ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН 10 АЛХАМ №10

a10

“Ньюс Эксперт Монголиа” агентлаг нь олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээх үндсэн зорилготойн зэрэгцээ нийт сэтгүүлчдэдээ мэргэжлийн тус нэмэр болох үүднээс Сэтгүүл зүйн боловсролын шилдэг гарын авлага, бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цувралаар нийтлэх юм.

Эхний удаад Олон улсын сэтгүүлчдийн төв /ICFJ/-өөс эрхлэн гаргаж, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олон монгол хэлнээ хөрвүүлсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхам” гарын авлагыг толилуулж байна.

Алхам 10. Өдөр тутмын эрэн сурвалжлах сэтгүүл зүй

Цаг гарга

Томоохон, эрэн сурвалжилсан бүтээл гаргах цаг хугацааг редакцийн зүгээс гаргаж өгөхгүй байгаа талаар сэтгүүлчид үргэлж гомдоллодог. Үүнд ганцхан л хариулт бий: цагийг өөрөө гарга.

Зарим үед хоёр юм уу гурван удаа утсаар ярьсандаа сэтгэл хангалуун үлдэх бус, харин дөрөв дэх удаагаа утас цохихыг эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэнэ. Өдөр бүр хийх ёстой ажлаа хийж, үүний зэрэгцээ өөрийнхөө хувийн төсөлд бага ч болов цаг гарга. Хамгийн сайн бүтээл ихэнхдээ өдөр тутмын ажил дундаас, хүмүүстэй ярилцаж, мэдээний ул мөрөөр бяцхан судалгаа хийж, хэвийн бус үйл явдлыг олж харж, тэр нь цаг хугацааны явцад ахин дахин давтагдаж буй эсэхийг мэдэж авсны үр дүнд бий болдог.

Өдөр тутмын ажлынхаа явцад эрэн сурвалжил. Жишээлбэл, хэрэв түргэн хоолны нэг газар муудсан хоолоор үйлчилвэл энэ нь мэдээж сонирхол татахуйц мэдээ болно. Хэрэв таван газар ийм зүйл болвол энэ нь маш чухал асуудал болж хувирна. Хэрэв 25 газар ижил төстэй үйл явдал болох юм бол энэ бол тогтолцооны гажиг мөн.

Хамгийн сайн бүтээл ихэнхдээ өдөр тутмын ажил дундаас урган гардаг… 

Эдгээр бүтээл нь редакцид сууж том асуудал ярьдаг хэн нэгэн дарга, эрхлэгчийн даалгавраар бүтдэг зүйл биш, харин сурвалжлагчийн ажил, амьдралаас гарч ирдэг юм. Үүний тулд хэрхэх ёстой вэ гэвэл, өдөр тутмын ажилдаа гаршиж мэргэшсэн сэтгүүлч мэдээ, сурвалжлага бэлтгэх явцдаа эх сурвалжаас түүнд тулгамдаад буй хамгийн том бэрхшээл, эсвэл хамгийн ихээр санаа зовж буй зүйл нь юу вэ гэдгийг асууж хэвших хэрэгтэй.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйд хандлагын өөрчлөлт маш чухал.

Бид өөрсдөдөө дараах зүйлсийг үргэлж сануулж байх хэрэгтэй: Томоор сэтгэ. Салбарын шинжтэй асуудлыг өдөр тутмын мэдээний ажлын дундуур судал. Баримт мэдээллийг олж авах боломжгүй гэж хэзээ ч бүү бод. Эх сурвалж, мэргэжилтнүүдтэй харилцаа холбоо тогтоо. Янз бүрийн үзэл бодолтой олон хүнээс ярилцлага ав. Хэрэв бид энэ бүхнийг хийж чадах юм бол сэтгүүлч болох мөрөөдлийг маань жигүүрлэх тийм бүтээлийг гаргаж чадна.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 10 алхамыг хүргэлээ.

Алхам 1, Алхам 2, Алхам 3, Алхам 4, Алхам 5,  Алхам 6 , Алхам 7 , Алхам 8 , Алхам 9 энд байгаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.