Хугараагүй ноён нуруу

hugaraagui

Хөгжлийн бэрхшээлтэй боловч хэнээс ч дутахгүй хөдөлмөрлөж, энгийн сайхан амьдарч яваа Баатарын Мөнхзул хэмээх залуугийн эгэл амьдралыг уншигч Тантай хуваалцаж байна.

Хүн тантай хаа нэг газар эгээтэй л дөрвөн хөллөх мэт тонгойн явах хэн нэгэн таарвал та бүү цэрвээрэй. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд явж, суух нь эвгүй харагдлаа ч бидний л адил амьдралынхаа төлөө зүтгэж, магадгүй зарим нь эрхтэн бүтэн биднээс ч илүүг сэтгэж, бүтээж яваа. Тэдний нэг нь Баатарын Мөнхзул. Түүнийг ойр дотныхон нь Зулаа гэж дууддаг.

Зулаа наймхан настай байхдаа нугасны гэмтэл өвчнөөр хоёр хөл дээрээ явж чадахгүй болжээ. Гэвч тэр өнөөдөр хоёр гараараа шилбэнээсээ атган хөлөө урагш нь зөөсөөр амьдралын оргил өөд алхсаар яваа. Залуу хүн болохоор байнга тэргэнцэр дээр сууж явах нь түүнд таагүй байдаг аж. Хэдийгээр бусадтай адил босоод алхаж чадахгүй ч ийнхүү хоёр гараараа хөлөө татаж алхвал биед нь амар байдаг гэнэ. Түүний “Намайг гэнэт харсан хүн цочих ч юм уу, эсвэл зарим нь энэ чинь одоо юу вэ гээд л эвэртэй туулай үзсэн юм шиг гайхдаг. Гэхдээ тэдэнд гомдоод яах вэ. Би өөрөө эрүүл саруул байгаад өөр шигээ байдалтай хүнийг харвал бас цэрвэх л байсан биз” хэмээн өгүүлэх нь гашуун боловч үнэн байлаа. Аав ээж нь хүүгээ эмчлүүлэх гэж чадлынхаа хэрээр зүтгэсэн ч аюулт өвчин дийлдсэнгүй.

Гадаадад эмчилгээ хийж болдог гэх боловч бэл бэнчин муутай хүмүүст боломж тийм амар олдохгүй. Тэр хэзээ нэгэн цагт эрүүл саруул болно гэдэгтээ найдсаар яваа. Зулаад сэтгэлээр унах нэгэн үе байжээ. Гэвч тэр өөрийгөө ялж чадсан. Тэрбээр дунд сургуулийн бяцхан жаал байхаасаа л бусдын гадуурхал, доромжлолд шаралхахдаа өөрийгөө дайчлан англи хэлийг чамгүй сурсан байна. Басхүү дэлхийн томоохон шашнуудыг бараг бүгдийг нь судалж үзсэн гэнэ. Түүнээс библийн тухай асуувал хэний хэлсэн ямар үг, хэддүгээр хуудсанд байдаг болохыг төвөггүй хэлээд өгнө. “Үндсэндээ бүх шашин нэг л үзэл санаатай байдаг юм билээ. Гагцхүү илэрхийлж буй хэлбэр нь өөр” хэмээн ярих нь түүний мэдлэг оюуны цар хүрээг харуулж байв.
Зулаа дунд сургуульд байхдаа нэлээд сахилгагүй хүүхэд байжээ. Үеийнхэнтэйгээ нийлж хип хоп дуу зохиож дуулдаг, бас ч үгүй айлын хүүхэд шоглочихоод ах, эгчид нь загнуулах энүүхэнд байсан тухай түүний дотны найз Т.Бат-Эрдэнэ ярьж байлаа.

Хорвоо түүний хөлийг зогсох чадвараар дутаасан бол гарыг нь урлах чадвараар давуу болгожээ. Хааяа зав гарахаар сийлбэр хийнэ. Ясыг янз бүрээр сийлж, тэлээний арал, тэмдэг, зүүлт, ээмэг бөгж, эрхи, гархи хийсэн байна. Зулаа зөвхөн ясыг бус үгийг ч сийлнэ. Амьдралын мөн чанарын тухайд тэр

…Ус урсана,
Урсгахгүй бол уурлана,
Хайхрахгүй бол тэр ус хатаж ширгэнэ
Хэтэрхий их хайхарвал хий болоод тэнгэрт дэгдэнэ…” гэж бичжээ.

Зулааг хатуужиж, сэтгэлийн хат суухад нөлөөлсөн нэгэн том хүч бол түүний хань үр хоёр. Хоёр жилийн өмнө эрүүл саруул охин үрээ мэндлэхэд “Эмчилгээнд явах боломжтой боллоо” гэдэг үгийг сонсохоос ч илүүтэйгээр баярлажээ. Охин нь ийнхүү аав, ээж хоёртой баяр бэлэглэж ирэхдээ зүгээр ч нэг ирсэнгүй. Аавынхаа төрсөн өдрөөр мэндэлсэн нь ховорхон тохиол.
Тэдний жижигхэн бор гэр цаанаа л нэг аз жаргалтай. Алаг үр нь ход ход инээж, ажилсаг ээж нь хоол ундаа хийгээд, авьяаслаг аав нь сийлбэрээ урлана. Ийнхүү энгийн сайхан амьдарч явахдаа энэ нийгмээсээ тэд бас тасрахгүй. Цаг үеэ айхтар эргэцүүлж, цаад наадахыг бодож амжжээ. Аав, ээж хоёр “Охиноо улстөрч болгоно оо. Одоо цагт хүний төлөө ажилладаг улстөрч алга болсон. Миний охин хүмүүсийн төлөө зүтгэх сайн хүн болох учиртай” гэцгээнэ. Хоёрхон ойтой охиноо улстөрч болгоно гэдэг үг хүмүүсийн амнаас тэр бүр гараад байдаггүй. Одоохондоо ээж, аав хоёртоо эрхлэхээс өөрийг мэдэхгүй байгаа бяцхан охин нь эх орноо хөгжүүлэх сайн улстөрч болохыг хэн байг гэх вэ. Энэ бүхэн хэн нэгэнд хэнээрхэл мэт ойлгогдож болно. Гэвч энэ тэдний л хүсэл мөрөөдөл. Магадгүй энэ нийгэм юу хүсч буйн илэрхийлэл ч байж мэднэ.

Зулаа өдгөө Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд эхнэр, охин хоёртойгоо эгэл жирийн амьдарч буй. Тэднийх гэр хорооллын захад, бараг уулын оройд байдаг болохоор тэргэнцэртэй байтугай жирийн хүн ч нэлээн зүтгэж хүрнэ. Нэг гудамны залуус таарах бүртээ түүнийг гэрт нь хүргэж өгнө. Тэрбээр ойр тойрныхонтойгоо эвсэг, элэгсэг, тусархуу байдаг болохоор тэд ч бас түүнд аль болох туслахыг хичээдэг байна.
Зулаа гачлан зовлон тоочоод гараа хумхин зүгээр суудаггүй. Эхнэр нь хотдог буюу шарсан зайдас хийж, түүнийгээ зарахаар Зулаа ургах нартай уралдан гэрээсээ гарна. Дулаан улиралд “Да хүрээ” техникийн зах, өвөлдөө “Бөмбөгөр” худалдааны төв дээр шарсан зайдсаа зарна. Сүүлийн үед өргөн хэрэглээний барааны үнэ байнга өсч байгаа нь тэдний амьдралд багагүй дараа болж буй бололтой. Гэвч Зулаа, Ариунаа хоёр байнгын худалдан авагчидтай болж чадсан учир өдрийнхөө орлогыг таслахгүй болгоод л байна. Эхнэрийх нь гараа гаргаж хийсэн хотдогт хүмүүс үнэхээр дуртай юм. Түүний ажил дээр очоод ажиглаж байхад захын наймаачид нормтой юм шиг хоёр, гурван ширхгээр нь аваад явцгаана. Харин үдээс хойш Зулаа павилоны дундуур явж мөнгөө цуглуулах л үүрэгтэй.

Зулаагаас өдөрт хэдэн төгрөг олж, хэдийг үрдгийг асуух илүүц байлаа. Ямартай ч тэр хөдөлмөр эрхэлж, хүний л ёсоор амьдарч байна. Тэрбээр өрөөлд атаархаад, өөрийгөө голоод, сэтгэлээр унаад зүгээр суугаагүй. Бас бусдын халаас руу гараа дүрж, буруу замаар будаа тээгээгүй. Түүний нуруу бөгтөр, нугас гэмтэлтэй боловч амьдралд өвдөг сөхрөөгүй. Эхнэр, хүүхдээ аваад явах эр хүний ноён нуруу нь хугараагүй. Зулаа одоо дөнгөж 27-хон настай. Ид хийж бүтээдэг нас. Түүний үеийн залуучууд эцэг эхийнхээ өврөөс гараагүй байх нь ч бий. Харин ажил хийе, амьдралаа өөд татъя гэсэн сэтгэл зүтгэл байхад ямар ч бэрхшээл ард хоцордог ажээ.
Зулаагийн гэр бүлтэй танилцаж, ярьж хөөрч байхад түүний хөдөлмөрч чанараас илүүтэйгээр нэгэн зүйл сэтгэл ихэд хөдөлгөсөн юм. Хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулт өвчний улмаас хөл дээрээ алхах хувьгүй болсон энэ залуутай амьдралын замаа холбож, амьдралынхаа төлөө хамтдаа тэмүүлж яваа эхнэрийх нь сайхан сэтгэлээс жинхэнэ аугаа хүн чанарын илэрхийлэл мэдрэгдсэн шүү.

Зулаа гэх ийм нэгэн залуугийн амьдрал зуурдын энэхэн орчлонд зул шиг бадамлан ассаар байна. Хөөрөлдөх тусам улам баялаг түүх ундрах, хөл дээрээ зогсож чадахгүй ч хүний орчлонд түүртэлгүй амьдрах түүний амьдралын зам үргэлж дардан байг ээ.

Энэ хөргийг 2008 онд ӨНӨӨДӨР сонинд нийтэлсэн.

Хариулт үлдээх

Your email address will not be published.

2 сэтгэгдэл

  • Gandorj[202.9.40.13]2016.05.24

    Zulaatai bagaasaa l niilj amidraliin olon sai muu saihan muuhaig hamt tuulj ywsan daa bi.Gegeetei shan dursamjuud olon bii dee.Bid hoyor yag ijil hugatsaand ehnertei bolj yag ijil hugatsaand anhnii vrsee ulgiidej awch bsan.Anh tom ohin ni turuhud bid hoyor turuh emnelgiin gadaa mendlehiig hvleej bsan ter oroig martahiin argagvi.Minii naiziin hamgiin az jargaltai much.Munhzul ohintoi bolloo gdgiig sonsson bid hoyor ter shunu gadaa garaad l Bi ohintoi bolloo gd l horwoo delhiig tsuuriattal hashgiraad gvij ywsan ter shunu minii sanaand yag l uchigdur met tod sanagdaj bna.Ter vdshees hoish edvgee 11-n jil uliran odjee.Bi ehnert ni ih bayarladag.Hvnii hani ijil gdg iim l bh yostoi.Minii naiz hediigeer hugjliin berhsheeltei ch gelee aztai zaluu.Ene hoyor maani hamtdaa amidraliin tuluu tsuhrult shantralgvi zvtgedeg.

  • Azzaya[103.212.117.246]2016.05.25

    Ah Egch hoyr maani mundag shu. Ta 4 too az jargal sain saihniig husey