа зүйлээ эрдэмтнээр тайлбарлуулах хэрэгтэй. Уран баримал, урлагийн бүтээлд учруулсан хохирлыг олж харахын тулд урлаг судлаачаар нөхцөл байдлыг үнэлүүлэх хэрэгтэй.

Газар дээрээс нь хийсэн сурвалжлага амьд болдог

Ажиглах дадал хэвшилтэй болсны дараа ач холбогдолтой мэдээллээ ялгаж сонгож сурах нь чухал. Жишээлбэл, эх сурвалжийн хувцас, үс, нүдний өнгийг дүрслэх нь тухайн хувь хүний талаар тийм ч их хэрэгтэй мэдээлэл өгөхгүй байж болох юм. Гэвч хэрэгцээтэй үед, жишээлбэл эрдэмтний цагаан халаат нь химийн бодисонд түлэгдэж, цоорсон тухай деталь нэмбэл хөргийн чухал элемент болно.

Тэмдэг нэр ашиглаж, нийтэд нь тоймлон ерөнхийлөхгүйгээр сэтгэлд үлдтэл дүрслэх нь хамгийн хэцүү байдаг. Хэрэв очсон газар тань хуучин байшин байвал “хуучин, засварлах шаардлагатай байшин” гэснээс “тагтааны ялгадасанд хучигдаж, цонх нь хагарсан, хаалга нь нэг нугасан дээрээ санжиганасан” гэх мэтийн дүрслэл ашиглавал илүү хүчтэй бөгөөд тодорхой байх болно. Сурвалжлагчид “миний эмээгийн байшинг санагдуулахуйц” гэх мэтээр өөрийгөө дүрслэл дунд оруулах нь зохимжгүй. Мөн “муухай”, “сайхан” гэх мэтийн хувийн үзэмж шингэсэн үнэлэлт бүү хий. Харин бичвэртээ мэдрэхүйн хичнээн эрхтэнг ашиглаж болохыг эргэцүүлж, ашиглаж чадах бүхнээ ашигла.

Алхам 7-г маргааш уншаарай.

Алхам 1, Алхам 2, Алхам 3, Алхам 4, Алхам 5 энд байгаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.