Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам №8

a8

“Ньюс Эксперт Монголиа” агентлаг нь олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээх үндсэн зорилготойн зэрэгцээ нийт сэтгүүлчдэдээ мэргэжлийн тус нэмэр болох үүднээс Сэтгүүл зүйн боловсролын шилдэг гарын авлага, бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цувралаар нийтлэх юм.

Эхний удаад Олон улсын сэтгүүлчдийн төв /ICFJ/-өөс эрхлэн гаргаж, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олон монгол хэлнээ хөрвүүлсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам” гарын авлагыг толилуулж байна.

Алхам 8. Нятглан шалгаж, баталгаажуулах

Сөргүүлсэн ярилцлага

Гүнзгийрүүлсэн судалгааны үр дүнд хүн бүхэн дуртай байдаггүй. Эрэн сурвалжлагчид олж авсан мэдээлэлдээ эсрэг талын хариуг авахыг хичээж, бүтээлээ нийтлэхээс өмнө холбогдох эх сурвалжид тийнхүү хариу байр сууриа илэрхийлэх боломж олгох ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, олон дахин утас цохиж, ярилцлагын цаг гуйх, хариу өгөхгүй бол баталгаатай захидал илгээж, эсвэл бүр тухайн хүний ажил, гэрийнх нь үүдэнд очоод хүлээх хэрэг гарна гэсэн үг. Хариу байр суурь, хариу мэдээлэл заавал авах хэд хэдэн шалтгаан бий. Юун түрүүнд энэ нь ёс жудаг, шударга ёсонд нийцнэ. Хэн нэгний талаар илэн далангүй мэдээлэл нийтлэгдэх гэж байвал, тухайн хүнд өөрийнхөө өнцгөөс асуудлыг тайлбарлах боломж олгох хэрэгтэй. Түүний хариулт дотор үндэслэлтэй, магад огт хүлээж байгаагүй тайлбар орж ирэхийг үгүйсгэхийн аргагүй. Эсвэл тэр хүн бүхэлдээ буруу байсан мэдээллийг залруулж болно. Зарим үед ийнхүү хариу хайсан сэтгүүлч илүү сайн чанарыг мэдээллийг олж авдаг. Зүгээр л товч эсэргүүцэл, үгүйсгэсэн ганц үг байлаа ч шударга байх үүднээс түүнийг нь нийтлэх л хэрэгтэй. Сурвалжлагч олж авсан мэдээллээ нягтлах шатанд сөргүүлсэн ярилцлагыг хийдэг. Тийнхүү нягтлан шалгах ажлыг маш нямбай хийж, нийтэд түгээх гэж буй баримт тус бүрийг хянах ёстой.

Сөргүүлсэн ярилцлагад бэлтгэх

  • Эхлэхээс өмнө тухайн ярилцагын үр дүнд яг юу олж авах хэрэгтэй байгаагаа тодорхойл. Жагсаалт гаргаж, зарим хэцүү асуултаа томьёолж ав, шаардлагатай бол найзтайгаа сууж байгаад хэцүү асуултаа тавих дасгал хий.
  • Ярилцлагын цаг авахдаа зарим үед зорилгоо хэлэх шаардлагатай болдог ч, бүх зүйлээ тоочих албагүй. “Би энэ талаар нийтлэл бичих гээд судалж байгаа юм л даа”, “Би энэ талаар сурвалжлага бэлтгээд байгаа боловч таны байр суурьгүйгээр бүрэн төгс болж чадахгүй байна. Энэ асуудалд та зайлшгүй байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзэж байна” гэх мэтийн зүйлс хэлэхэд ерөнхийдөө хангалттай байдаг.
  • Ямар ч үед урьдчилсан дүгнэлт бүү хий. Сөргүүлсэн ярилцлага нь байгаа мэдээллээ хоёрдогч эх сурвалжаар баталгаажуулах үйл явц хэмээн үзэх нь зүйтэй. Ихэнх хүн өөрсдийнх нь холбогдолтой мэдээлэл үнэн зөв байгаасай гэж хүсдэг учир мэдээлэл өгөхдөө дуртай байдаг. Таны албан тушаалыг юу гэж бичих вэ? Та энэ ажлаа хэр удаан хийж байгаа вэ? Та ямар боловсролтой вэ? Хаана сургууль төгссөн бэ? Гэх мэтийн суурь асуултыг үл тоомсорлож болохгүй.
  • Хэрэв таны асуултад хариулахгүй байвал дахин асуу, эсвэл яриагаа асуулт руу чиглүүл.
  • Байгаа мэдээлэлд, мөн баталгаажуулахыг хүссэн тодорхой асуултууддаа бүрэн дүүрэн хариу авсан эсэхээ ахин дахин нягталж, шаардлагатай бол “үүнийг би тантай хамт ахиад нэг нягталж үзэх гэсэн юм” гэж хэлээд, асуултаа давт.
  • Яг юу болж өнгөрөв өө? Хэмээх энгий асуултаар ч үнэ цэнэтэй мэдээлэл олж авч болдог.
  • Хариултыг сайн, муугаар нь бүү дүгнэ, зүгээр л тэмдэглэж ав, эсвэл тайлбарлахыг хүс. Тэд хэдий чинээ их ярина, төдий чинээ л сайн. Хариултын утга санаа, үг бүрийг ойлгож байгаа эсэхээ баталгаажуул. Та тухайн хүний үгийн алдаан дээр тоглох гэж байгаа биш, харин түүний байр суурь, нэмэлт мэдээллийг л авах гэж байгаа сурвалжлагч хүн. Хариулт авах шаардлагатай бол асуултаа ахин дахин асуу.
  • Ярилцлагаа дуусгах үед “Надад ахиад зарим баримт мэдээллийг нягтлах, асууж тодруулах шаардлага гарч магадгүй, тийм тохиолдолд би тантай эргээд холбоо бария” гэж буцаж ирэх замаа засах нь зүйтэй.
  • Шаардлагатай бол ахин дахин буцаж очихоос санаа бүү зов.

Алхам 9-ийг маргааш уншаарай. 

Алхам 1, Алхам 2, Алхам 3, Алхам 4, Алхам 5,  Алхам 6 , Алхам 7 энд байгаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

2 сэтгэгдэл